“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий!

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий!

“Шүд” хөтөлбөр "нүд" болох вий!

Засгийн газар 0-17 хүртэлх насныхны амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилгоор “Шүд” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан нь  өмнөх алдааг давтсан, мөнгө угаалт болох вий гэдэг болгоомжлолыг төрүүлж эхлээд байна.

Учир нь, 2019 онд Засгийн газар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг зарлаж, 0-12 хүртэлх насны хүүхдүүдээ хамруулах зорилт тавин, ажилласан ч баталсан төсөв нь хязгаартайгаас нэг хүүхэд хоёр шүд ломбодуулаад л эмчлүүлэх эрх нь дуусч байв.

Тодруулбал, нэг хүүхдэд 60 мянган төгрөгт багтаан шүдийг нь эмчлэх төсөв баталж өгсөн юм. Гэтэл эрүүл шүдтэй хүүхэд ховор.  Ихэвчлэн 6-7 шүд эмчлүүлэх шаардлагатай. Иймээс батлагдсан төсөвт нь тааруулахын тулд эмнэлгүүд хоёр шүдийг нь эмчилж, бусад шүдийг эмчлүүлэхэд шаардагдах төлбөрийг эцэг, эх нь гаргаж чадахгүй тохиолдолд нүдээ аниад л явуулсан. Харин албаныхан энэхүү төсөл үр дүнгээ өгнө гэж тайлбарлаж ирсэн.  Тухайлбал, тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл  “2-12 насны хүүхдүүдээ улсын төсвөөр санхүүжүүлэн шүдний цоорлыг бүрэн эмчлэх зорилт тавьж байгаа. Мөн энэ хөтөлбөрөөр нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоно.

2019-2023 он хүртэл 5 жил хэрэгжих энэ хөтөлбөрт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний гарааны төсөв болох 4,6 тэрбум төгрөг 2019 оны улсын төсөвт суугдсан. Эрүүл мэндийн яам, хувийн хэвшлийн байгууллагатайгаа бүрэн ойлголцсон. Эхний ээлжинд бид 2-6 насны хүүхдүүдийнхээ шүдийг эмчилнэ. Энэ хөтөлбөрийн үр дүнд 2023 онд шүд цоорлыг 30 хувь бууруулна” хэмээн мэдэгдсэн.

Гэвч өнгөрсөн оны тавдугаар сараас хүн амын дунд эхлүүлсэн урьдчилсан үзлэг, шинжилгээгээр Монгол хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл дэлхийн дунджаас хоёр дахин их болох нь батлагдсанаар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр үр дүнгээ өгөөгүйг хаа, хаанаа хүлээн зөвшөөрсөн билээ.

Ирэх жилээс хэрэгжиж эхлэх “Шүд” хөтөлбөр ч энэ алдааг давтахгүй гэх баталгаа байхгүй. Учир нь, дээрх хөтөлбөрийн хүрээнд 0-17 насны хүүхдүүдийн шүдэнд фторт түрхлэг түрхэж, шүд цоорлоос сэргийлэх арга хэмжээ авна гэдгээ Эрүүл мэндийн яам тодотгосон. Гэтэл шүд нь цоорчихсон хүүхдүүдэд фторт түрхлэг түрхээд нэмэр болохгүй, харин шүдийг нь эмчлэх арга хэмжээ авах шаардлага байгааг шүдний эмч нар зөвлөж буй.

Тухайлбал, 2021 онд хийсэн судалгаагаар 3-6 насныхан дунд шүд цооролт 88 хувьтай гарсан байдаг. Иймээс “Шүд” хөтөлбөрт зарцуулах таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэгдүүлж, дан ганц фторт түрхлэг түрхэх бус өвчтэй шүдийг эмчлэх шаардлага үүсч буй.

Энэ удаагийн “Шүд” хөтөлбөр нь төрөөс зарласан гурав дахь удаагийн арга хэмжээ гэж тодотгож болно. Тодруулбал, 2011 онд С.Батболдын Засгийн газар “Эрүүл хүүхэд” аян зарлахад хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл хамгийн өндөр хувь эзэлж байгааг тогтоож, эмчлэх аян өрнүүлсэн ч далайцтай ажил болж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр хөтөлбөр нь хувийн шүдний эмнэлгүүдийг угжсанаас биш хүүхэддээ хүрсэн аян болж чадаагүй гэдэг иргэдийн шүүмжлэл үндэслэлтэй юм.

Цаашдаа Засгийн газар хоёроос гурван жилийн давтамжтай шүд эмчлэх хөтөлбөр зарладаг, батлагдсан төсөвт нь багтааж хувийн эмнэлгүүд нь үйлчилгээ үзүүлсэн болж оромддог энэ арга барилаа өөрчлөхгүй бол утаатай тэмцэх нэрийн дор хэдэн их наядаар хэмжигдэх их мөнгийг үр дүнгүй зарцуулдаг мөнгө угаалт болж хувирахыг байг гэх газаргүй нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж