Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын хагас шигшээ шатны тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна. Өнөөдөр/2023.03.25/ Эрдэнэтийн Уурхайчид болон Хасын Хүлэгүүд багуудын цувралын дөрөв дэх тоглолт болов. Хоёр багийн тухайд өнгөрсөн жил финалд учраа таарахад Хүлэгүүд цувралд 4-0 гэсэн харьцаатай хожиж, долоо дахь түрүүгээ хүртэж байв.
Тэгвэл энэ жил тэс өөр дүр зураг харагдлаа. Уурхайчид өнөөдөр 80-75 гэсэн харьцаатайгаар хожиж, цувралд аваргуудыг 4-0 гэсэн харьцаатайгаар “шүүрдэж”, өнгөрсөн жилийн хариугаа авчээ. Зуныг зүгээр өнгөрүүлээгүй Уурхайчид финалд шалгарч, өмнөх амжилтаа ахиулахад тун ойртож ирэв.
Өнөөдрийн тоглолтод Уурхайчидаас О.Энхбаатар шийтгэлийн улмаас тоглолтод оролцоогүй бол Хүлэгүүдээс О.Сэргэлэн, Г.Насанжаргал зэрэг тамирчид бэртлийн улмаас оролцсонгүй. Тоглолтын төгсгөлд Б.Билгүүн цаг дуусахтай зэрэгцэн тооны харьцааг тэнцүүлсэн шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн. Гэтэл шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцсэн Уурхайчид тоглолтыг орхин явж, хүлээлгийн 15 минут явж эхэлсэн юм. Учир нь, тоглолтын төгсгөлд самбараас бөмбөг авах үед Пендарвис Уиллиамсын гарыг Т.Мэндбаяр цохьсон ч шүүгчид алдаа үлээгээгүй аж. Улмаар Уурхайчид тоглолтод эргэн ирж, Хүлэгүүдийг нэмэлт цагт буулган авчээ.
Энэ улирлын туршид Уурхайчид онцгой, Хүлэгүүд орон гаран байсан гэхэд хилсдэхгүй. Аваргуудын тухайд улирлыг тааруу эхлүүлж, дунд үеэс учраа олон төгсгөлийг сайн хийсэн. Өнгөрсөн намар А.Ананд аваргуудад нэгдэхэд сагсан бөмбөг сонирхогчид Хүлэгүүдийг дахин түрүүлэхэд гайхах зүйлгүй боллоо гэж байв. Харамсалтай нь, хагас шигшээ хүрлээ. Мэдээж О.Сэргэлэнгийн бэртэл энэ цувралд нөлөө үзүүлсэн нь лавтай. Гэхдээ л илүү бүрэлдэхүүнтэй, илүү легионертой, арга барилтай нь Уурхайчид байлаа.
Василис Фрагкиас дасгалжуулагчийг магтах хэрэгтэй. Түүнийг Монголын сагсан бөмбөгт шинэ салхи оруулсан гэж учир мэдэх хүмүүс нь ярьж байна. Өнгөрсөн зун багаа дагуулан Европыг зорьж, хувь тоглогч бус багийн систем дээр тулгуурласан Уурхайчидыг бий болгожээ. Үүнийг нь энэ улирлын лигийн тэргүүн тоглогч Т.Санчирыг сэлгээнд суулгаж байгаагаас нь харж болно. Сэлгээнээс хэн ч боссон талбай дээр гараад хийх ажил, үүрэг нь тодорхой багийг харлаа. Эгзэгтэй мөчид Г.Баттөр, Т.Санчир, Э.Дорж-Арилд бус туршлага нимгэн Э.Мөнхбаярыг гараанд гаргахыг нь харахад л Грек дасгалжуулагч тамирчдаа сайн судалжээ.
Эсрэг талд Хүлэгүүдийн сэлгээ тун нимгэн байлаа гэж ажиглагдав. Зун А.Анандыг нэгтгэсэн ч зөрүүлээд Э.Мөнхбаяр, Т.Цогбадрах нарыг алдсан нь алдаа болсон юм шиг. Сэлгээнээс тоглолтыг эргүүлж, үлэмж нөлөө үзүүлчих тоглогч хомс байлаа. Магадгүй ирэх жил сэлгээний бүрэлдэхүүндээ салхи оруулж, ахмад тоглогчдынхоо тоог багасгах биз.
Эцэст нь аварга болох амаргүй, аваргаа хамгаалах бүр хэцүү болохыг та бид харлаа. Уурхайчид ч плей-оффд 8-0 гэсэн амжилттай явна. Нөгөө талд Завхан "Brothers", Тэнүүн Өлзий Металл багууд финалын төлөө өрсөлдөж буй. Маргааш хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт болж, лиг дөрөвдүгээр сарын 5-н хүртэл завсарлана. Улиралд Уурхайчидыг хазайлгах баг цөөн байсан. Харин финалд хэрхэх вэ?
Холбоотой мэдээ