ТОЙМ: Ж.Мөнхбатаас “салж”, Т.Аюурсайханыг сайдаас буулгасан 7 хоног

Хуучирсан мэдээ: 2023.03.26-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Ж.Мөнхбатаас “салж”, Т.Аюурсайханыг сайдаас буулгасан 7 хоног

ТОЙМ: Ж.Мөнхбатаас “салж”, Т.Аюурсайханыг сайдаас буулгасан 7 хоног

News агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Өнгөрсөн долоо долоо хоногт өрнөсөн, олны анхаарал татсан асуудал бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг бүрэн эрхээс нь, Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлсөн явдал байлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Даваа гаригийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны нэгдүгээр сарын 30-нд гаргасан.

Тэрбээр өргөдөлдөө ээжийгээ гадаад улсад эмчлүүлэх шаардлага үүссэн тул бүрэн эрхээсээ татгалзаж байгаагаа илэрхийлж, ямар нэгэн байдлаар буруутай мэтээр нийгэмд яригдаж буй асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлнээ дурджээ.

Байнгын хорооны гишүүд түүнээс элдэв зүйл асууж, хэл амыг нь “сугалсангүй”. Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэсэн асуулгаар санал хураалт явуулж, олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдэхээр тогтсон.

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар түүний хүсэлтийг хэлэлцэв. Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь Ж.Мөнхбатыг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжсэн юм.

Дараагийн анхаарал татсан асуудал нь "нүүрсний хэрэг"-т нэр холбогдсон Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн явдал байв. Тодруулбал, УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөлснийг танилцуулсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Би өөрийн хүсэлтээр сайдын албанаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт надад даалгасан ажил бол хууль, эрх зүйн шинэчлэл. Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл 4-5 Засгийн газар дамжсан. Би сайдаар ажиллах хугацаандаа олон ажил, асуудлыг шийдэх тэмүүлэлтэйгээр ажилласан. Өнгөрсөн гурван сарын хугацаанд миний эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралт маш их явсан. Олон нийтийн мэдээлэлд үндэслээд, прокурор миний эсрэг хэрэг үүсгээд буй.

“Нүүрсний хулгай” гэдэг хэрэгт би ямар ч холбогдолгүй. Ийм хэрэгт намайг холбогдуулж байгааг би ямар ч баримт нотолгоогүй гэж үзэж байна. Энэ бол зохиомол хэрэг. Тиймээс шат шатанд гомдлоо гаргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж хэрэгжүүлэхээр эхлүүлсэн олон ажлыг дэмжиж байсанд та бүхэндээ талархал илэрхийлье" гэсэн юм.


Д.АМАРБАЯСГАЛАН: ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛӨӨЛНӨ

Засгийн  газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газраас ойрын үед хийхээр төлөвлөж буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ "Засгийн газраас энэ жилийг Авлигатай тэмцэх жил болгосон. Энэ хүрээнд Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулиудыг нэн яаралтай горимоор хэлэлцэж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны үеэр илэрхийлэхэд, гишүүд дэмжихээ мэдэгдсэн.

Таван "Ш" ажиллагааны нэг зорилт болох “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албаны хуулиудыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг ирэх сарын 6-ны дотор чөлөөлж, 10-ны дотор хэрхэн яаж чөлөөлсөн тухайгаа ЗГХЭГ-т мэдэгдэхийг үүрэг болголоо.

АТГ-ын оны эцсийн тайлангаас үзэхэд, зохих хуулиудыг зөрчиж томилсон 800 хүн байна гэсэн мэдээлэл гарсан. Тэрхүү мэдээллийг үндэслэж, уг үүрэг даалгаврыг өгөөд байна.

Хоёрдугаарт, авлигын улмаас хураагдсан хөрөнгө, мөнгийг цаашдаа тулгамдсан салбарт хөрөнгө оруулалт болгож оруулдаг байх зохицуулалт хийдэг байхыг иргэд шаардаж буй. Өнөөгийн зохицуулалтаар хураагдсан мөнгө Төрийн санд орж, хөрөнгө нь төрийн бүртгэлд бүртгэгддэг. Тухайн мөнгө Төрийн санд орсон тохиолдолд шууд авч хэрэглэх боломж байдаггүй. Иймд эрүүл мэнд, боловсролын салбарт шилжүүлэн авдаг байх зохицуулалтыг хуульд тусгана.

Гуравдугаарт, "Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд буй. Энэхүү ажилд цаг хугацаа орохоор байна. Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ашигт малтмалаас орж буй орлогыг Монголын нийт иргэдийн нийгмийн хангамжийг сайжруулах, хуримтлалын сан үүсгэх бололцоо бүрдэнэ.

Дөрөвдүгээрт, Аялал жуулчлалын тухай хуулийг батлах шаардлага үүсээд байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 20 мянган жуулчин ирсэн гэсэн дүн мэдээ нэгтгэгдсэн нь өмнөхөөсөө 2-3 дахин өссөн үзүүлэлт юм. Ойрын үед гэхэд БНСУ руу өдөрт 10 онгоц хоёр талдаа нисдэг болно. Ингэснээр 1 сая жуулчин хүлээж авах бололцоотой" гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит хуралдааны дараа мэдээлэл өгөхдөө , “Шувуу” ажиллагааны хүрээнд дотоодоос гаднын улс руу оргон зайлсан иргэдийн дотоод дахь шилжүүлэг, төлбөр тооцоо хийж буй дансыг царцаах үүрэг чиглэл өгсөн.

Одоогийн байдлаар АТГ-д шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан 18 хүн байна.

Нийт 100 гаруй хүнийг хайн Монголдоо авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулна. Өмнө нь тэдгээр иргэдийн гадаад паспортыг хүчингүй болгох ажил үргэлжлүүлж байна.

Дөрөвдүгээр сард багтаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулж буй гол зарчмын өөрчлөлт бол эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлэх явдал юм" гэсэн билээ.


ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН ӨМЧИТ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА

Засгийн газар “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Төсөл санаачлагч хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Энэхүү төрийн өмчит корпораци Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлнэ гэж тооцжээ.


“ЦЭНХЭР АЛТ” ЧУУЛГАН БОЛЖ, УСНЫ НӨӨЦӨӨ ХАМГААЛАХЫГ УРИАЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг зохион байгуулав.

1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж, дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн. НҮБ-ын тайланд дурдсанаар, дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хоёр тэрбум буюу дөрвөн хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байгаа мэдээлэл бий.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсын нэг юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсээр буйг олон судалгааны дүнгээс харж болно.

Ирээдүй хойч үедээ хүрэлцээтэй, чанарын шаардлага хангасан цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд бүх нийтээрээ гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал, зуршлыг бий болгох нь урьд урьдынхаас илүү онцгой чухал” гэж цохон тэмдэглэсэн юм.

Мөн тэрбээр “Бид “Ус-Чандмань эрдэнэ” хэмээн шүтэж, гол мөрөн, горхи, булгийнхаа эхийг хамгаалж, усны нөөцөө хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай. Иймээс 2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалж байна.

Усны салбарын бодлого, зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олон, Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэж байна. Сайхан эх орныхоо байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, улмаар үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх, усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж