"Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй"

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР - The League

"Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй"

"Би АНУ-ын WNCAA-д тоглох мөрөөдөлтэй"

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор сагсан бөмбөгийн үндэсний дээд лигт цахиур хагалж буй Н.Нандинхүсэлийг онцолж байна. Арван жилийн сурагч, 16 настай тэрбээр Улаанбаатар Амазонс багт хүчин зүтгэдэг бөгөөд хэдийнэ багийнхаа гол тоглогч, лигийн нүүр царай болжээ. Ингээд түүнтэй танилцъя.


НЯМЖАВЫН НАНДИНХҮСЭЛ

2006.09.09

Төгссөн сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль /одоо суралцаж буй/

Мэргэжил

Сурагч, сагсан бөмбөгийн тамирчин

Сошиал хуудас

ХҮҮХЭД НАСНЫ ТУХАЙ?

-Бага байхдаа хөдөлгөөнтэй гэхээсээ илүүтэйгээр томоотой хүүхэд байсан. Хичээл номоо хийгээд л байж байдаг байлаа. Бага ангидаа Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургуульд сурдаг байсан юм. Тэнд таван жил сурахдаа хичээлээ хийгээд л сургууль, гэр гэсэн хэвийн л хэв маягтай байв. Хөдөлгөөн хийх нь аягүй бага. Харин гэрийнхэнтэйгээ зурагтаар NBA үзэж, сагсан бөмбөгт сонирхолтой болсон. Тэгээд л тавдугаар ангидаа нэг тэмцээнд орж байсан юм байна. Тэрнээс биш нэг их хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй.

АНХ СПОРТТОЙ ХОЛБОГДСОН ТҮҮХ?

-Манай гэр бүлийнхэн спортод их хорхойтой хүмүүс. Хамгийн анх Сан Антонио Спөрс, Майами Хит багуудын цувралын нэг тоглолтыг гэрээрээ үзээд сагсан бөмбөгт дурлаж байсан. Тэр өдрөөс хойш ахтайгаа хамт гэрийнхээ гадаах шитэн дээр тоглоод л энэ спортод хайртай болсон доо.

АНХНЫ АМЖИЛТ?

-Тавдугаар ангидаа нийслэлийн Улаанбаатар лигээс алтан медаль хүртсэн минь миний анхны амжилт.

ЧУХАЛ ТОГЛОЛТУУДЫН ӨМНӨ ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БЭЛДДЭГ ВЭ?

-Багийнхантайгаа маазраад, инээгээд ярихаар гоё төвлөрдөг. Халаалтан дээр дуу сонсоод, маазраад байхаар сайн төвлөрдөг гэж боддог. Дотроо онцолж ямар нэгэн юм бодохгүйгээр энгийн нэг тоглолт болохоор сайхан маазраад гоё байхаар сайн төвлөрч чаддаг.

ҮЛГЭР ЖИШЭЭ АВДАГ ТАМИРЧИН?

-Би багаасаа одоо WNCAA-д тоглож буй Пейж Баккерс гэдэг тамирчинг бараг 8-9 жил дэмжиж байгаа. Монголоос гэвэл багаасаа багаасаа дэмжсэн хүн байхгүй дээ. Эрэгтэй тамирчдаас А.Ананд, М.Өлзий-Орших ах нар юм болов уу.

МОНГОЛЫН ДЭЭД ЛИГТ ТОГЛОСОН СЭТГЭГДЭЛ?

-Мэдээж энэ жил хамгийн анх удаагаа оролцож байна. Анхны жилдээ шинэ ордон, шинэ лигт тоглож байгаа нь гоё байгаа. Дээрээс нь эгч нартайгаа нэг баг болоод их зүйл сураад багтаа хувь нэмрээ оруулаад одоо финалд шалгарчихлаа. Үнэхээр мартагдахгүй хамгийн том дурсамжуудын минь нэг.

УЛААНБААТАР АМАЗОНС БАГТ НЭГДСЭН ТАЛААРАА?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байх. Би Логарифм сургууль дээр багштайгаа хувийн бэлтгэлээ хийдэг. Бас 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт харьяалагддаг. Тэр үед 3х3 сагсны О.Хулан, Б.Ариунцэцэг эгч нартайгаа хамт лигт оръё гэж багаас санал тавьсан. Тэгж л Улаанбаатар Амазонс багт нэгдэхээр болсон доо.

ЭНЭ УЛИРЛЫН ЛИГИЙН ӨРСӨЛДӨӨН?

-Мэдээж зургаан баг бүгд л өрсөлдөөнтэй байсан. Улирлын тоглолтууд өрсөлдөөнтэй байсан ч плей-оффд бүр тэс ондоо болчихсон. Багууд илүү хүчтэй болсон. Лигийн өрсөлдөөн чанга цаашдаа ч улам чанга болох байх.

ШИГШЭЭ БАГТ ДУУДАГДАХ МЭДРЭМЖ?

-Зуны лигийн үеэр шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласан. Тэгээд зуны лигт өөрсдийгөө сорьж үзмээр санагдаад эгч нартайгаа оролцсон. Тэр тэмцээн надад их туршлага болсон санагддаг. Манай баг зуны лигээс хоёр л хожил авсан. Гэхдээ хол оноогоор хожигдсон тоглолт байхгүй. Дандаа эгзэгтэй үед туршлагагүй алдаанаасаа болж хожигдсон. Яг тэр тэмцээнээс туршлага хуримтлуулж, нэмж хүмүүс дуудаад 5-6 сар бэлтгэл маш чанартай хийсэн. Өдрийн гурван бэлтгэлтэй. Өглөө гэрээсээ гараад л орой ордог байлаа. Тэгээд эцэст нь Энэтхэгт очсон. Эхний тоглолтод дээр төрийн дууллаа сонсоход үнэхээр гоё мэдрэмж авч байсан.

ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ ТЭМЦЭЭН?

-Одоо болж байгаа лиг юм болов уу.

СУРАГЧ-ТАМИРЧНЫ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

-Манай хичээл 07.40 цагт эхэлдэг. Өглөө гэрээсээ 07.00 цагт гараад л сургуульдаа явдаг. Хичээл 14.00-15.00 цагийн үед тараад юм идээд сургууль дээрээ хичээл, номоо хийдэг. Тэгээд орой 19.00 цагт бэлтгэлдээ ирдэг дээ. Гэртээ бараг 23.00 цаг гэж ороод л хэдхэн цаг унтаад л эргээд л хичээлдээ явдаг. Нэг иймэрхүү маягтай байдаг. Ер нь аль болох өөртөө ашигтай байдлаар цагийг өнгөрүүлэхийг хүсдэг. Одоо төгсөх гэж байгаа учир хичээлдээ анхаарлаа хандуулж байгаа.

СПОРТТОЙ ХОЛБОГДООГҮЙ БАЙСАН БОЛ ӨӨР ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ЯВАХ БАЙСАН БЭ?

-Сагсан бөмбөгтэй холбогдоогүй байсан бол би өмнө нь волейбол тоглодог байсан. Магадгүй сагс биш волейбол гээд л явж байсан байх. Харин спорттой холбогдоогүй байсан бол сайн мэдэхгүй юм даа. Нэг хичээлдээ гүнзгийрээд мэргэжил сонгоод явах байсан биз.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цагаа өөрийгөө амраах тал дээр л зарцуулдаг. Долоо хоног бэлтгэл хийдэг учир чөлөөт цаг гарвал биеэ амрааж, аль болох өөртөө бэлтгэл хуримтлуулахыг хичээдэг.

ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Манай ээжийг Н.Болорсувд гэдэг. Ах минь 2002 онд төрсөн. Одоо МУИС-д сурдаг Н.Чинсэтгэл гэж хүн бий. Би өөрөө айлын дунд. Ганц охин нь. Доороо нэг дүүтэй. Н.Амьбулаг гээд одоо долоон настай.

Манай гэр бүлд яг спортоор хичээллэдэг хүн байхгүй. Хичээллэдэг гэвэл би ганцаараа. Гэхдээ бүгд сонирхолтой.

ӨӨРИЙНХӨӨ ТОГЛОЛТЫГ ТОДОРХОЙЛВОЛ?

-Өөрийгөө олон талт тоглогч гэж боддог. Талбай дээр багт аль байрлал дээр тоглогч хэрэгтэй байна би тэнд нь тоглож чадна гэж боддог. Холбогч хэрэгтэй бол холбогч, самбар доор хүн хэрэгтэй бол төвийн тоглогч болж чадна. Миний давуу тал гэвэл арай өндөр. Өндөр хирнээ залдаг болохоор бүхий л байрлал дээр тоглохыг хичээдэг.

УЛААНБААТАР АМАЗОНС БАГИЙН ОНЦЛОГ?

-Нас. Манай багийн бүрэлдэхүүнд нас онцлог. Өсвөрийн хүүхдүүд ч байгаа, хорь гаруй настай залуучууд ч бий, бас бүр том болчихсон туршлага суучихсан хүмүүс ч байгаа. Гурван үеийн төлөөлөл байдаг учир бие биедээ зөвлөгөө өгч, туршлага болдог. Том бага гэлтгүй бие биедээ зааж байдаг. Энэ манай багийн онцлог байх. Үүнийхээ ачаар ч богино хугацаанд нэг гэр бүл шиг болж чадсан.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

-Мэдээж ойрын төлөвлөгөө бол лигийн аварга болох.

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ?

-Миний мөрөөдөл бол тамирчин талаасаа Америкт WNCAA-д тоглох. Өөр том зорилго гэвэл олимпод олимпийн цэнгэлдэхэд медаль хүртээд зогсож баймаар байна.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ?

-Ямар ч юман дээр тууштай байгаарай. Тууштай байвал спорт ч гэлтгүй дуртай зүйлээрээ хичээллэж амжилтад хүрч болно шүү. Нэг зүйлдээ тууштай, тогтвортой байгаарай.

Н.НАНДИНХҮСЭЛ ДЭМЖДЭГ ХҮМҮҮСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ?

-Намайг дэмждэг хүмүүстээ би их баярладаг. Миний амжилтад надаас илүү баярладаг хүмүүс олон.Тэр хүмүүстээ хандаж хэлэхэд та нарын ачаар ухрахгүйгээр урагшлаад явж байдаг шүү. Бүгдэд нь баярлалаа.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж