Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг хэчнээн хүнийг үхлээс аварч чадав гэдэг чухал
Асуулгын төгсгөлд асуулга тавьсан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ.
Тэрбээр “Covid-19 цар тахалтай үед Эрүүл мэндийн яам эмнэлэг шиг ажилладаг байсан бол одоо сайд нь бодлого, шинэчлэл ярьж байгаад баяртай байна. Салбар яам бол яаж хүн амаа урт наслуулах вэ гэдэг зохицуулалтаа хийж байх ёстой.
Эрүүл мэндийн салбарын хамгийн гол зэвсэг болсон эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг тэргүүнд тавьж, тогтолцоог бий болгох явдал. 10 гаруй арга байгаа. Чанартай эмийг хүн амдаа хүргэх бодолтой байгаад баяртай байна.
Сум, өрхийн эмнэлгийн эмч тогтвортой ажиллах нь чухал байна. Хамгийн туршлагатай хүмүүс тэнд ажиллаж, өвчнийг даамжруулахгүй, эдгээх нь чухал тул санхүүжилтийг нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Одоо бид илүү мэргэжлийн болгох тал дээр хуульд өөрчлөлт оруулж, иргэд анхан шатны тусламж үйлчилгээндээ итгэдэг болох ёстой.
Гурав дахь санаа, Эрүүл мэндийн яам тендер зарладаг, тоног төхөөрөмж зардаг газар биш. Хувийн болон улсын статустай эмнэлгүүд иргэн бүрийг эмчилдэг болох хуулийг баталсан. Өртгөө зөв тооцох ёстой, аймгийн дүүргийн эмнэлгийг хүчтэй болгохын тулд тарифыг нь нэмье.
Одоо аймгийн иргэдээ Улаанбаатар хот руу явуулахгүйгээр эмчилдэг болох зорилт тавиад ажиллах ёстой.
Эрт илрүүлэг үзлэгт 840 мянган хүн хамрагдсан байна. Тэднээс хэдийнх нь амийг аюулт өвчнөөс аварч, шаардлагатай эмчилгээг үзүүлж чадав гэдэг маш чухал. Эрт илрүүлгийн зорилго энэ. Эрүүл мэндийн салбар хөгжихөд ойрхон байна” гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.
“Гадаадад эмчлүүлбэл 5 хувийн төлбөрийн дэмжлэг үзүүлдгийг нэмэх шаардлагатай”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссонтой холбогдуулж, асуулт хариулт үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлд анхаарах шаардлага байна. Тухайлбал, эрдэс фтортой усаар амыг нь зайлдаг юм уу, шүдийг нь хамгаалж наалт наадаг юм уу эдгээр аргыг ашиглахгүй бол шүд цооролтыг эмчлээд барахааргүй байна. Даатгалаар өгдөг эмийг үнэгүй болгосон гэсэн ч тэр нь хөдөөд очоогүй, ахмадуудын дунд бөөн бухимдал байна?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Шүдтэй холбоотой асуудалд маш сайн анхаарна. 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ. Энэ ондоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Боловсролын яамтай хамтраад хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болох.
Тухайн аймгийн ус нь фторын агууламж өндөртэй бол хүүхдийн шүдэнд фтор түрхэх нь тохирохгүй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Сүүлийн үед сошиал орчинд гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон, хандив цуглуулж байна гэсэн бичлэг их явж байна. Эрүүл мэндийн салбар энэ асуудалд ямар бодлого барих вэ.
Таван төрлийн хорт хавдар хүн амын дунд зонхилж байна. Эдгээрээс умайн хүзүүний хорт хавдрыг устгах боломж байгаа, вакцин хийснээр.
Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр эмнэлгүүд асуудлаа нэлээн сайн шийдэж байна. Гэхдээ орон нутгийн эмнэлгүүд хүнд байна. Орон нутгийн эмнэлгийн удирдлагуудаа чадавхижуулах шаардлага байна уу, энэ асуудалд яам хэрхэн анхаарч байна вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Иргэдийн дунд хавдрын өвчлөл нэмэгдэж, нас залуужиж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх хүрээнд хүн амдаа боловсрол олгоход анхаарах. Хүндэрчихсэн хойно нь бус эрт илрүүлдэг, эрт эмчилгээнд хамруулдаг болох. Хавдрын болоод эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага байгаа. Хавдрын эмнэлэг барих асуудал олон жил яригдаж байгаа ч шийдэгдээгүй. Эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн асуудал шийдэгдээгүй. Ирэх онд шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгах. Авлигын хэргээр улсад төвлөрч байгаа орлого, хураагдсан хөрөнгийг энэ чиглэлийн эмнэлэг, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зарцуулах.
Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 26 төрлийн өвчний жагсаалт байдаг. Энэ төрлийн өвчнийг дотооддоо шинэ технологи нэвтрүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгодог болох. Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжиль авдаг болъё гээд 26-гаас 10 төрлийн өвчнийг оношилж, эмчлэхээр санал хүргүүлээд ажиллаж байна.
Умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахын тулд товлолт вакцинд хамируулдаг болох хуулийн төслийг УИХ-д оруулж ирнэ.
Гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор болж байга зүйл ч байна, болохгүй зүйл ч байна. Эмнэлгийн удирдлага, санхүүгийн удирдлагыг чадавхижулах, менежментийг сайжруулахад нь анхаарах шаардлага байна.
Нөгөө талдаа боловсон хүчний чадвхийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нь нэмэгдүүлэх гээд олон зүйл хийх шаардлага ч байна. Удахгүй Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Гишүүдийнхээ саналыг үндэслэж, Үндэсний зөвлөлийн тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэр гаргана.
Гадаад улсад эмчлүүлээд ирсэн иргэдэд төлбөрийнх нь 5 хувийг өгнө гэдгийг эргэн харж, нэмэгдүүлэх шаардлага бий. Ингэхдээ жишиг нэг үнээр өгдөг байх юм уу, орон орныхоор ялгавартай өдөг байх уу гэдгийг сайн судлах.
Хувийн эмнэлгүүд өртөг өндөртэй, зардал багатай үйлчилгээ үзүүлж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсч эхлээд байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Орон нутагт сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг ажиллах боломж хомс байна. Малчид эмчлүүлэх боломж ямар байна. Та бүхэн орон нутагт очиж ажиллах шаардлага байна. Гурав дахь шатлалын эмнэлгээ орон нутагт ажиллуулах шаардлага байна. Эх нялхасын өвчлөл өндөр байна, дийлэнх нь коридорт эмчлүүлдэг боллоо. Хүүхдийн эмч дутагдалтай байна. Хөдөөд ч нийслэлд ч дутагдалтай боллоо. Хорт хавдар, элэг, ходоодоор дэлхийд тэгүүлдэг боллоо. Орон нутгаас иргэн эмчлүүлэхийн тулд Улаанбаатар хотод ирдэг, ачаалал ихээс олон сараар хүлээх шаардлагатай болж байна. Үнэгүй өгдөг эм чанаргүй байна. Гадаадаас эм захиалж авч ирээд уухлаар сайн үйлчилж байна гэх. Энэ асуудалд анхаарал хандуулж байна уу. Асуулга цаг үеэ оллоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжээд хоёр жил болж байна. Хоёр жил ковидтой хүнд нөхцөлд ажилласан. Ковидын санхүүжилт гэж нэмэлт санхүүжилт олгож байсан тул нэлээд тус болсон. Энэ оноос гүйцэтгэлийн санхүүжилт дангаараа хэрэгжиж байгаа учраас цаашид хэрэгжүүлээд явах боломж байна уу гэдгийг мэдэх бололцоотой болж байна.
Хавдрын өвчлөл өндөр байгаа. Дэлхийд хавдрын өвчлөлөөр Монгол Улс 60-д бичигддэг бол нас баралтаар нэгд бичигдэж байна.
Хавдар хоёр эмнэлгийг яаралтай барьж эхлүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Хавдраар өвчлөхгүй байхын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авахад анхаарч ажиллана. Хавдрын эмнэлэг дээр оочер ихтэй байгаа асуудал бий. Төрөлжсөн эмнэлгийг лавлагаа шатлалтай болгосноос, иргэд өөрсдөө үзүүлэх эмнэлгээ сонгодог болсноор дараалал үүсдэг болсон.
Эмийн чанар, үнэтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас хүний эмийн асуудлыг бие даасан хуулиар зохицуулна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: 2020 онд бид бүхний баталсан эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг хууль маш сайн хууль. Гүйцэтгэлээрээ санхүүжилт авдаг болсноор эмнэлгүүд чанараараа өрсөлддөг болсон. 2020 он гарахын өмнө иргэн 2 сая төгрөг дотор эмчлүүлэх боломжтой байсан бол өнөөдөр 150-160 сая төгрөг хүртэлх төгрөгийн санхүүжилтэд багтаан эмчлүүлэх боломжтой болсон.
Анхан шатны тусламж үйлчилгээн дээр тогтмол санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлсэн байтал иргэд анхан шатандаа сэтгэл ханамж дутуу байгаа учраас хоёр дахь шатны эмнэлэг рүү явж байна.
Эрүүл мэндийн ачааллаас хувийн эмнэлгүүд хуваалцахгүй, ашиггүй, хэцүүг нь улсын эмнэлэг рүүгээ шилжүүлдэг болсон байна. Энийг анхаарах ёстой?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гүйцэтгэлийн санхүүжилт дээр сайн ч юм байна, дутуу ч зүйл байна. Тийм учраас ажлын хэсэг гаргаад өртгийн тооцоолол хийе гэж байгаа юм.
Хувийн хэвшлийн эмнэлгүүд аль болох өндөр өртөгтэй, зардал багатай үйлчилгээ үзүүлж байна. Жишээ нь, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дүүргийн эмнэлэг авдаг хэрнээ 30 хувийн үйлчилгээ үзүүлдэг, гэтэл хувийн эмнэлэг 200 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг хэрнээ 7 хувийн үйлчилгээ үзүүлж байна.
Дээр нь хувийн эмнэлгүүд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээндээ зайлшгүй шаардлагатай хүмүүсийг оруулж чадаж байна уу гэдгийг ч анхаарах шаардлага байна. Уламжлалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэггүй хэрнээ өндөр төлбөр авдаг сувиллууд ч байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Эмийн чанар сул байгаа нь иргэдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс аргагүйд хүргэж байна. Анхан шатанд ажиллаж байгаа эмч нарыг чадавхижуулах, өвчнийг нь даамжруулахгүй байх чиглэлээр анхаарах. Энэ тогтолцоогоо хэзээ өөрчлөх вэ. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн, өрхийн эмнэлгүдийн үйлчилгээ хэзээ сайжрах вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: 1990 оноос хойш эмийн ханган нийлүүлэлтийн үйлчилгээг хувийн хэвшил үүрч ирсэн. Эм нь онцгой стратегийн бүтээгдэхүүн учраас төрийн хяналт шалгалт хэрэгтэй, төрийн дэмжлэг ч хэрэгтэй. Нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод татаврын дэмжлэг үзүүлдэг. Гэтэл эм импортлогчдод энэ төрлийн дэмжлэг байдаггүй, хуульд нь өөрчлөлт оруулна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Хөдөөгийн сумдын эмнэлэгт тоног төхөөрөмж байхгүй, сахилга бат алдагдсан байна. Эмийн үнэ нь 4-5 дахин өндөр, хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй байна. Эмийн санг хувьчилсан нь буруу. Бодлого боловсруулахгүй бол болохгүй нь. Хөдөөнөөс хотод ирээд иргэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд 2-3 сар болж байж, үзүүлэх дугаар авч байна. Энэ асуудлыг шийдэх шаардлага байна.
Сумын эмнэлгийн түргэний машин 70 км явахгүй бол нэг талын санхүүжилт олгодоггүй гэдэг зүйл яригдаж байна. Нарийн мэргэжлийн эмч байхгүйгээс санхүүжилтийг нь хасдаг гэнэ. Ийм маягаар байвал сумын эмнэлэг маш хүнд байдалд орно.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Гүйцэтгэлийн санхүүжилтэд болж байгаа зүйл ч байна, болохгүй зүйл ч байна. Боловсронгуй өөрчлөлт хийе гэж бодож байгаа. Сангийн яамтай хамтарч ажиллаж байна. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага бий. Зарим арга хэмжээг авч байна.
Цахим болсон гэдгээр алдаатай шивсэн бол алдаатай чигээр нь хаадаг асуудал байна. Хүн л юм болсон хойно алдаатай шивдэг тохиолдол байгаа учраас алдааг залруулж, санхүүжилтээ авах боломжоор хангаж байна.
Эмийн үнэд шалгалт хийхээр Эмийн агентлаг, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтраад ажиллаж байна. Хатуу зохицуулалттай орноос авч байгаа эмийн хангалт буурч байгаа тал бий юм билээ. Энэ нь үнэд нөлөөлж байж болзошгүй. Монгол Улс хэрэгцээт эмийнхээ 60 гаруй хувийг хатуу зохицуулалттай орноос импортолдог.
Асуулт хариулт үргэлжилж байна.
Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг чөлөөлөх тухай захирамж гаргасан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулгыг сонслоо.
Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт тавив.
Тэрбээр “Ямар асуудалд холбогдсон болоод энэ сайдыгаа Засгийн газрын гишүүнээс чөлөөлж байна вэ. Тангаргаа өргөөд сайд болдог, удалгүй халдаг, сольдог боллоо. Энэ асуудалд Ерөнхий сайд ямар байр суурьтай байна вэ. Хоёрт, Т.Аюурсайхан сайдаас гадна УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргасан юм байна гэж ойлгосон. Нийгмийн сүлжээнд энэхүү хүсэлт нь тавигдсан байсан. Гэтэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаана очоод замхарчих вэ?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж өгсөн. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Прокуророос надад хэрэг үүсгэсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа. Баримт, нотолгоогүйгээр буруутгасан, зохиомол хэрэг гэж үзэж байгаа.
Ийм нөхцөл байдал үүсээд байхад хэн хүлээн зөвшөөрөх билээ. Шат шатанд нь гомдол гаргаад явж байна.
Өөр нарийн ширийн зүйл ярих боломжгүй байна. Энэ салбарт хийж хэрэгжүүлэх их ажлыг дэмжиж өгсөн та бүхэндээ талархаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын экспортын 93 хувь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тэр дундаа нүүрс, зэсийн экспорт дээр тогтдог. Нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдаж авч, барьцаалах гэсэн бүлэг бий болсон. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Зарим төрийн албан хаагч архи хундаглаад зогсч байдаг зүйл рүү халтирч орсон.
Нүүрс дагасан мафийг ил болгохоос аргагүй. Энэ асуудлыг ил болгосноор төсөв хэрхэн давж биелж байгаа биелэлтийг хараарай. Одоо ч амар биш байна. Биржээр гарахад хүндрэл гарч байна. Ил далд олон асуудал үүсч байгаа. Гэхдээ бид ингэж байж асуудлыг цэгцэлнэ. Цаашлаад эдийн засаг төрөлжинө. 15-20 жилийн хугацаанд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярихад хүнд. Энэ нөхцөл байдлыг өөрчилье. Энэ дээр МАН байна уу, АН байна уу хамаагүй.
Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Энэ явж байгаа үзэл санааг дэмжиж байна, ажлаа өгөөд шалгуулъя гэсэн. Би ч бүлэг дээрээ “Хэрвээ ямар нэг зүйлд холбогдвол ажлаа өгөөд шалгуулаарай” гэсэн. Аалзны тор шиг хэрчихсэн байгаа авлигачдын торыг тасалж байж, чөлөөт өрсөлдөөний тухай ярих боломжтой болох юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Т.Аюурсайхан гишүүн та УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө хаана гаргасан талаар тайлбар өгсөнгүй?
УИХ-ын дарга Г.Занданшатар: Т:Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг сонсч дууслаа. Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан дууссаныг мэдэгдье гэв.
Чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Одоогийн хууль тогтоомжоор УИХ-аас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж санал авах тухай зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Ингэснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийн худалдаа, хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг англи хэлээр хэвлэн нийтлэхээр заасан зохицуулалтын хэрэгжилтийг хангахын зэрэгцээ хуулийн албан бус орчуулгыг хийх нь бүхэлдээ судалгаа, шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой хэмээн тайлбарлалаа. Хуулийн тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлаас баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэхээр холбогдох төслийг мөн боловсруулсан байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаар батлах шаардлагатай хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгаа хийх шаардлагагүй тул холбогдох өөрчлөлтийг мөн хуульд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл нь бүхэлдээ хууль тогтоомжийн төсөл боловсруулахад иргэд, хөрөнгө оруулагч нарын оролцоог хангах, санал авах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, тэднийг мэдээллээр хангах зорилготой аж.
Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Уг төсөлд заасан төсөвтэй холбоотой заалтыг дэмжих боломжгүй байгаа" гэдгийг тодотгосон юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээрх тайлбарт эгдүүцэж, хувийнхаа эрх ашгаар хандлаа гэж шүүмжлэв.
Хэлэлцүүлэг өрнөж байна. Эцэст нь энэхүү хуулийн төслийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонголоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 74.4 хувийн саналаар дэмжин, баталлаа.
Хуульд Байнгын хорооны даргыг тухайн байнгын хорооны гишүүдээс сонгохоор заасан тул УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байсан ч нүүрсний хэрэгт холбогдсоноос бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ хүлээн авч, чөлөөлсөн тул тус байнгын хорооны даргыг шинээр томилох шаардлага үүссэн юм. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлжээ.
Санал хураахын өмнө энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хамгийн тохирсон нэр дэвшигч гэж үзэж байна. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар туршлагатай парламентч нэр дэвшүүлснийг дэмжиж байна гэсэн юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Энхболдын CV
1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль
1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.
1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн зэрэгцээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
Чуулганы хуралдааны эхэнд “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслөөр санал хураах ёстой байсан ч хойшлууллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
Г.ХОРОЛ