Цэц бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоход "тусална"

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Цэц бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоход "тусална"

Цэц бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгоход "тусална"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зохицуулалттай олгож, орлогоос хамаарч зарим хүүхдийг тэтгэмжээс хассан. Систем болон шилжилт хөдөлгөөн, иргэний бүртгэлтэй холбоотойгоор иргэд алдаа гарсан тохиолдолд өнгөрсөн хоёрдугаар сарын 8-н хүртэл иргэдийн мэдээллийг шинэчлүүлсэн. Гэвч мэдээллээ шинэчлүүлсэн өрхүүдийн хүүхдийн мөнгө нь ороогүй талаар иргэд цахим хуудастаа бичиж байгаа. Мөн зарим өрхийн хүүхдийнх нь мөнгө орсон хэрнээ 1-2  хүүхдийнх нь ороогүй зэрэг тохиолдлуудад албаныхан системийн алдаа гэж тайлбарлаж буй.

Тиймээс гомдолтой байгаа иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж эхэлжээ. Түүнээс гадна тойргоосоо сонгогдсон гишүүддээ ч хүсэлт гаргаж эхэлсэн байна.

Тодруулбал, УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг ялгаваргүй, бүх хүүхдэд олгох санал хүсэлтээ хэлжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, бүх хүүхдэд тэтгэмж олгохыг судлах чиглэлийг Засгийг газарт өгсөн талаар мэдээлсэн. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлээгүй бөгөөд зөвхөн Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан тохиолдолд судална гэдэг хариултыг өгчээ.

Одоогоор иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн Цэцэд хүүхдийн мөнгийг эрх тэгш олгох талаар хандсан байна. Хэрэв Цэц тус шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар хэрэгжилтэд дахин өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлбэл төсөвт мөн тодотгол хийх асуудал яригдана. Тэгэхээр энэ нь одоогоор боломжгүй зүйл гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм. Үүнийг ч Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэж, энэ оны эхний хагаст төсөвт тодотгол хийхгүй гэдгийг онцолсон. Гэхдээ иргэдийн зүгээс эдийн засаг тогтворжиход алагчилсан хүүхдийн мөнгө тийм ч нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа аж.

Үндсэн хуулийг зөрчиж, зохицуулалт хийх нэрийн дор хүүхдийн мөнгийг халамжийн төрөлд шилжүүлсэнд ихэнх эцэг, эх гомдолтой байгаа.

Угтаа бол улс орон бүр өөрийн орны харьяалалтай хүүхдэд мөнгөн тусламж үзүүлдэг. Монголтой харьцуулахад халамж гэж үздэггүй бөгөөд хүүхэд бүрд тэтгэмж олгодог онцлогтой. Тиймээс иргэд төрийн мэдээллийн сан алдаатай байгаагаас хохирч, бухимдаж, олон удаа харьяа байгууллагууд руу холбогдож, боломжтой амьдралтай хүний тоонд орж хүүхэд нь мөнгөн тэтгэмжээс хасагдсан явдалд бухимдаж байгаа аж.

Б.ЖАВХЛАН:  ХҮҮХДИЙН МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ЗАСГИЙН ГАЗАР ДУР МЭДЭН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОМЖГҮЙ

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох талаар Засгийн газрын зүгээс байр суур мөн илэрхийлсэн. Тодруулбал, Сангийн сайд Б.Жавхлан "2023 оны төсөв батлагдаж, хэрэгжээд нэгдүгээр улирал дуусах гэж байна. УИХ нэгэнт баталсан төсвийн хүрээнд л Засгийн газар үйл ажиллагаа явуулна. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ дээр л яригдана гэсэн үг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц дээр энэ асуудал мөн яригдаж байгаа. Цэцэд тайлбар хүргүүлэхээр мөн гишүүд томилогдож ажиллаж байна.

МАН-ын бүлгээс чиглэл өгсөн тухайд улс төрийн асуудлууд яригдаж байгаа.

Ер нь бол бид төсвийн шинэчлэлтийн хүрээнд том шийдвэр гаргасан шүү дээ. Анх судалгаа хийхэд нийт хүүхдийн 40-60 хувьд хүүхдийн мөнгө олгох талаар хүртэл яригдаж байсан. Мэдээж шууд иргэдийн тал хувийг хүүхдийн мөнгөнөөс хасах боломжгүй. Гэхдээ халамжаас хөдөлмөр рүү шилжих бодлого зөв. Хүүхдийн мөнгө цар тахлын хугацаанд үндсэн үүргээ биелүүлсэн. Тийм учраас төсөв дээр багагүй том зардал болж байгаа хүүхдийн мөнгийг илүү хэрэгцээт хэсэг, зорилтот бүлэг рүү чиглүүлье гэж үзсэн" гэсэн юм.

Хүүхдийн мөнгийг халамж болгож алагчилж байгаад бухимдаж байгаагаа иргэд цэцээс шударга шийдвэр гарна гэдэгт итгэж хүлээж байна. Харин Засгийн газраас өгөх тайлбарыг авч үзвэл цэц дээрх шийдвэрийг яагаад ч Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй бизээ. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн Цэц зөв шийдвэр гаргаж асуудлыг нэг талд эцэслэхийг хүлээх л үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж