Нэг сэдэв, найман эх сурвалж: Хүндээ хөрөнгө оруулах уу, хүчирхийллийн хэргийг тоолох уу?!

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

Нэг сэдэв, найман эх сурвалж: Хүндээ хөрөнгө оруулах уу, хүчирхийллийн хэргийг тоолох уу?!

Нэг сэдэв, найман эх сурвалж: Хүндээ хөрөнгө оруулах уу, хүчирхийллийн хэргийг тоолох уу?!

Цоожтой хаалга. Чанга хашгирах дуу, ёолон уйлах хэн нэгэн.  Дүлий хөрш, хөлдүү цагдаа… Шүгэл байгаад ч хүчирхийллийг зогсоож чадахгүй. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүнээ чанаржуулах хэрэгтэй. Хүний хүмүүжил, нийгмийн ёс суртахуун хүчирхийлэлтэй шууд хамааралтай. Нэмээд нийгмийн стресс бухимдал, ажилгүйдэл, ядуурал, орлогын тэгш бус байдал, боловсролын ялгаа, гэр бүлийн төлөвлөлт, гэр бүлээс гадуурх харилцаа гэх мэт олон хүчин зүйлс гэр бүлийн хүчирхийллийн шалтаг, шалтгаан болдог. Хүчирхийлэл янз бүр. Бие махбодь, бэлгийн дарамтаас эхлээд үл хайхрах, хэл амаар доромжлох нь хүчирхийллийн нэг хэлбэр. Эрэгтэй, эмэгтэй, боловсролтой, боловсролгүй, баян, ядуу хэн байхаас үл хамаараад хүчирхийлэгч байдаг, хүчирхийлэлд өртдөг.

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж судлаачид ярьдаг, зөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч хүчирхийллээс бий болдог гэсэн үг.

Гэр бүлийн хүчирхийлэл Монголд жилээс жилд нэмэгдэж байгаа нь нийгмийн эмзэг, эмгэг асуудал болсон. Өнгөрсөн 2022 онд цагдаад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар өсчээ. Үүний цаана цагдаад хандаагүй хэчнээн хохирогч бие, сэтгэлийн зовлон шархтай явааг хэлэхэд хэцүү.

Энэ удаагийн “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ”-аар Гэр бүлийн хүчирхийллийг хөндөж байна.

ЭХ СУРВАЛЖ 1

“ХҮҮХДҮҮД МААНЬ ААВААСАА МАШ ИХ АЙДАГ”
9C9A9125

Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Түр хамгаалах байранд биднийг очиход хоёр ээж хүүхдүүдийнхээ хамт байв. Тус байраар үйлчлүүлсэн хүчирхийллийн хохирогч, гэрчүүдийн 90 орчим хувийг охид, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд эзэлдэг аж. Тэдний нэг, гэр бүлийн хүчирхийллийн улмаас түр хамгаалах байранд байрлаж буй ээжтэй /нэрийг нь нууцлав/ ярилцлаа.


-Түр хамгаалах байранд ирээд хэд хонож байна вэ?

-Би хүүхдүүдтэйгээ энд ирээд найм хонож байна. Манай гэр бүлийн хүн архины хамааралтай. Ойрын гурав, дөрвөн жил архийг ихээр хэрэглэж эхэлсэн. Өмнө нь ажил хийдэг байсан ч архи уудаг болсноос хойш огт ажил хийгээгүй. Нөхөр маань архи уусан үедээ надад хааяа гар хүрнэ. Хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамт үзүүлдэг.

-Гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ. Хэдээс хэдэн насны хүүхэдтэй вэ?

-Нөхөр бид хоёр гэр бүл болоод 14 жил болж байна. Манайх дөрвөн сартай нярайгаас 12 хүртэлх насны зургаан хүүхэдтэй. Манай гэрт байнгын архидалт болдог болохоор хүүхдүүд маань их айдастай байдаг. Бид эндээс гарвал буцаад л гэртээ очно. Тиймээс аюулгүй болсон нөхцөлд  эндээс гарна гэж бодож байгаа.

Сэтгэл санааны байнгын дарамт, хүчирхийлэлд өртдөг байсан гэдгээ энэ төвд ирээд мэдлээ. Нөхөр бид хоёрын хооронд бүлийн харилцаа гэж огт байдаггүй. Одоо гэртээ харихаараа хоорондын харилцаандаа илүү анхаарах болно.

Би хүчирхийллийн хохирогч гэдгийг аюул заналхийлэлд өртсөн, зодуулж нүдүүлсэн хүнийг хэлдэг гэж ойлгож байснаас сэтгэл санааны дарамтыг хүчирхийлэл гэж боддоггүй байсан. Миний буруу ч байгаа. “Энэ архичинтай юу ярих юм бэ” гэж үл тоодог бол нөхөр маань “Хүүхэд цувуулаад л байж байдаг авгай” гэх маягтай үл тоодог байсан.

-Та цаашдаа яая гэж бодож байна вэ?

-Нялх хүүхэдтэй болохоор ажил хийх боломжгүй байна. Уг нь ажил хийж, хэдэн төгрөгтэй болмоор байдаг. Гэтэл нөхөр маань “Чи ийм олон хүүхэдтэй байж ажил хийж яах юм бэ”, “Чамайг ямар ажил авдаг юм бэ” гэж хэлдэг. Нэг хүний орлогоор олон ам бүл тээнэ гэхэд бэрх. Гэсэн ч би нөхрийнхөө хэлснээр үгэнд нь орж, хүлцэнгүй ханддаг байсан. Охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд ямар нэгэн байдлаар эрх чөлөөнд нь халдаж, бие эрхтэнд хүрэх байдал гаргавал хүчирхийлэл даамжрахаас өмнө хорооны хамтарсан баг, цагдаагийн утсанд мэдэгдэхийг зөвлөж байна. Хүчирхийлэл даамжирч бие биеийнхээ эрүүл мэнд, амь насанд хүрэхээс өмнө зоригтой хэлж, таслан зогсоох ёстой юм байна.

ЭХ СУРВАЛЖ 2

“ГЭР БҮЛИЙН ХОХИРОГЧИД АМИА ХОРЛОХ ЭРСДЭЛТЭЙ”
9C9A9089

Сэтгэлзүйч Ч.Төгсбүрэнтэй ярилцлаа. Тус байрны сэтгэлзүйчид гэр бүлийн хүчирхийллийн 107 тусгай дугаарын утсан дээр дуудлага хүлээн авч, зөвлөгөө өгдөг аж. Энэ оны эхний улирлын байдлаар нийт 2136 иргэн хандсанаас 346 иргэн нь сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө авсан бол бусад зөвлөгөөг 1790 иргэнд өгчээ. Уг тусгай дугаарын дуудлага мэдээлэл шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг аж.Ингээд сэтгэлзүйчийн яриаг хүргэе.


-Түр хамгаалах байранд ажиллаж буй сэтгэлзүйчид сэтгэл зүйн тусламж нэн шаардлагатай байгаа иргэдэд “яаралтай” тусламж үзүүлдэг. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсээс гадна бага насны хүүхдүүд цөөнгүй ирдэг байх?

-Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, зарим тохиолдолд гэрчүүд ирдэг. Ихэнхдээ хохирогч ээжүүд хүүхдүүдтэйгээ байрладаг. Эрэгтэй хүмүүс ганц нэг ирэх тохиолдол бий. Энд ирж байгаа нэг гэр бүлийн цаана хоёр дээш тооны хүүхэдтэй байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч тухайн асуудлаасаа болоод маш их сэтгэл зүйн дарамтад орж, айдаст автсан, өөртөө итгэх итгэлээ алдсан гэх мэт маш олон сэтгэл зүйн сөрөг нөлөөлөлтэй ирдэг. Бид энд ирж буй иргэдийн сэтгэл зүйтэй тулж ажиллах шаардлага гардаг.

-Тэднийг сэтгэлзүйг эмчлэхэд хэр хугацаа ордог вэ?

Богино хугацаанд стрессийг нь тайлах, цаашид үүнээс хэрхэн гарах вэ, хэрхэн зөв эрүүл шийдвэр гаргах вэ гэдэг талаас нь зөвлөгөө өгнө. Иргэд үйлчлүүлэгчидтэйгээ бид ганцаарчилсан зөвлөгөө өгч, уулзалт ярилцлага хийнэ. Шаардлагатай гэвэл бүлгийн сургалтад хамруулж, дасгал хөдөлгөөн хийнэ. Ялангуяа гэр бүлээрээ харилцан ярилцаж, энэ асуудал зөвхөн ээжийн асуудал биш гэдгийг ойлгуулах цогц сургалт явуулдаг. Сүүлд нэг эмэгтэй ирэхдээ дотор нь бачимдаж, маш их стресстэй ирсэн. Сэтгэлээ онгойлгох хүнгүй орилоод л уйлаад байсан. Нөхөртөө голдоо ортол гомдсон нь мэдрэгдэж байсан. Тийм хүмүүс маш их ирдэг. Хүүхдүүд энд ирэхээр тайван болчихдог. Эндээс явахгүй гэнэ. Гэртээ харихгүй гэх тэднийг харахаар сэтгэл өвддөг. Түүнчлэн хадам ээж ааваасаа болж хүчирхийлэлд өртсөн хүмүүс ирж байна. Хохирогчид сэтгэл зүйн стрессээ гаргахгүй удаан хугацаанд хадгалж, гадагшлуулахгүй бол сэтгэл гутрал, бүр цаашилбал амиа хорлох үйлдэл хийх эрсдэлтэй байдаг.

ЭХ СУРВАЛЖ 3

"ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДҮҮД СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ИЛҮҮ ИХ ХОХИРДОГ”
4site

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст 2023 он гарснаас хойш гэр бүл дэх хүүхдийн эсрэг хүчирхийллийн 5 гомдол иржээ. Түүний 4 нь эмэгтэй, 1 нь эрэгтэй хохирогч байсан аж. Хуулийн дагуу тэдгээр гомдлыг цагдаагийн байгууллага болон хамтран багт шилжүүлсэн байна. Бид гэр бүлийн хүрээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, түүнийг хэрхэн бууруулах боломжтой талаар хуульч О.Батхүүгээс тодрууллаа.


-Хүүхэд хүчирхийлэлд хамгийн их өртдөг газар бол гэр бүлийн орчин гэж үздэг юм билээ. Үүнд нөлөөлж буй үндсэн шалтгаан юунд байна вэ?

-Гэр бүл хэрүүл маргаантай байх, эцэг эх нь архины хамааралтай байх нь хүүхдийн хүчирхийлэл бий болох үндсэн нөхцөл болдог. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл, 0-3 насны хүүхэд хамгийн их өртдөг гэсэн судалгаа байдаг. Энэ нь бага насны хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хамгаалах чадваргүй байдагтай холбоотой. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны гэж ангилж болно. Зарим улсад эцэг, эх хүүхдээ асран хамгаалах үүргээ гүйцэтгэхгүй байхыг хүчирхийлэлд тооцдог. Тухайлбал, хүүхдийг хооллохгүй байх, дулаан хувцаслахгүй байх, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, сурч боловсрох орчин нөхцөлөөр хангахгүй байх зэргийг мөн хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бие махбодын гэхээс илүү сэтгэл санааны хувьд илүү их хохирдог гэдэг?

-Тийм ээ. Сэтгэл санааны хувьд илүү их хохирдог. Хүчирхийллээс бий болсон стресс, айдас нь урт хугацаанд амиа хорлох буюу хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг. Хүүхдийн бие бүрэн өсч бойжоогүй, хэврэг байх үед авсан гэмтэл бэртэл үхэлд ч хүргэх аюултай.

-Ихэвчлэн нууц, далд байдгаас үүдэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоо буурахгүй байна уу?

-Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийлэл дарагдаж өнгөрөх магадлалтай. Эмнэлгийн байгууллагад хандахад өөрөө унасан, санамсаргүй байдлаар хүүхдээ гэмтээчихлээ гэж мэдүүлэх нь түгээмэл байдаг. Иймд тухай бүр асуумж бөглүүлж, хүүхэдтэй ганцаарчлан ярих шаардлагатай гэж үздэг. Тийм ч учраас бусад оронд хөршийн буюу ойр тойрны хүмүүсийг хараа хяналт сайн тавьж, хүүхэд хүчирхийлүүлж болзошгүй нөхцөд байдал илэрвэл цагдаагийн байгууллагад ханддаг соёл суулгасан байдаг. Манайханд ийм соёл суугаагүй байгаа нь хүүхдийн хүчирхийлэл гаарах шалтгаан болж байж магадгүй.

-Хөршийн хүүхэд уйлж байсан ч бид тоодоггүй шүү дээ. Үүнд аминч үзэлтэй томчуудын буруу бас бий байх?

-Хажуу айлд нь хүүхэд уйлахад хэр баргийн тоодоггүй. Харин бусад оронд шууд цагдаа дууддаг байх жишээний. Хэрэв хүн бүр хүүхдийн хүчирхийлэлд санаа тавьдаг бол энэ олон хүүхэд гэмтэж бэртэж, хүчирхийлэлд өртөхгүй байх боломжтой гэж боддог.

-Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөлд ямар зүйл заалт зайлшгүй оруулах шаардлагатай гэж та бодож байна вэ?

-Одоо боловсруулагдаж буй гэр бүлийн хуульд хүүхдийн хүчирхийлэлттэй холбоотой заалтыг зайлшгүй оруулах шаардлагатай. Мөн гэр бүл салсан нөхцөлд хүүхдийн тэтгэлгийн асуудал яригдана. Одоогийн хуулиар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоохоор заасан нь үнэхээр хангалтгүй байгаа юм. Мөн хүүхдийн тэтгэлэг төлөх байдал туйлын хангалтгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар маш олон гүйцэтгэх хуудас хүлээгдэж байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдийн тэтгэлгийг бүр шүүхийн шийдвэр гараад байхад хүртэл төлдөггүй гэсэн үг. Тиймээс хуулийн төсөлд тухайн иргэний данснаас шууд суутгадаг байдлаар оруулах шаардлагатай. Хүүхдийн тэтгэлэг төлөгдөхгүй байснаас хүүхэд хоол хүнс, ном дэвтэрээ ч авч чадахгүй гэсэн үг. Тиймээс энэ талаар заалт заавал оруулах хэрэгтэй. Үүнээс гадна тэтгэлгийн хэмжээг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хүүхэд сургуульд сурах, ном дэвтэр авах, дугуйланд явах, чөлөөт цагаа өнгөрөөх, эмнэлэгт хэвтэх зэрэгт тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй болно. Ганц бие эцэг, эх энэ бүх зардлыг дааж чадахгүй. Хуулиар тогтоосон тэтгэлгээр энэ бүх зардлыг төлж хүрэхгүй. Тиймээс хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны доод түвшнээс биш, эцэг эхийн орлоготой уях нь зөв гэж боддог. Мөн хүүхдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд дүйцүүлэн өгдөг улсууд ч бий.

ЭХ СУРВАЛЖ 4

С.ОДОНТУЯА: МОНГОЛ УЛС ХҮНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛААГҮЙГЭЭС БОЛЖ ХҮЧИРХИЙЛЭЛ БУУРАХГҮЙ БАЙНА
277958796_552785129454157_1535695690202252563_n

Гэр бүлийн хүчирхийллийн хууль эрх зүйн орчны талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн байр суурийг хүргэж байна. 


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг чангатгах ёстой гэж олон нийт үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан гарсан. Тус хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой хэмжээнд зааж өгсөн. Тус хууль хэрэгжсэнээр нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон ажил хийгдсэн. Нэг үеэ бодвол гэр бүлийн хүчирхийлэлийн гэмт хэрэг гарахад хамтарсан баг ажилладаг, хүчирхийлэлд өртсөн хүүхэд болон гэр бүлийн гишүүдийг хамгаалах байранд авдаг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй айл өрхүүдийн талаар эрсдлийн үнэлгээ хийдэг, хүүхдийн эрхийг хамгаалах байцаагчид ажилладаг, нөлөөллийн арга хэмжээ сургалт, сурталчилгаанд мөнгө хөрөнгө төсөвлөдөг гэх мэт сайжирч байгаа зүйлүүд бий. Гэр бүлийн хүчирхийллийн гол хохирогч нь ихэвчлэн хүүхдүүд байдаг учраас хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын хуулийн дагуу олон ажил хийгдэж байгаа нь сайшаалтай. Цаашид бидний хамгийн гол анхаарах асуудал бол ерөөсөө л урьдчилан сэргийлэх ажил юм. Ниргэсэн хойно нь хашхирдаг биш ниргэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч чадвал энэ жинхэнэ үр дүнтэй ажил болно.

-Гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Гэр бүлийн хүчирхийллийн тоо хэмжээ буурахгүй байгаагийн гол шалтгаан бол монгол хүндээ хөрөнгө оруулахгүй орхисноос үүдэн хувь хүний хөгжил төлөвшил, хүмүүжлийн доголдол бий болчихсон. Зөв монгол хүнийг бий болгосон цагт бид хүчирхийлэлгүй нийгмийг бүтээнэ. Тиймээс ёс суртахууны өндөр мэдрэмжтэй, ёс зүйтэй зөв хүнийг бий болгочихвол зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн асуудал ч биш нийгмийн олон асуудлыг давхар шийдэж болно. Монгол хүн хөгжлийн доройтол орохоос гадна хүмүүжлийн доройтол доголдолд орчихсон байна. Тухайлбал, хэчнээн хөрөнгө мөнгө, цаг хугацаа сэтэл зүрх гаргаад байгуулсан бүтээн байгуулалтыг хэдхэн өдрийн дотор сүйтгэчихэж байгаа нь зө хүнийг бий болгоход биш материаллаг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд ямар ч үр дүнгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Яг үүнтэй нэгэн адил гэр бүлийн хүчирхийлэлтэй улс даяараа, цэрэг цагдаатайгаа нийлээд хичнээн тэмцээд ч төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тийм учраас зөв монгол хүнийг бий болгоход анхаарчихвал энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх нь эцэг эх, томчууд биднээс ихээхэн шалтгаална. Ирээдүйгээ хүчирхийллээс ангид байлгахын тулд сургуулийн өмнөх боловсролын шатанд нь суурь хүмүүжлийг нь сайн тавьж ёс суратхуунтай иргэнийг төлөвшүүлэх ёстой.

-Хүүхдүүд хаана хүчирхийлэлд хамгийн их өртдөг вэ?

-Судалгаанаас харахад сэтгэл эмзэглүүлэх тоо баримт олон байна. Тухайлбал, гурван хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна. Ирээдүй болсон хүүхэд багачуудаа хамгаалж чадахгүй байгаа орон, улс орны аюулгүй байдал гэж ярих нь өрөөсгөл санагддаг. Бид хүүхдүүдээ бүх төрлийн эрсдэл, аюулаас хамгийн түрүүн хамгаалдаг байх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн үзүүлэлтийг аваад үзэхээр хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийнхээ орчинд хүчирхийлэлд өртөж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Судалгаанаас үзэхэд хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн 5 хувь нь гудамжинд, 53 хувь нь сургууль дээрээ, 42 хувь нь гэр бүлийнхээ орчинд хүчирхийлэлд өртөж байна.

Үүнээс үзэхэд хүүхэд хамгийн авулгүй байх ёстой гэр бүл, сургуулийн орчинд хамгийн их хүчирхийлэлд өртөж байгаа нь сэтгэл сэртхийлгэм дүн. Хүүхдийн хамгийн их итгэдэг аав, ээж, эмээ өвөө, ах эгч, хойд эцэг,эх  хамтран амьдрагчид тэднийг хамгийн ихээр хүчирхийлж байна гэсэн үг. Тиймээс залуучууддаа нөлөөллийн ажлууд хийж гэр бүл төлөвлөлт, үүрэг хариуцлагын талаар гэр бүл зохиохоос өмнө сайтар сурталчилан таниулах нь зөв юм. Өсвөр насны охидын дунд хүсээгүй жирэмслэлтийн тоо өндөр байна. Өсвөр насандаа жирэмсэн болсон охидын 10 хувь төрөх сонголт хийж ээж бол байна. Энэ бол хүчирхийллийн бас нэг хэлбэр. Миний хувьд 2007-2010 онд Хүүхэд хамгааллын хуулийг батлуулахаар судалгаа хийж байхад тухайн үед 4342 хүүхэд хүчирхийлэлд өртснөөс 10 хувь нь буюу 434 хүүрэд нас барсан,57 хувь нь хүнд гэмтсэн дүн мэдээ гарч байсан. Энэ бол маш аймшигтай тоо баримт юм. Бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой заалтууд оруулсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хүүхэдтэй хэрцгий харьцсан бол нийтэд тустай ажил хийлгэнэ эсвэл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэж байна. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүүхэдтэй хэрцгийн хандсан хүнд хүлээлгэхэд дэндүү хангалтгүй хариуцлага байгаа юм. Энэ зүйл заалтыг өөрчлөх нэн шаардлагатай. Хүүхдийг хүчирхийлсэн, гэмтээсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах зүйл заалтаар хариуцлага хүлээлгэдэг улс дэлхийд байхгүй байх. Ийм хэрэг, зөрчил гаргасан этгээдүүдийг тусгаарлахгүй л бол далд яргалал дийлдэхээ болих вий.

ЭХ СУРВАЛЖ 5

"ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН ХОХИРОГЧДЫН 70 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН”
huchirhiilel

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2018 оноос “Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр дамжуулж гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй.

Тус нэгжийг 2022 оны байдлаар 3,5 дахин нэмэгдүүлж, 12 түр хамгаалах байр,  нэг цэгийн үйлчилгээний төвийг шинээр байгуулсан байна.

Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 17 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаагаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, хэлтсийн дэргэд 13 түр хамгаалах байр, есөн нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 21 нь тогтвортой үйлчилгээ үзүүлж байна. 2022 оны байдлаар 1569 насанд хүрэгч, 3226 хүүхэд буюу нийт  4795 иргэнд аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлжээ.

ГБХЗХГ-ын дарга Г.Мөнхнасан: Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн онд 111 мянга 776 дуудлага ирсэн. Дуудлагыг дотор нь зорилтот болон зорилтот бус гэж ангилдаг. Зорилтот дуудлага нь дотроо зөвлөгөө, мэдээлэл, хүүхдийн эрх хамгаалал гэж гурав задардаг. Зорилтот бус гэдэгт шалгах, тоглох зэрэг хамаарч байгаа. 2022 онд 64 мянга 811 ирснээс хүүхэд хамгааллын чиглэлээр 16 мянга 300 бүртгэгдсэн байна.

Дотор нь ангилж үзвэл:

  • Бие махбодийн хүчирхийлэл- 3241
  • Бэлгийн хүчирхийлэл- 393
  • Сэтгэл санааны хүчирхийллийн дуудлага мэдээлэл-3308
  • Үл хайхрах хүчирхийлэлтэй холбоотой 3201 дуудлага тус тус ирсэн.

"ТҮР ХАМГААЛАХ БАЙРАНД НЭГ ХҮҮХЭД ДЭЭД ТАЛ НЬ ЖИЛ ОРЧИМ АМЬДАРСАН"

“Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв”-д нэг хүүхдийн байрласан дундаж хоног долоо, дээд тал нь 1,2 жил байгаа аж. Нийт үйлчилгээ авсан хохирогчийн 67 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа  бөгөөд тэдгээрийн 70 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс хүчирхийлэлд өртөж хохирсон байна.

Цар тахлын жилүүдэд буюу 2020-2021 онд гэр бүлийн хүчирхийлэл өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээнд өсч эхэлжээ.

Харин өнгөрсөн 2022 онд дээрх тоо дахин өссөн болохыг дараах хүснэгтээс харах боломжтой.

Хүснэгт 1. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн үйлчлүүлэгдийн тоо

Үзүүлэлт

2020 он

2021 он

2022 он

Нийт

Хүүхэд

2161

2916

3226

11757

Насанд хүрэгч

1469

1657

1569

5479

Нийт

3630

4573

4795

17236

 Гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалж:

  • 2018 онд-1369 хүүхэд,
  • 2019 онд- 2020 хүүхэд,
  • 2020 онд- 2147 хүүхэд,
  • 2021 онд- 2921 хүүхэд,
  • 2022 онд- 3226 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй нь ажиллаж байгааг ГБХЗХГ-аас мэдээллээ.

Мөн тус төв гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд хамтарсан багийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Хамтарсан баг сүүлийн гурван жилд 55 мянга гаруй кэйс дээр ажиллаж байна

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 20 дугаар зүйлд хамтарсан багийн бүтэц, чиг үүргийг тусган баталсан. 2017 онд Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын А/173, А/251, А/380 дугаар хамтарсан тушаалаар “Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам” батлагдаж, 2022 оны байдлаар улсын хэмжээнд сум, хорооны Засаг дарга ахалсан 735 хамтарсан багт 6163 гишүүн ажиллаж байгаа аж.

Хүснэгт 2. Хамтарсан багийн үйлчилгээ

Үзүүлэлт

2020 он

2021 он

2022 он

Хамтарсан багийн тоо

728

731

735

Гишүүдийн тоо

5649

6 063

6163

Нийт кейс

5541

12 229

9163

Шийдвэрлэсэн кейс

3116

6946

5 357

Ажиллаж байгаа кейс

2425

5283

3 806

Хүүхэд хамгааллын үйлчилгээ

19 679

21 566

14 227

Нийгмийн халамжийн үйлчилгээ

Хүүхэд 6345

Насанд хүрэгч

8163

Хүүхэд 12 651

Насанд хүрэгч

13 530

Хүүхэд 2 404

Насанд хүрэгч

2 146

Сэтгэл зүйн үйлчилгээ

Хүүхэд 1920

Насанд хүрэгч 3876

Хүүхэд 3 176

Насанд хүрэгч 4 522

Хүүхэд 3 176

Насанд хүрэгч 4 522

Эрх зүйн үйлчилгээ

Хүүхэд 1638

Насанд хүрэгч 2460

Хүүхэд 1,907

Насанд хүрэгч 3 048

Хүүхэд 1 909

Насанд хүрэгч 2 357

Хамгаалах байранд холбон зуучилсан

2186

 

3308

 

3620

 

ЭХ СУРВАЛЖ 6

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ МОНГОЛ УЛС ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ?
Шүүх хүрал

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг таван жил боловсруулж, 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр анх батлагдаж байжээ. Тодруулбал гурван Засгийн газар дамжсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг  2017 онд хоёр удаа, 2019 онд нэг удаа шинэчилсэн найруулгаар засч, 2021 болон 2022 онуудад хуульд өөрчлөлт оруулж, хамгийн сүүлд 2022 оны арваннэгдүгээр сард хуулийн зарим хэсгийг хүчингүйд тооцжээ.

2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 46 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"46 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

46.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.10 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсгийн "хэмжил зүйн" гэснийг ", техникийн зохицуулалтын" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын "бодлого, үндэсний хөтөлбөрийг баталж," гэснийг "бодлого, хөтөлбөрийг" гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалтын "эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл" гэснийг "хөгжлийн жилийн төлөвлөгөө" гэж, "хөтөлбөрийн" гэснийг "төлөвлөгөөний" гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.1 дэх хэсгийн "нийслэл, сум," гэснийг "сум, нийслэл," гэж, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн "багийн" гэснийг "баг, хорооны" гэж, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "дүүрэг, баг" гэснийг "баг, дүүрэг" гэж, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн "дүүрэг, аймаг" гэснийг "аймаг, дүүрэг" гэж тус тус өөрчилсүгэй.

2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай

1 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас гадна гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дараах хууль, хуулийн заалтууд бий.

Эрүүгийн хууль

11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 

1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;

2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хууль:

5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих

4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:

4.1.зодсон;

4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;

4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;

4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан "хууль зөрчих" гэж хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.

6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих

7.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн онцлог

  • Хүний үндсэн эрхэнд байнга халддаг
  • Хүний нэр төртэй холбоотой эмзэг асуудал
  • Хүчирхийлэл нь санаатай үйлдэгддэг
  • Тогтвортой үргэлжилдэг тэгш бус харилцаа
  • Давтамж, даамжрал ойртох хирээр учрах аюул ноцтой болдог
  • Гүтгэх, тарчлаах, гэмтэл учруулах, танхайрах гэх мэт гэмт хэрэг дарагддаг
  • Өөр хүнтэй суусан ч хүчирхийлэл үйлдэгч хэвээрээ байдаг
  • Гэр бүлийн хүчирхийлэл нь салсаны дараа ч үргэлжилдэг
  • Зан үйл өөрчлөгдөөгүй цагт хүчирхийлэл байнга давтагдаж байдаг

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

  1. Бие махбодын хүчирхийлэл

Хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

  1. Сэтгэл санааны хүчирхийлэл

Хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ.

  1. Эдийн засгийн хүчирхийлэл

Хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсаныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ.

  1. Бэлгийн хүчирхийлэл

Хүнийг эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ. 

 

ЭХ СУРВАЛЖ 7

ТОМЧУУДЫН ДУРЛАЛЫН ЗОЛИОС ХҮҮХЭД БАЙХ ЁСГҮЙ!
huchirhiilel

Ээжийнхээ хамтран амьдрагчид үхлүүт болтлоо зодуулсан гуравхан настай хүү. Хамгаас хайртаa ээж нь түүнийг “араатнааас аварсангүй”. Аав нь хажууд нь байсангүй. Томчуудын хайр дурлал, гэр бүлийн маргаан, салалтын хамгийн том хохирогч нь хүүхэд болдог. Бид нэг удаагийн кэйс, нэг удаагийн хүчирхийлэл дээр дуу, дуугаа авалцан шүүмжлэхээс илүү гэр бүлийн хүчирхийллийн үндсэн шалтгааныг олж харах ёстой. Монгол Улсын хэмжээнд өрх толгойлсон  эцэг, эх 70 мянга давсан нь нийгмийн эмзэг асуудал болсон. Өөрөөр хэлбэл, Монголд гэр бүл салалт маш их байгааг дээрх тоо харуулж буй юм. 

Жилдээ 3.3 мянга гаруй хүн гэр бүлийн бүртгэлээ салгадаг агаад тэдний 96 хувь нь хүүхэдтэй гэх тоон үзүүлэлт ч бас байна.  Нэг гэр бүл дунджаар  хоёр хүүхэдтэй гэж тооцвол долоон мянган хүүхэд томчуудын “хайр дурлал”-ын золиос болдог гэсэн үг. Эдгээр тоонууд монголчуудад гэр бүлийн боловсрол, гэр бүл төлөвлөлт дутмаг байгааг харуулж байна.

Гэр бүлээ цуцлуулж байгаа хосуудын мэдүүлэг болон судалгаанаас харахад хосууд ихэвчлэн доорх гурван шалтгаанаас болж гэр бүлээ салгаж буйг судлаачид хэлж байна.

Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд шалтгаан болдог

Хоёрдугаарт, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа

Гуравдугаарт, хол тусдаа байсан гэсэн шалтгаанаас үүдэж гэр бүл салдаг.

Түүнчлэн боловсролын болон хүмүүжлийн ялгаа , орлогын зөрүү багагүй нөлөөлдө аж.  Гэр бүл салалт нэмэгдэхэд нийгмийн тогтворгүй байдал, хүүхдийн төлөвшил, хүмүүжил, хувь хүний сэтгэлзүйн байдал болон ажлын бүтээмж зэрэг олон асуудлуудад сөргөөр нөлөөлдөг. Энэ хэрээр гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх болсныг ч судлаачид анхааруулдаг.

Монгол залуучуудын хувьд гэр бүл төлөвлөхдөө сэтгэлийн хөөрлөөр ханддаг.  Нөхөр, эхнэрийнхээ сайн мууг мэдэх нь бүү хэл аав, ээж ах дүүтэй нь танилцалгүй нэг гэрт, нэг хөнжилд орж хүүхэдтэй болчихдог нь гэм биш зан. Эцэстээ нэг гэрт амьдарч, асуудал, бэрхшээл үүсэх бүрд үүрэг хариуцлагаа хүлээхээс зайлсхийхдээ хийдэг ганц сонголт нь салалт байдаг.  Салж, нийлэх нь өнөөгийн монгол гэр бүлийн хувьд алга урвуулахтай адил хямдхан зүйл болсон. Үүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэл Монголын нийгмийн хамгийн эмзэг асуудал болсон.

Дэлхийн зарим улс орнуудад гэр бүлийн салалтыг маш хатуу чанд хариуцлага оногдуулах замаар хянаж шийддэг. Мөнгөн торгуулиуд  өндөр учраас гэр бүлээ төлөвлөх, гэр бүл салгахдаа залуус сэтгэлийн хөөрлөөр хандах нь цөөн. Монголд эсрэгээрээ. Төрсөн хүүхдэдээ тэтгэмж өгөхгүй зугатаадаг ээж, аав олон. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцье гэвэл гэр бүлийн салалтад анхаарах цаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ 8

ГАДААД ОРНУУД ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ?
336357967_1266157650658563_3996020633727785038_n

Дэлхийн хүүхдүүдийн тал хувь нь жил бүр бие махбодь, бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж, бэртэж гэмтэн, хөгжлийн бэрхшээлтэй болж, нас бардаг гэх харамсалтай статистикийг НҮБ-аас гаргажээ. Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх олон улсын мэдээллийг 2020 онд анх удаа гаргасан. Уг судалгаанд хамрагдсан 155 орны 88 хувь нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хуультай боловч 47 хүрэхгүй хувь нь л хуулиа чанд мөрдүүлдэг аж.

Үүнээс гадна улс орнуудын 80 орчим хувь нь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлоготой боловч зөвхөн 1/5 нь бүрэн санхүүжүүлсэн эсвэл хэмжигдэхүйц зорилттой төлөвлөгөөтэй байдаг. Санхүүжилт дутмаг, мэргэжлийн чадавхи хангалтгүй байгаа нь нөлөөлөх хүчин зүйл бөгөөд хэрэгжилт удаашралтай байгаа шалтгаан байж магадгүй юм.

АНУ

АНУ-ын 2021 оны статистик мэдээллээс харахад 588229 хүүхэд хүчирхийлэлд өртжээ. Энэ нь 618399 хүүхэд хүчирхийлэлд өртсөн 2020 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 2021 оны үзүүлэлт нь 2012 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Үндсэндээ 2018 оноос хойш АНУ-ын хүүхдийн хүчирхийллийн тоо тасралтгүй буурсаар байна. Мөн хүчирхийллийн тухай олж мэдсэн бол заавал мэдээлэхийг, нуун дарагдуулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг хуульд заасан байдаг.

Холбооны засгийн газраас Хүүхдийн хүчирхийллийн тухай хуулийг 1974 баталсан бөгөөд 2010 онд дахин баталжээ. Энэ хуулийн зорилго нь хүүхдийг бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэх мэт бүх төрлийн хүчирхийллээс ангид байлгах юм.

Хүүхдээс гадна АНУ-д жил бүр 10 сая гаруй эр, эм хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэх тооцоо бий. Нийт хүчирхийллийн гэмт хэргийн 15 хувийг хохирогчийн дотны хүн үйлдсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай утсанд өдөрт 20 мянга гаруй дуудлага ирдэг.

Япон

Япон улсад 2021 онд хүүхдийн хүчирхийллийн 207659 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноос 2615-аар нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт тохиолдлын 60 орчим хувь нь тухайн хүүхэд хүчирхийллийн гэрч болсон тохиолдол байна. Тодруулбал, хүүхэд гэр бүлийн гишүүнээ хүчирхийлэлд өртөж байгааг харснаар өөрөө ч хүчирхийлэлд өртсөн гэсэн үг юм. Хүүхдийн хүчирхийллийн тухай мэдээлэлд хайхрамжгүй хандсан 31452 тохиолдол, бэлгийн хүчирхийллийн 2247 тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэл санааны хүчирхийллийн хэрэг өмнөх оноос 3388-аар өссөн бол бие махбодийн хүчирхийлэл 797-оор буурсан байна.

Өмнөд Солонгос

2020 оны аравдугаар сард 16 сартай охин мохоо биет зүйлээр зодуулсны улмаас дотуур цус алдаж нас барсан хэрэг Өмнөд Солонгосын нийгмийг донсолгосон. Задлан шинжилгээгээр охины биеийн олон яс хугарсан нь тогтоогдсон бөгөөд бяцхан, тэжээлийн дутагдалд орсон бие нь нил хөх няц болсон байв.

Эрүүл чийрэг, цовоо сэргэлэн охиныг 8 сарын өмнө өргөж авсан эх нь түүнийг ийнхүү харгислаж амь насыг нь хохироосонд олон нийт улам эгдүүцсэн. Энэ хэргээс улбаалан хүүхдийн хүчирхийллийг зохицуулах хууль тогтоомжид "Жун Инийн хууль" нэртэй нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх бүх мэдээллийг цагдаагийн байгууллага цаг алдалгүй шалгах үүрэгтэй болсон. Мөн хүчирхийлэлд өртсөн гэж сэжиглэгдсэн тохиолдолд хүүхдийг байрнаас нь гаргах эрхийг цагдаагийн алба хаагчид болон нийгмийн ажилтнуудад олгожээ. Хуулийн өөрчлөлтөөр хүүхдийг санаатайгаар хөнөөсөн хүчирхийлэл үйлдэгчдэд цаазаар авах ял оногдуулахыг ч зөвшөөрсөн.Тус улсад 2001 онд хүүхдийн хүчирхийллийн 2100 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол 2019 онд засгийн газрын тайланд дурдсанаар энэ тоо 30,000 гаруй болж өссөн байна. 2020 онд хүүхэд хүчирхийлсэн хэргийн 82 хувийг төрсөн эцэг эх нь үйлджээ.

NEWS TEAM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж