Сурвалжлага: Хоккейн шигшээ багийнхан тэмцээнээ ялалтаар эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хоккейн шигшээ багийнхан тэмцээнээ ялалтаар эхлүүлэв

Сурвалжлага: Хоккейн шигшээ багийнхан тэмцээнээ ялалтаар эхлүүлэв

Сүүлийн өдрүүдэд талын Монголд мөсний баяр тохиож, тив дэлхийн шилдгүүд цуглаад байна. Хоккейн спорт Монголд хөгжөөд даруй 60 жил өнгөрсөн ч өдгөө л битүү дээвэртэй, орчин үеийн ордонтой болж, олон улсын тэмцээн хүлээн авах нөхцөл бүрджээ. Саяхан 18 хүртэлх насны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авсан Степпе арена энэ удаад хоккейн дөрөвдүгээр дивизоны ДАШТ-ийг хүлээн авч байна.

Өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн 18 хүртэлх насны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын хөвгүүд урамтай сайхан тоглолтыг үзүүлж, хүрэл медалийн эзэд болсон  бол энэ удаад ах нар нь медалийн өнгийг нь шаргалтуулж, түрүүлэх зорилго тавиад буй. Үүнийгээ ч нотлох шиг өчигдөр/2023.03.23/ Кувейтийн багийг 8-0 гэсэн харьцаатай буулган авч, тэмцээнээ ялалтаар эхлүүллээ. Мөсөн дээрх монгол дайчдын дараагийн тоглолт маргааш Филиппиний эсрэг тохиож байгаа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезийн эсрэг хийнэ.

Мөсөн өргөө гэдгээрээ алдартай Степпе аренагийн гадна талбай, зогсоолоосоо эхлээд тэмцээний баннер, туг, хаалтууд байршуулж, үнэхээр өндөр ач холбогдож өгч байгаа нь харагдана. Арена руу ороход тэмцээнд оролцох улсуудын далбаа өлгөгдөж, мөсөн талбай дээр ивээн тэтгэгчдийн, тэмцээний лого “мөнхөрчээ”. Монголчууд ч шигшээ багаа олуулаа дэмжиж, талбайн давуу тал гэдгийг утгаар нь мэдрүүлэх шиг. Степпе аренагийн мэдээлж буйгаар өчигдрийн тоглолтыг ойролцоогоор гурван мянган хүн үзжээ.

Эх орондоо олон улсын тэмцээн зохион байгуулах эрхийг авч чадсан хоккейн холбооны төлөөлөл болох Монголын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяртай уулзаж, зарим зүйлсийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Монголд дэлхийн жишгийн стандарт хангасан мөсөн өргөөнд олон улсын тэмцээнд хүрэлцэн ирж, тэмцээнд оролцож байгаа нь онцлог. Шигшээ багийн тамирчид гал гарсан тоглолтыг үзүүлж, дэмжигчид дэргэдээс нь үзэж байна. Анх удаагаа дэлхийн стандарт хангасан талбайд олон улсын тэмцээн хүлээн авч байгаа. Монголчуудын хүсэн хүлээсэн ордон хоёр жилийн өмнө баригдсан. Үүнд хоккейн холбооны тэмцээн уралдаан болдог. Энэ сайхан ордонд Монголын шигшээ олон улсын багуудыг хүлээн авч тоглоно гэдэг гайхамшиг. Уншигч, үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжээрэй гэж хүсч байна. Азийн аваргын тоглолтоо дэлгэцний араас бус дэргэдээс нь үзээрэй” гэлээ.

Шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгохдоо дасгалжуулагч нарын саналаар тамирчдын ёс зүй, сахилга бат, бэлтгэлжилт, тэмцээнд үзүүлсэн амжилт, тоглолтыг харгалзан 20 тамирчин сонгожээ. Бэлтгэл сургуулилалтын тухайд нэг сар гаран хугацаанд мөсөн өргөөнд бэлдсэн гэнэ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж