Зуны цагийн хуваариас болж хөл толгойгоо олохгүй болов

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Зуны цагийн хуваариас болж хөл толгойгоо олохгүй болов

Зуны цагийн хуваариас болж хөл толгойгоо олохгүй болов

Монгол Улсын Засгийн газраас зуны цагийн хуваарьт шилжиж, өдрийн гэрэлтэй үеийг үр ашигтай ашиглах талаар хэлэлцэж байгаа. Монгол Улс 2017 оноос өмнө жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Бямба гаригийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм. Харин цагийн тооллыг урагшлуулж, хойшлуулах нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын хэв маягт сөрөг нөлөөлөхөөс гадна олон улсад мөрдөгдөж байгаа нислэгийн болон төмөр замын хуваарьт өөрчлөлт оруулдаг гэсэн үндэслэлээр 2017 оноос зогсоох шийдвэрийг гаргаж байв. Тэгвэл цаг урагшлуулах гэнэтийн шийдвэр нь олон хүний ажил амьдралд үл ойлгогдох нөхцөл байдал үүсгэж болохыг Ливан улсын жишээнээс харж болохоор байна.

Ливаны засгийн газар зуны цагийн хуваарьт шилжихийг исламын шашинтнуудын ариун Рамадан сар дуустал нэг сараар хойшлуулах шийдвэрийг өчигдөр гэнэт гаргасан нь олон нийтийн төөрөгдөл үүсгэв. Зарим институциуд өөрчлөлтийг хэрэгжүүлсэн бол бусад нь татгалзсан тул Ливаны олон хүмүүс өөр өөр цагийн бүсэд ажиллаж, амьдарч эхлэв. Тус улс нь  хамгийн өргөн цэгтээ ердөө 88 километр  байдаг. Гэтэл гэнэт цаг урагшлуулснаас  болж жижиг улс цагийн хоёр бүсэд хуваагдан олон хүнд чирэгдэл учирчээ.

Сүүлдээ бүр цагийн хуваарийн мэтгэлцээн шашны шинж чанартай болж, Христийн шашны олон улс төрч, байгууллагууд, тэр дундаа жижиг улсын хамгийн том сүм болох Маронитын сүм засгийн газрын энэ шийдвэрийг эрс буруутгав.

Газар дундын тэнгисийн энэ жижиг улс гуравдугаар сарын сүүлийн Ням гаригт цагаа нэг цагаар урагшлуулдаг бөгөөд энэ нь Европын ихэнх орнуудтай тохирдог.

Гэтэл  Ливаны засгийн газар Пүрэв гаригт зуны цагийн хуваарьт шилжихийг  дөрөвдүгээр сарын 21 хүртэл хойшлуулах шийдвэр гаргаснаа зарласан. Гэнэтийн ийм шийдвэр гаргах болсон шалтгааныг дурдаагүй ч орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэг дээр исламын шашинтнуудад Рамадан мацаг барилтаа нэг цагийн өмнө дуусгах боломжийг олгохын тулд зуны цагийн хуваарьт шилжихийг хойшлуулах санаачилгын тухай эх сурвалж ярьжээ. Зуны цагт шилжихийг хойшлуулах тухай зарласны дараа Ливаны улсын агаарын тээврийн компани “Middle East Airlines”  компани Бейрутын нисэх онгоцны буудлаас Ням гаригаас дөрөвдүгээр сарын 21-ний хооронд хөөрөх бүх нислэгийн нислэгийн цагийг нэг цагаар ахиулна гэж мэдэгдэв. Тус улсын үүрэн телефоны 2G сүлжээ операторос  хүмүүс рүү цагийг шөнө дунд өөрчлөхгүйн тулд автоматаар биш гар горимд шилжүүлэхийг хүссэн мессеж илгээсэн байна.

Төрийн байгууллагууд онолын хувьд засгийн газрын шийдвэрийг дагаж мөрддөг ч телевизүүд, сургууль, аж ахуйн нэгжүүд зэрэг олон хувийн байгууллагууд шийдвэрийг үл тоомсорлож, өмнө нь төлөвлөсний дагуу Ням гаригт зуны улиралд шилжихээ мэдэгдэв.

Бейрутийн Америкийн их сургуулийн профессор Соха Язбек  өөрсдөө болон хүүхдүүд нь өөр өөр цагийн хуваарьтай болсонд бухимдаж буй олон эцэг эхчүүдийн нэг. Тэрбээр “Одоо би хүүхдүүдээ өглөөний 08:00 цагт сургууль руу нь хүргэж өгөөд 42 км-ийн цаанаас 7:30 цагт ажилдаа ирчихээд орой 17:00 цагт ажлаасаа гараад гэртээ оройн 19:00 цагт ирнэ" гэж аргагүй байдалд орсноо тайлбарлан твиттер хуудсандаа бичжээ. Мөн Ливан бус найзуудынхаа тусын тулд "Би галзуураагүй, би зүгээр л гайхамшгийн оронд амьдарч байна" гэж хошигносон байна.

Бейрут хотод амьдардаг Японы төрийн бус байгууллагын ажилтан Харука Найто Даваа гаригийн өглөө нэгэн зэрэг хоёр газарт байх ёстойгоо олж мэдээд яах учраа олохоо болив.

"Би өглөөний 08:00 цагийн уулзалт, 09:00 цагийн хичээлтэй байсан. Гэтэл  энэ одоо нэгэн зэрэг болно" гэж тэр хэлэв. Түүний оршин суух бичиг баримтын ажлын 08:00 цагт албан ёсны цагийн дагуу төрийн байгууллагад ирдэг бол  өглөөний 09:00 цагт эхэлдэг түүний араб хэлний хичээл нь зуны цагийн хуваарьт шилжих төлөвтэй байна. Энэхүү хуваагдал нь "Исламын шашинтнуудын цаг", "Христийн шашны цаг" гэсэн хошигнол гарахад хүргэсэн бол өчигдөр өглөө өөр өөр интернет хайлтын системүүд Ливанд одоогийн цагийг хайхад өөр өөр үр дүнгүүдийг харуулжээ. Ихэнх тохиолдолд иргэд шашин шүтлэгийн дагуу хуваагдсан ч зарим мусульманчууд  энэ өөрчлөлтийг эсэргүүцэж, мацаг барих нь цагийн бүсээс үл хамааран үүрээр эхэлж, нар жаргах үед дуусах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

Олон хүмүүс энэ асуудлыг улс орны эдийн засаг, улс төрийн томоохон асуудлаас сатааруулж байна гэж харджээ.

Ливан орчин үеийн түүхэндээ хамгийн хүнд санхүүгийн хямралыг туулж байгаа. Хүн амын дөрөвний гурав нь ядуу амьдарч байгаа бөгөөд ОУВС-гийн ажилтнууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол улс орныг хэт инфляци руу чиглүүлнэ гэж саяхан анхааруулсан. Дээр нь  Ливан Ерөнхийлөгч Мишель Ауны бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр дууссанаас хойш парламент түүнийг орлох хүнийг сонгож чадаагүйгээс хойш Ерөнхийлөгчгүй болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж