Дамжуулалтын машин, дэлхийн аварга Мезут Өзил зодог тайлжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Дамжуулалтын машин, дэлхийн аварга Мезут Өзил зодог тайлжээ

Дамжуулалтын машин, дэлхийн аварга Мезут Өзил зодог тайлжээ

Хөлбөмбөгийн ертөнц дэх нэгэн тод од болох Мезут Өзил 34 насандаа зодог тайллаа. Цагтаа дэлхийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож, Реал Мадрид, Арсеналын хамтаар олон цом хүртэж, Германы шигшээ багаа дэлхийн аваргад хөтөлж байсан тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Өзил “Би бараг 17 жил мэргэжлийн хөлбөмбөгчин байх аз завшаан тохиолоо. Ийм боломж олдсонд талархаж байна. Гэхдээ сүүлийн саруудад бэртэл гэмтэл ихээр авч, хөлбөмбөгийн энэ том тайзнаас буух цаг ирснийг ойлголоо” гэжээ.

Нутгийнхаа Шальке болон Вердер Бремен багуудад хөлбөмбөгчний замналаа эхлүүлж, улмаар Реал Мадрид, Арсеналд ид үеэ өнгөрүүлсэн Өзил сүүлд Туркийн Фенербахче болон Истанбул Башекшехир багуудад тоглож байсан билээ.

Түүний тоглолтыг найруулах, бөмбөг дамжуулах чадвар гоц гойд, дахин давтагдашгүй гэмээр. Тэрбээр Реал Мадридын өмсгөлтэй гурван улирал тоглохдоо улирал тус бүр доод тал нь 20 гоолын дамжуулалт өгч байв.

Харин Арсеналд хангалттай өндөр амжилт үзүүлээгүй. Арсеналын тогтворгүй, орон гаран тоглолт, уур амьсгалд Өзил найман жилийг өнгөрүүлсэн. Ингэхдээ 2015-2016 оны Премьер лигийн улиралд 19 гоолын дамжуулалт өгч, Анри, де Брюйне нарын тогтоосон дээд амжилтаас ганцхан дамжуулалт дутаж байлаа.

Өзилийн хөлбөмбөгчний замнал дахь хамгийн том амжилт нь мэдээж 2014 онд Германы шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргад түрүүлсэн нь. Тухайн үед Өзил багийнхаа гол тулгуур, тархи нь байсан. Гэвч харамсалтай нь, 2018 онд Германы шигшээ аварга хамгаалж чадалгүй бүтэлгүйтэж, Турк гаралтай Өзилийг шүүмжилж эхэлсэн. Өзил ч “Бид хожвол би герман хүн. Харин хожигдвол дүрвэгч болдог” гэж ярьж байв.

Өзил нийтлэлийнхээ төгсгөлд “Одоо би үзэсгэлэнт эхнэр Амине, хоёр хөөрхөн охин болох Эда, Эла хоёртойгоо цааш амьдарна. Гэхдээ та бүхэн намайг цахим сүлжээнээс үе үе харж магадгүй шүү” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж