Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна

1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон зарлан тунхаглаж дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.

Харин Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэж буйг олон судалгааны дүнгээс харж болно.

Иймд Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ, манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдэд усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээнүүдийг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх замаар усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалав.

УСНЫ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОНЦОЛСОН ДӨРВӨН ШИЙДЭЛ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, усны салбарт анхаарал хандуулж ажиллах дараах дөрвөн чиглэл, шийдлийг онцоллоо.

  1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
  2. Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна.
  3. Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
  4. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлуудад түлхүү анхаарч зохих шийдэл гарган ажиллах шаардлагатай.

ЦЭНХЭР АЛТ: УСНЫ САЛБАРЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ОНЦЛОХ ТОО, БАРИМТУУД

  • Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг.
  • Дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.
  • Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг юм.
  • Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3 бөгөөд үүний 98 хувийг гадаргын ус бүрдүүлж байна.
  • Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна.
  • Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг.
  • Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтсон.
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 10.2 сая мод таригдаж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тонн хүрч, тарьц, суулгацын нөөцийг 51,2 саяд хүргэсэн нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
  • Монгол орны гадаргын усны хуримтлал бий болгох, урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх техникийн төсөөллийг боловсруулж, нийгэм, эдийн засаг, экологийн хувьд ач холбогдолтой 10 байршлыг сонгосон. Дээрх 10 байршил нь 3,6 тэрбум.м3 усны нөөцийг бий болгох боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж