Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 хүний нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон. Урт жагсаалт дунд улс төрийн өндөр албан тушаалтан болон тэдний хүүхдүүдийн нэрс цөөнгүй байсан. Мөн урлаг соёлын уран бүтээлчдийн нэрс ч байв. Тиймээс энэ удаа Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадад суралцсан урлагийнхны мэдээллийг хүргэе.
Гадаадын их дээд сургуулий магистр, докторын хөтөлбөрт зээл, тэтгэлэгээр суралцагчид:
- 2020 онд 2.5 сая ам.доллар
- 2021 онд 3.8 сая ам.доллар
- 2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.
НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" пост-драмын жүжгийг найруулсан найруулагч бол Мягмарнарангийн Батболд. Тэрбээр ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр нэг жил суралцаж, төгссөн.
Ингэхдээ 15 мянган ам.долларын санхүүжилт авсан байна.
Залуу найруулагчийн хувьд "Фауст”, “Гэм зэм” жүжгээр Монголын театрын урлагт шинэ салхи сэвэлзүүлсэн бөгөөд одоо Улсын драмын эрдмийн театрын найруулагчаар ажиллаж буй. Найруулагч М.Батболд нь хамгийн сүүлд АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр “Орфей” театрын тайзнаа амилуулсан билээ.
АНУ-Д ХОЁР ЖИЛ СУРАЛЦАХДАА 16 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН
Богино хэмжээний уран сайхны киногоороо олны танил болсон Б.Чингүүн өөрийн авьяас чадвараараа урлагийн ертөнцөд орон зайгаа бүрдүүлсэн уран бүтээлч. Түүнийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү гэдгээр нь хүмүүс сайн таних биз.
Тэрбээр АНУ-д урлагийн удирдлагын мэргэжлээр хоёр жил суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авчээ.
Тэрбээр сүүлд 2021 онд ээлжит уран бүтээл болох “Six Feet” уран сайхны киноныхоо нээлтийг АНУ-д хийсэн. Уг кино нь найруулагч Б. Чингүүний долоо дахь бие даасан уран бүтээл байв. Түүний кинонд Монголын болоод гадаадын залуу чадварлаг жүжигчид тоглож, кино зураг авалтаа АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужид хийсэн байна.
СОЁЛЫН ЭЛЧ Д.АЛТАНХУЯГ 48 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
Эдгээр уран бүтээлчдээс гадна Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч Дугараагийн Алтанхуяаг нь АНУ-ын Нортистерны их сургуулийг урлагийн менежментийн чиглэлээр төгссөн. Тэрбээр гурван жилийн хугацаанд суралцахдаа 48 мянган ам.долларын зээл авчээ. Дэлхийн балетын урлагт Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа сонгодог урлагийн төлөөлөл бол Д.Алтанхуяг.
Тэрбээр 2000 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөнөөсөө хойш Дуурь бүжгийн эрдмийн театр, Япон улсын "Асами Маки", "Комаки балет" компаниудад бүжигчнээр ажиллаж, олон улсын 10 шахам тэмцээнд оролцон тэргүүн байруудыг эзэлж байсан.
Мөн 2005 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор шагнуулж, 2006 онд дэлхийн шилдэг найман балетчины нэгээр шалгарсныхаа дараахан 2007 онд "Бостон балет" компанид ажилласан байдаг. Тэрбээр 2010 онд "Монголын балетын хөгжил сан"-г үүсгэн байгуулсан юм.
Ж.ДАМДИНЦЭРЭН 16 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын Дамдинцэрэн Японы Токиогийн урлагийн их сургуульд хоёр жилийн хугацаанд суралцаж, 16 мянган ам.долларын зээл авсан гэх мэдээлэл ил болжээ. Н.Дамдинцэрэн нь нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар 2016 онд томилогдож, 2022 онд албан ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.