Өвөлжилтийн бэлтгэлийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэлийг танилцууллаа

Хотын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарал хандуулж захирамж гаргасан билээ. Үүний дагуу шугам сүлжээний их, урсгал засвар, замын засвар шинэчлэлийн ажлуудыг уялдуулан нэгдсэн графикийн дагуу ажиллуулж байна.  Наймдугаар сарын 20-ны байдлаар  нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80,2 хувьтай байна гэсэн мэдээллийг ерөнхий менежер Ч.Бат Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцууллаа.  Үүнээс төвлөрсөн дулаан хангамжийн засварын ажил 80 хувьтай байгаа гэв.

Одоогийн байдлаар найман хэсэгт төв магистраль шугамын засварын ажил дуусч, 73 гэмтлийг засварлан шугмуудыг ажиллагаанд залгаад байна.  Энэ жил нийт 2500 орчим хэрэглэгчтэй  дулааны эрчим хүч борлуулах гэрээ хийхээс одоогийн байдлаар 250 гаруй  хэрэглэгчтэй  гэрээ хийх үлджээ. Цахилгаан хангамжийн тухайд  засварын ажил графикийн дагуу 83,8 хувьтай явагдаж байгаа тухай УБЦТС ХК мэдээ ирүүлсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэг чухал хэсэг болох хотын усан хангамж, ариутгах татуургын хүрээнд 236 ажил хийхээр  төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 200 ажил нь бүрэн дуусчээ. Батлагдсан хуваарийн дагуу бохир усны 148,0 км шугмын  хаврын угаалгын ажлыг хийж дуусгасан бол намрын угаалгыг 9 дүгээр сарын 15 наас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа гэж байна. Нийтийн аж ахуй сайжруулах төсөл-2 ийн хүрээнд Баянхошууны хойд хэсэг болон Дарь-Эх, Дамбадаржаагийн гэр хорооллын усан хангамжийн системийн туршлага тохируулгын ажил хийгдэж  буй юм байна.

Хотын ерөнхий менежерийн өгсөн мэдээллээр Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний завсарын ажлын гүйцэтгэл 85,8 хувь,  халаалтын зуухнуудын тухайд  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 100 орчим халаалтын зуухнуудын завсар 75,0 хувьтай гэж танилцууллаа. Нийслэлийн удирдах ажилтны өмнөх  шуурхай хурал дээр дулааны цахилгааны  станцууд долоо хоногийн нүүрсний нөөцтэй байсан жишиг энэ удаад ч хэвээрээ байгаа юм байна.  Станцууд уг нь 21 хоногийн нөөцтэй  байх ёстой байтал гаднаа ердөө долоо хоногийн нөөцтэй байгаа талаар засаг даргын зөвлөлийн хурал дээр мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж