Монгол бөхчүүд хилийн чанадад гайхагдсаар байна.
Мэргэжлийн сүмогийн Харү башёгийн 15 дахь буюу сүүлийн өдрийн барилдаанууд өчигдөр/2023.03.25/ Осака хотноо боллоо. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон ёкозүна цолонд ойрхон озэки Такакэйшо нар барилдаагүй учир бусад бөхчүүдэд түрүүлэх сайхан боломж гарсан. Энэ боломжийг Дорнод аймгаас гаралтай сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн ашиглаж, дээд зиндааны анхны түрүүгээ хүртэв.
Өдгөө 26 настай тэрбээр өчигдөр сүүлийн барилдаанаа комүсүби Дайэйшотой хийсэн. Хэрэв Дайэйшо энэхүү барилдаанд дийлсэн бол тэрбээр аварга болох байлаа. Харин Кирибаяама давбал нэмэлт барилдаан гарах байсан юм. Улмаар эхний барилдаанд Кирибаяама ялж, нэмэлт барилдаан гарахад тэрбээр дахин илүүрхэж, монгол түмнээ баярлууллаа.
Бусад монгол бөхчүүдийн тухайд сэкивэкэ Хошорюү С.Бямбасүрэн урамтай сайхан барилдаж, арван даваа, таван унаатай башёг өндөрлүүлжээ. Харин дээд зиндаанд гарч ирээд удаагүй байгаа Хокүсэйхо Э.Даваанинж, Миторюү Б.Төрболд качикоши хийн, найм давсан аж. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан качикоши хийсэн бол ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа авч, хангалтгүй барилджээ.
Түрүүлсэн Кирибаяама Б.Лхагвасүрэн ярихдаа “Анх сүмод хөл тавихдаа юу болохыг нь мэдэхгүй, ойлголтгүй байлаа. Харин одоо, найман жилийн дараа энэ хүртэл иржээ” гэжээ.
Тэгвэл Гүрж улсад болж өнгөрсөн Тбилисийн Их дуулгад Монголын баг тамирчид өрсөлдөн нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр гуравдугаарт бичигдэв. Нийт 16 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Наранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү мөнгө, -73 кг-д Б.Эрдэнэбаяр алт, -100 кг-д Б.Гончигсүрэн мөнгөн медаль тус тус хүртлээ.
Эдгээр тамирчдаас Б.Эрдэнэбаярыг онцлох нь зүйтэй. Улсын аварга болсон тэрбээр Их дуулгын анхны медалиа хүртсэн нь энэ бөгөөд ердөө 23 настай. Алтан медаль хүртэх замдаа Гүржийн алдарт бөх, олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Лаша Шавдатуашвилиг ялсан нь шуугиан тарьсан.
Гүрж улсад дан ганц Монголын жүдогийн шигшээ баг очоогүй. Тэдэнтэй хамт хөлбөмбөгийн шигшээ баг очиж, талбайн эзэдтэй нөхөрсөг тоглолт хийсэн. Тоглолт хэдий 6-1 гэсэн харьцаатай Гүржийн илт давуугаар өндөрлөсөн ч тооны харьцаа 1-0 байхад Б.Балжинням тэнцээний гоолыг оруулж, гүржүүдийг сандаргаад зогсохгүй элэг нэгтнүүдээ баярлуулсан.
Холбоотой мэдээ