Хятад технологийн өрсөлдөөнд хувийн хэвшлээ түшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2023.03.24-нд нийтлэгдсэн

Хятад технологийн өрсөлдөөнд хувийн хэвшлээ түшиглэнэ

Хятад технологийн өрсөлдөөнд хувийн хэвшлээ түшиглэнэ

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян  томилогдоод дөнгөж 10 гаруй хонож байгаа ч албан өрөөндөө суулгүй орон нутгийн айлчлалд гарчээ. Тэрбээр Хятадыг  үйлдвэрлэл, технологийн шинийг санаачлагч гүрэн болгох Ши Жиньпиний уриалгыг хэрэгжүүлэхийн тулд төв хэсгийн Хунан мужид очиж, хоёр хоног ажилласан байна.

Ли Цян  цахилгаан машин үйлдвэрлэгч "BYD", "Apple Inc"-ийн ханган нийлүүлэгч "Foxconn" болон  "Lens Technology"  зэрэг компаниудад зочилжээ. Мөн дэвшилтэт үйлдвэрлэлийн форумыг зохион байгуулсан бөгөөд үүнд "Xiaomi" корпорацийн гүйцэтгэх захирал Лэй Жун зэрэг хэд хэдэн дээд албан тушаалтнууд оролцсон гэж Хятадын төв телевиз мэдээлэв. Уг арга хэмжээ аль хотод болсон нь тодорхойгүй байна. Форумын үеэр "дэвшилтэт технологийн бие даасан байдал, инновацийг нэмэгдүүлж, уламжлалт үйлдвэрлэлийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийг урагшлуулахыг" удирдах ажилтнуудад уриалжээ. "Компаниуд үйлдвэрлэлээ Хятадын бүтээл болгож, хятад бүтээгдэхүүнийг брэнд болгох ажлыг хурдасгах ёстой" гэдгийг шинэ ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон байна. 

Өмнө нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын үеэр Ши Жиньпин хэлсэн үгэндээ, "Технологийн салбарын өрсөлдөөнд АНУ болон бусад улс орнуудын зүгээс ирж буй хориг, хязгаарлалтыг  даван туулахад Хятадын хувийн хэвшлийнхэн засгийн газартай хүчээ нэгтгэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн. Хятадын даргын хувьд худалдааны хамгийн том хамтрагч АНУ-ыг ингэж шууд шүүмжлэх нь ховор. Түүнчлэн Бээжингийн цэргийн технологийг хөгжүүлэхийн эсрэг  Япон, Нидерланд улсууд Хятад руу дэвшилтэт чип үйлдвэрлэх зарим тоноглолыг экспортлохыг хориглосныг энд дурджээ. 

Тиймээс Ли Цян үйлдвэрлэл, технологийн компаниудын удирдлагуудтай уулзахдаа "Энтерпренерүүдийн эрхийг хамгаалж, хувийн хэвшлийг үргэлжлүүлэн дэмжинэ" гэж амласан Ши Жиньпиний үгийг давтан сануулсан байна. Хилээ нээснээс хойш эдийн засаг сэргэж байгаа нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн  "Тэг ковид" бодлогоос үүдсэн хохирлыг арилгахад тусална гэж найдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс нэг, хоёрдугаар сард хэрэглээний зардал, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт сэргэсэн гэж мэдээлсэн ч ажилгүйдэл нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын уналт үргэлжилсээр байгааг анхааруулсан.

Гадаад худалдааны эрэлт буурч байгаа нь Бээжинд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүргэсэн гэж Австрали-Шинэ-Зеландын банкны группийн Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Рэймонд Юнг онцолжээ. Тиймээс үйлдвэрлэлийн салбар нь дотоодын хэрэглэгчдийн эрэлт болон  Хятадтай сайн харилцаатай орнуудын хэрэгцээг илүү сайн хангахын тулд дасан зохицох ёстой гэж тайлбарлав. Түүнчлэн "АНУ-тай хурцадмал байдалтай байгаа тул Хятад улс үйлдвэрлэлийн гинжин хэлхээний аюулгүй байдлыг хангахын тулд эх орондоо үйлдвэрлэсэн шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийг сайжруулах ёстой" болжээ. 

Үүнээс гадна Хятадын хэд хэдэн хотууд хувийн хэвшлийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль, журмын зохицуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, Гуанжоу хотын албаныхан банкуудыг хувийн компаниудад илүү их зээл олгохыг уриалж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Хятадын өмнөд хэсгийн тус хотын хууль тогтоогчид цагдаа, шүүхийнхэнд хандан  хувийн хэвшлийн менежерүүд, хууль ёсны төлөөлөгчдийн "хувийн эрх чөлөөг хязгаарлахдаа" болгоомжтой хандахыг хүсчээ. Хятадын бизнес эрхлэгчдийн хоорондын өрсөлдөөн, бизнесийн маргаанд  эрх баригчид дэндүү оролцож,  тэднийг баривчлах хэмжээнд хүртэл хутгалддаг гэж гомдоллодог.

Мөн Шанхайд энэ сарын сүүлээр санхүүгийн төвд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байна гэж хотын үнэт цаасны газраас өчигдөр мэдээлсэн. Энэ нь төмөр замын зорчигч тээврийн терминал зэрэг найман томоохон барилгын төслийн санхүүжилтийг татах зорилготой. Тус хотод аж үйлдвэрийн паркуудаас эхлээд био-анагаахын үйлдвэрүүд барих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж албаныхан онцолжээ. 

Ийнхүү  сансар, технологийн салбар дахь хүчтэй өрсөлдөөнд Хятад улс нь АНУ болон бусад орнуудыг давж гарахын тулд хувийн хэвшлээ дэмжиж, төр-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж эхэлсэн нь томоохон бодлогын шинэчлэлт болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж