"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна"

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна"

"Засгийн газар морь унасан толгойгүй хүн мэт давхиж явна"

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржоос цөөн асуултад хариулт авснаа хүргэе.


-Нүүрсний салбарын ойрын ирээдүйн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Олон арван жилийн турш нүүрс нь дэлхийн олон улсад найдвартай эрчим хүчний эх үүсвэр болж ирсэн. Нүүрс олборлоход харьцангуй хямд, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд үр ашигтай, дэлхийн өнцөг булан бүрт олборлох боломжтой зэрэг олон давуу талтай. Гэвч нүүрс хүрээлэн буй орчныг маш ихээр бохирдуулдаг. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 30 хувь нь түүний шаталттай холбоотой. Мөн хүхрийн давхар исэл, утаа үүсгэдэг азотын исэл, уушгины өвчин үүсгэдэг тоосонцор бий. Эдгээр хүчин зүйлүүд нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний эсрэг тэмцэгчдийн гол ярьж анхааруулдаг асуудал. Ийнхүү нүүрсийг аажмаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр солих талаар улс орнууд ярьж эхэлсэн. Хатуу чулуужсан түлшний хэтийн төлөв ийнхүү үгүй болно гэж үздэг хүмүүс олширсон.

Гэвч бодит амьдрал дээр нүүрснээс тийм ч амархан салахгүй бололтой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 2021 онд 9 хувиар өссөн дүнгээс үүнийг харж болно. Энэ нь дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэсэнтэй ч холбоотой.

COVID-19 цар тахлын дараа эдийн засаг сэргэж байгаа энэ үед газрын тос, байгалийн хийн үнэ огцом өссөн. Харин эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдсэн нь нүүрс гэгч эрчим хүчний хямд үүсвэр ойрын жилдээ бидний амьдралаас салахгүй гэсэн төсөөлөл өгч байна. Цар тахлын хямралын дараа эхэлсэн эдийн засгийн сэргэлт нь зөвхөн нүүрсний эрэлтийг богино хугацаанд өсгөсөн байх магадлалтай. Хэрвээ дэлхийн зах зээл дээр байгалийн хийн хомсдол үргэлжилнэ гэж үзвэл нүүрсний хэрэглээ өссөөр байна. Хэрэв дэлхийн зах зээл дээрх байгалийн хийн нийлүүлэлт нэмэгдвэл Европ болон дэлхийн нүүрсний хэрэглээ аажмаар буурах юм.

-Нүүрсийг биржээр худалдаж эхэлсэн нь эерэг, сөрөг үр дагавар дагуулж байна гэж зарим шинжээчид дүгнэж буй. Таны бодлоор бид зөв алхам хийж байна уу?

-Аливаа шинээр эхлүүлж буй ажилд эерэг, сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй. Уул уурхайн бирж гэдэг нь олон худалдагч, худалдан авагчийг цуглуулаад, нээлттэй дуудлага худалдаагаар бараа, бүтэгдэхүүнээ арилжих явдал. Хамгийн гол нь үйлдвэрлэгчид ба эцсийн хэрэглэгч нар оролцдогоороо онцлог. Бид уурхайн амнаас худалдаа хийх нэрээр олон жил алдагдалтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн 2 жил коксжих нүүрс 400-600 ам.долларын хооронд хэлбэлзсэн. Гэвч бид аман дээрээс нь 60 ам.доллараар зарж байсан. Ийнхүү эдийн засгаа сэргээж, ДНБ-ий хэмжээг нэмэгдүүлэх сайхан боломжоо алдлаа. Үнэхээр харамсалтай. Нүүрсний үнэ асар өндөр, орлого олох боломжтой үед эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд зогсохгүй нэг хүнд оногдох гадаад өр 33 сая төгрөгт хүрчээ. Ам.долларын ханшаа 80 хувь алдаж, өргөн хэрэглээний бараа, хүнсний үнэ нугарч өслөө. Иргэдийн амьдрал нийтээрээ хүндэрч, Монголд дундаж давхарга бараг устлаа. Нүүрсээ хямдаар зарж, дундаас нь унац унагааж байсан цөөн хэдэн эрх баригчид ийнхүү улсаараа тоглолоо. Нүүрсийг биржээр худалдаж эхэлсэн нь ядахдаа хулгайд цэг тавих болов уу гэж горьдож байна. Саяхан "Fitch" агентлаг нүүрсний үнийн төсөөллийг гаргасан. Нүүрсний үнэ аажмаар буурах хандлагатай байна лээ. Коксжих нүүрс 400 ам.доллараас 150 ам.доллар хүртэл буурна гэж тооцоолсон байна.

-“Нүүрсний хулгай” Монголын бүх салбарт нүүрлэсэн "буруу бүхний" тод жишээ. Иргэдийн дийлэнх нь ядуу амьдарч байна. Хэдхэн гэр бүл амьдралаас “тасартлаа” баяжчихлаа. “Тэгшитгэл” хийх боломж бий болов уу?

-Өнөөдөр Монгол Улсыг тамирдуулж, ард иргэдийн амьдралыг туйлдуулж байгаа гамшиг бол төрийн өмч дээр суурилсан авлига, хулгай, луйвар юм. Үүнийг ЖДҮ-ийн зээлийг эрх баригчид хуваан хүртэхээс эхтэй, «Газрын», «Концессын», «Хөгжлийн банкны», «Төсвийн», «Эрдэнэтийн», «Нүүрсний», «Төмөр замын», «Тээврийн»… гм дуулиант хэргүүдээс харж болно. Сөрөг хүчингүй шахам, хэвлэл мэдээллийн бүх сувгуудыг "хулгайн" мөнгөөрөө угжсан эрх баригчид гэмт үйлдэл хийхдээ хэнээс ч, юунаас ч айхаа больсон нь өнөөгийн бодит гашуун төрх билээ. Олон нийт төрийн оролцоотой дээрх гэмт хэргүүдийн шийдлийг нэн анхааралтай ажиглаж байна.

Тиймээс эрх баригчид өнгөрсөн 7 жилд илэрсэн дээрх дуулиант хэргүүдийг шийдэх дүр эсгэж сууна. Гэвч цаг хугацааны хувьд төдийгүй эрх мэдлийн оролцоотой бохир үйлдэлдээ сөрөг хүчнээ давхар харлуулах бодлого барьж байна.

Үүнийг "Нүүрсний" гэх тодотголтой хэргийг шийдэх явцаас маш тодорхой харж болох юм. Энэ хэргийн оролцогчдоор анх ямар хүмүүсийг зарлаж байсныг иргэд бүгд санаж байгаа. Гэтэл ердөө 2 сарын дотор хууль хүчний байгууллагууд нь нийтэд зарлаж байсан мэдээллээ 100 хувь өөрчилжээ. Энэ нь тэдний ард эрх баригчдын дохио зангаа байгааг батлан харууллаа. Засгийн газар хийх ёстой ажлаа хийхгүй, хууль хүчний байгууллагын дүрд тоглож байгааг хүн бүр харж байгаа байх. Засгийн хийх ёстой үнийн өсөлтийг хазаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгахад чиглэсэн ширхэг ч бодлогын арга хэмжээ авсангүй.

-Дэлхийн эдийн засгийн өсөлт, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орнуудын баримталж буй стратегийн бодлого илүү цэвэр эрчим хүч рүү чиглэснээр ирэх жил дэлхийн нүүрсний хэрэглээ дээд цэгтээ хүрэх мэдээлэл бий. Манай улс энэ талаар ямар бодлого баримталбал чухал гэж хэлэх вэ?

-Нүүрс бол Монгол Улсын эдийн засгийг авч яваа чухал түүхий эд. Ойрын жилүүдэд Ази тивд нүүрсний хэрэглээ өндөр байх нь. Энэ нь Монгол Улсад ойрын ирээдүйд нүүрснээс олох орлогоо зөв зүйлд, ялангуяа бизнесийг дэмжихэд зарцуулж, улс орноо бодох цаг ирснийг сануулж байна. Нэг жишээ хэлье. Манай улс 2015 онд экспортын нүүрсээ 550 сая ам.доллараар борлуулж байв. Харин энэ дүн 2022 онд 6.5 тэрбум ам.доллар буюу 13 дахин нэмэгджээ. Ард түмний амьдрал харин эсрэгээрээ хэд дахин дордоод байна. 2015-2016 онд нэг тонн нь 30 ам.доллар байсан нүүрс 2017 оноос хойш өсч, 2020-2022 онуудад 400-600 ам.долларт хүрчээ. Эндээс харвал сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар “морь унасан толгойгүй хүн” мэт харсан зүгтээ хазаар, цулбуураа хаячихсан давхиж явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж