Цар тахал, баяр наадмаар тээврийн зардалтай холбон тайлбарладаг автомашины үнэ одоог хүртэл буураагүй хэвээр байна. Бид 22-ын товчоонд байрлах “Авто худалдааны цогцолбор”-оос энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Монголын хамгийн том авто худалдааны тус төвд бүх төрлийн шинэ болон хуучин суудлын, ачааны автомашин болон тусгай зориулалтын автомашины худалдаалдаг. Автомашины төрөлжсөн цогцолбор нь нийт 6000 гаруй нэгдсэн зогсоолтой учир иргэд олноор зорьж очдог байна.
Хилийн хөл хорио суларч, импортын ачаа барааг нэвтрүүлэхэд саадгүй болсноор ачаа, тээврийн зардал 2-3 дахин буурсныг албаныхан онцолсон. Тэгвэл худалдаачид тээврийн зардал буурсан ч эргэлт удаан, автомашин авах хүнгүй учир таталт бага хийж байгаа. Тиймээс шинэ машины үнэ одоо байгаагаас буух боломжгүй гэлээ.
Мөн худалдаачид наадам хүртэл наймаа бага, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр амьдардаг талаар ярьсан юм. Авто цогцолборын хувьд зай талбайг оновчтой ашигласан, машин суудлын болон том оврын, тусгай зориулалтын гэхчлэн өөр өөр хэсэгт байршуулсан нь хүмүүст сонголт хийхэд тун ам харагдах аж.
АЧААНЫ ҮНЭ БУУРСАН Ч АМ.ДОЛЛАР ӨСЧ БАЙГАА НЬ ХУДАЛДААЧДЫН ЗОВЛОН
Худалдаачид солонгос машин оруулж ирэх нь багасч, гол төлөв япон машин оруулж ирж байгаа аж. Учир нь солонгос машин хямд ч чанар муутай тул иргэд япон машин авч унахыг хүсдэг. Он гарснаас хойш автомашины үнэ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тогтворжиж байгаа ч банк, санхүүгийн байгууллагууд зээлийн хязгаар тогтоосны улмаас худалдан авалт муудаж, шинэ автомашины таталт буурсан байна.
Тус захад гурав дахь жилдээ автомашины худалдаа эрхэлж буй ченжүүдээс мэдээлэл авахад “Банкуудын зээл олголт багасч, эдийн засаг хүндрэлтэй байгаа учир автомашины татан авалт муудсан. Худалдан авалтаас хамаарч 1-2 сард нэг удаа татан авалт хийж байна. Тээврийн гацаа арилж, ачааны үнэ буурсан гээд машин хямдарсан байх гэж олон иргэд ирж байгаагаа хэлж байгаа. Гэхдээ үнэ буурах ямар ч боломжгүй. Тээврийн зардлыг бид ам.доллараар төлдөг. Ам.долларын ханш өссөөр байхад зардал буурсан гэдэг худал. Мэдээж, 2021 онтой харьцуулахад бага байгаа нь үнэн хэдий ч шинэ машины үнэд гаалийн татвар, бусад зардал шингээд одоо байгаа дүнд л ирж байна.
Өнгөрсөн намар нэг автомашинтай чингэлгийн зардал 6500-7500 ам.доллараас огт буураагүй. Багадаа 16 сая төгрөгийг чингэлэгт өгч байлаа. Харин одоо бол энэ зардал 2-3 сая төгрөгөөр буурсан.
Цаашид ам.доллар өсвөл дагаад нэмэгдэнэ. Хүмүүс ченжүүд өндөр үнэ нэмж зардаг гэдэг. Гэхдээ бид тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, бусад төлбөрөө төлөөд, нэг автомашинаас дээд тал нь 3-5 сая төгрөгийн ашиг олдог. Энэ мөнгийг 2-3 хий зогсч байж олдог. Түүнээс өдөр бүр 1-2 машин зардаг бол өөр.
Сард дээд тал нь зургаан машин зарж байна. Уг нь зээл хэвийн олговол сардаа 10 автомашин зарах боломжтой” гэлээ.
ГААЛИАР ОРЖ ИРСЭН ОН ДООГУУР МАШИН СОНИРХОХ НЬ ИХЭССЭН
Эдийн засгийн хямрал, ам.долларын өсөлтөөс шалтгаалж автомашин гэлтгүй бүхий салбарт "бэлэн мөнгөний" эргэлт тэг зогссон гэхэд хилсдэхгүй. Инфляци, үнийн өсөлт, импортын татан авалтаас шалтгаалж асуудлууд учирч буйг ченжүүд хэлж байсан юм. Иргэдийн дунд эрэлт нь ихтэй автомашин бол бензин бага иддэг, үнэ боломжийн гэх приус 20, 30 аж. Үнийн хувьд 18-30 сая төгрөгийн хооронд зарагдаж байна. Гэхдээ сүүлийн үед он дээгүүр биш бол приус 20-ын эрэлт багасчээ
Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр автомашин авах иргэд урьдчилгаа 20-30 хувь буюу 5-8 сая төгрөг төлж, гурван жилийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Автомашины худалдааны цогцолборт бүх үйлчилгээ нэг дор төдийгүй олон банк бус санхүүгийн байгууллага бий аж.
Мэдээж, хэрэгцээ их байгаа учир эрэлтийг дагаад хэрэглэгчдэд шаардлагатай үйлчилгээ байх нь зүйн хэрэг. Хэдийгээр банк бус санхүүгийн байгууллагынхан олон ч тодорхой хэмжээнд л зээл гаргаж байна. Гэхдээ тэд улирлын чанартай ажил хийдэг хүмүүст зээл олгохоо өнгөрсөн жилээс хязгаарласан талаар хэлж байлаа. Тухайлбал, барилгын салбарт ажилладаг хүнд банк бус санхүүгийн байгууллага орлого нотлохгүй зээл олгохдоо хязгаартай хандаж байгаа гэв.
Шалгуур үзүүлэлт хангаж, худалдагч, худалдан авагч хоорондоо тохиролцсон ч эдийн засаг хүнд байгаа энэ үед зээлийг урьдынх шиг гаргах нь эрсдэлтэй болохыг зарим ББСБ-ынхан хэлсэн юм.
Тиймээс урьдчилгаа 20-30 хувийн төлөлт хийж, 24-36 сарын хугацаатайгаар автомашин авах иргэд улирлын чанартай ажил хийдэг тохиолдолд зээл олгохгүй байгаа аж. Ченжүүдийг амьжиргаагаа залгуулахад тусалж байсан гол нэгж ийнхүү хязгаарлалт тогтоосон нь зах зээлийг хумьж буйг ч худалдаачид хэлж байв. Учир нь автомашин сонирхож байгаа иргэд давхар цалин, орон сууцны зээлтэй байгаа учраас ББСБ-аас автомашины өндөр хүүтэй зээл авах нь бий. Төлөлт болоод хугацааны хувьд харьцангуй дажгүй учраас хүмүүс сонгодог байна. Гэвч арилжааны банкаас зээл авах боломжгүй иргэдэд энэ боломж мөн хаалттай болжээ.
БОРЛУУЛАЛТ МУУ УЧИР ҮНЭ БУУХ БОЛОМЖГҮЙ
Автомашины хамгийн том эргэлтийн цикл тус цогцолборт бүтэн өдөржин зогссон ч машин сонирхох хүн ирэхгүй тохиолдол олон гарч байгаа аж. Тавдугаар сараас худалдан авалт тодорхой хэмжээнд өсч, зуны дэлгэр цаг дөхөхөөр худалдан авагч ихэснэ гэдгийг ченжүүд хэлж байлаа. Мөн сүүлийн үед хүмүүс хэт өндөр үнтэй орж ирсэн машин гэхээс илүүтэй он дээгүүр, хэрэглээний сэв багатай, шинэвтэр машин авахыг чухалчилдаг болсон байна. Тиймээс ченжүүд дамлаж зарах, хуучин машинд багахан засвар хийж байгаад 2-3 төгрөг нэмээд зарах нь ашигтай ч хэлсэн. Ямартай ч шинэ автомашины үнэ буурахгүй байгаа нь борлуулалттай холбоотой аж. Тиймээс наадам хүртэл машины үнэ буурахгүй. Ам.доллар өсвөл түүнийг дагаад өсч магадгүй болохыг худалдаачид онцоллоо.
Холбоотой мэдээ