Парламентын дархлаа ба МАН-ын "зодоон"

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Парламентын дархлаа ба МАН-ын "зодоон"

Парламентын дархлаа ба МАН-ын "зодоон"

2020-2024 оны УИХ хамгийн олон гишүүдийнх нь бүрэн эрхийн асуудал хөндөгдөж буй парламент болж улс төрийн түүхэнд муу жишиг болж байна.  Өнгөрсөн онд дөрвөн ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос оруулсан ч УИХ тэднийгээ авч үлдсэн.  Өнгөрсөн долоо хоногт өөр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д УЕП-оос оруулж ирсэн. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг нь өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар дэмжсэн билээ. Асуудлыг нь хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн биеэр байгаагүй агаад БНСУ-д ээжийгээ асарч байгаа гэх "шалтаг" тоочжээ.  Яг үүнтэй зэрэгцэн Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт өгснөөр хар туулай жилийн хаврын улс төр гал, дөлтэй өрнөж байна. Өөрөөр хэлбэл, нэг талдаа парламетын ёс зүй, нөгөө талдаа  парламентын дархлааны асуудал хөндөгдөх болов.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг нүүрсний хулгайтай холбоотой хэрэг хянан шалгах ажиллагаанд саад учруулсан учраас ийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг хуулийн байгууллагаас  шахаж, шаардаж байгаа юм. Харин бүрэн эрх хөндөгдөж буй гишүүдийн хувьд өөрсдийгөө гэм буруугүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлж буй. Хэрэв дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм бол энэ парламент хамгийн олон “шүд сугалуулсан” парламент болно. Харин эсрэгээрээ тэднийг хамгаалаад үлдвэл эрх баригч МАН олон нийтэд муухай харагдана. Энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудлын нэг бол танхимынхаа гурван гишүүнийг явуулах уу эсвэл хамгаалаад үлдэх үү гэдэг хайчин дунд парламент байна.

Хуулийн байгууллагаас анх УИХ-ын 10 гаруй гишүүнийг нүүрсний хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн зарласан байдаг. Гэвч энэ үйл явц зөвхөн хуулийн байгууллагын хүрээнд явсаар эцэстээ, хэрэг хянан шалгах ажиллагаанд саад учруулсан хэмээн дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллага яаж, хэрхэн шалгахаас цаашид энэ нэрс олон болохыг ч үгүйсгэхгүй гэсэн үг. Том зургаар нь харвал нүүрсний хулгайд холбогдож, нэр нь зарлагдсан хүмүүсийн хувьд 2024 оны улс төр угтсан оноо авах ажиллагаанаас гадна тойрог суллах ажиллагааны нэг хэсэг ч болж буй. Хэн эрх мэдэлтэй байх, хэний фракц илүү байх гэсэн улс төрийн далд “дайн”-ы өмнөтгөл ч гэж учир мэдэх хүмүүс хэлж буй. Мэдээж гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэвч улс төрийн “шүд сугалах” ажиллагаа бас тойрог суллах зарчмаар нүүрсний хулгайтайгаа тэмцэж байгаа бол парламент энэ удаад дархлаагаа хадгалж, гишүүдээ авч үлдэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд өрнөж эхэлжээ. УИХ-ын гишүүдийн нэр хүнд хэдий чинээ унаж, хариуцлагагүй байна төдий чинээ парламентын нэр хүнд унаж, дархлаа суларна гэдгийг ч улс төрийн хүрээнд ярьж буй. Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд намынхаа хоёр гишүүнийг Ардчилсан намын нэг гишүүнтэй хамтатган “явуулах” хүсэлтэй байгаа. Харин парламентын гишүүдийн хувьд улс төрийн “шүд сугалах” ажиллагаанд нэгдэх үү эсвэл хамгаалаад гарах уу гэдэг асуултан дунд энэ долоо хоногийн улс төр өрнөх нь ээ.

3 ГИШҮҮНЭЭ ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ Ц.МӨНХ-ОРГИЛ ДАРГАТАЙ ДЭД ХОРОО “ШИЙДНЭ”

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт Ерөнхий прокурор ирүүлсэн учраас парламент долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Хуулийн дагуу ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, шийдвэрлэх зохицуулалттай бөгөөд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, чуулганы хуралдаанд оруулдаг. Мөн саналыг нууцаар хураадаг. Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг томилсон бөгөөд тус хороонд УИХ-ын хамгийн ахмад гишүүдээс бүрдсэн байдаг.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ: 9 ДҮГЭЭР ЗҮЙЛ

  • 9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
  • 9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
  • 9.2.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.
  • 9.3.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 9.4.Улсын Их Хурал чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
  • 9.6.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.
  • 9.7.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
  • 9.8.Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

Өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг  УИХ оонхоороо хамгаалаад үлдсэн. Харин одоо нэг нь өөрийн хүсэлтээр үлдсэн гурав нь прокурорын хүсэлтээр чөлөөлөгдөх эсэх нь шийдэгдэх гэж байна. Үндсэндээ энэ парламент хамгийн олон удаа гишүүдээ түдгэлзүүлэх хүсэлт авч, түүхэнд үлдэх нь. Угтаа бол гэм буруутай бол түдгэлзүүлэхгүйгээр шалгаж, шүүхэд шилжүүлэн хэргийг нь шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нээлттэй бий. УИХ-ын гишүүний бүрэн эрх бол парламентын засаглалын дархлаа гэж хэлж болно. Гишүүдийн нэр хүндийг унагаж, дуулиан болгож ард түмнийг төлөөлөх эрхэд халдсан үйлдэл болж, парламентын дархлаа сулрах вий гэдгийг ч зарим УИХ-ын гишүүд хэлдэг.  Гэм буруутныг өмөөрөх гэсэнгүй, хуулийн байгууллага нь шалгаж тогтооно. Харин нэг нам доторх "эрх мэдлийн" төлөөх "зодоон" ардчиллын, парламентын дархлаанд нөлөөлөх вий гэдэг болгоомжлол ч бийг сануулая. Тэгэхээр Г.Занданшатар даргатай энэ парламент "хулгайчд"-ыг “хамгаалаад” дархлаагаа аваад үлдэх үү эсвэл улс төрийн зориг гаргаж, явуулах уу гэдгийг энэ долоо хоногт харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж