Байр суурь: Төрийн албан хаагч манлайлагч байх ёстой

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Байр суурь: Төрийн албан хаагч манлайлагч байх ёстой

Байр суурь: Төрийн албан хаагч манлайлагч байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм. Тус хуулийн төслийн талаар эрдэмтэн, судлаачид болон оролцогч талууд хамтарсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.


ЁС ЗҮЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ АВЛИГАГҮЙ НИЙГМИЙН ҮНДЭС СУУРЬ

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Монголын нийгэмд хууль хэрэгжихгүй байна. Хуулийн үндэс нь ёс суртахуун юм байна. Нийгэмд ёс зүйн хэм хэмжээ алдагдсан байна. Тэр дундаа төрийн алба зарим нэг хүний ёс зүйгүй шунахайн сэдэлтэй үйл ажиллагаанаас болоод нэр хүнд нь унаж байна. Тиймээс төрийн албаныхан манлайлж ёс суртахууны хэм хэмжээг өөрчлөх ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Шинэ Үндсэн хууль батлагдаж нийгэм шилжих үеэс нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ алдагдсан. Тиймээс төрийн албаны шинэ ёс суртахууны хэм хэмжээг тогтоохын тулд зайлшгүй хуульчлах шаардлагатай гэж үзсэн. Ёс зүйг хуульчлах гээд байгаа асуудал биш. Ёс зүйн хэмжээний тогтоол бий болгох асуудал юм. Монголын төр тэр чигээрээ ёс зүйгүй болчихсон зүйл байхгүй. Чин шударгаар, үнэнчээр зүтгэж байгаа мянга мянган алба хаагч бий. Гагцхүү ганц нэг хүний, шинэ үеийн ёс зүй алдагдсанаас төрийн албаны нэр хүнд уруудан доройтож байна. Ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь. Хэчнээн сайхан, олон хууль байгаад хуулийг буруу хэрэглэдэг ёс зүйгүй байх юм бол нийгэм ямар хэмжээнд очдог гэдгийг бид бүгдээрээ харж байна. Ёс зүйн асуудал ганцхан төрийн албаны асуудал биш нийгмийн, нийтийн асуудал болсон. Ийм учраас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэн батлахыг зорьж байна. Энэ хуулиар төрийн албан хаагчдаа чангалах гээд байгаа асуудал биш. Төрийн албаны нэр хүндийг өргөх гэж байгаа асуудал. Төрийн албанд боловсрол, мэдлэг чадвараас гадна ёс зүйг чухалчилдаг болсон. Ёс зүйтэй хариуцлагатай хүн төрийн нэрийн өмнөөс, иргэдийнхээ нэрийн өмнөөс эх орныхоо хөгжил дэвшил, иргэдийнхээ сайн сайхны төлөө, олны тусын тулд ажиллаж чадна. Өнөөдөр төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль дүрэм цөөнгүй бий. Гэхдээ зохицуулалт сул, ёс зүйн асуудлыг хянан шийдвэрлэх тогтолцоо байхгүй. Төрийн албан хаагчид бие биедээ, дарга нартаа хяналт тавих тогтолцоо алдагдсан. Тос дотроосоо өтдөг гэдэг. Өөрөө өөрийгөө цэвэршүүлдэг амьд организм байж гэмээнэ төрийн алба, төрийн байгууллага нэр хүндтэй оршин тогтнож чадна. Энэ тогтолцоог бий болгох нь маш чухал байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг ганц нэг ар өврийн хаалганы, ажил амьдралдаа анхиагүй шуналтай хүмүүсийн хар гайгаар төрийн бүх алба дээрээсээ доош хүртэл иргэдэд ад шоо үзэгдэх хэмжээнд очлоо. Тиймээс бид өөрсдөө цэвэршиж монголын төр хүчтэй, чадвартай байхын тулд ёс зүйд суурилах нь зүйтэй. Иргэдээс судалгаа авахад 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалт бий болгохыг талаар санал өгсөн. Тийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан хууль гаргах шаардлагатай.

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН 50 ОРЧИМ ХУВЬ НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ДОРОЙТОЛТОЙ ШУУД ХОЛБООТОЙ БАЙНА

Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэн:

-Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхол, авлигын гэмт хэргийн асуудал гэдэг бол тус тусдаа асуудал. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол Төрийн албаны ёс зүйн зөвлөлд, Засгийн газрын 1111 төв, Авлигатай тэмцэх газарт ч ирдэг. АТГ-т ихэвчлэн авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээлэл ирдэг. Жилийн дунджаар авч үзвэл, ирж байгаа өргөдөл гомдлын 50 орчим хувь нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглахтай холбоотой буюу төрийн албан хаагчийн ёс зүйн доройтол, ёс суртахууны зөрчилтэй шууд холбоотой байгаа нь харагддаг. Учир нь өнгөрөгч оны байдлаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 55.9 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд АТГ-аас шалгасан 1520 гэмт хэрэгт мөрдөн шалган ажиллагаа явуулсны 188 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүний цаана 1800 гаруй үйлдэлтэй, 1300 гаруй холбогдогчтой гэмт хэрэг байсан. Энэ бол төрийн албан хаагчдын хувьд бага биш тоо. Нийтийн албан тушаалтан өөрийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос доогуур үздэг ёс суртахууны асуудлыг харуулж байна. Тиймээс төрийн албан хаагчийн ёс зүйн хуулиар зөвхөн гэмт хэргийн асуудлыг биш, гэмт хэрэг үйлдэхээс өмнө ёс зүйн зөрчлийн түвшинд сахилгын түвшинд үүсч байгаа зөрчлүүдийн учир шалтгааныг тогтоож, хэрхэн яаж арилгахад чиглэсэн байх ёстой. Авлигын хэргүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулиар зохицуулагддаг. Тиймээс гэмт хэргийн түвшинд хүрээгүй байхад нь ёс зүйн асуудлыг авч үзэх шаардлагатай.

ХЯЗГААРЛАЛТ, ХОРИГЛОЛТ НЭМЭГДЭЖ, ХАРИУЦЛАГА ИХСЭХ НЬ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХГҮЙ

Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул:

-Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үндсэн асуудлыг зөв ойлгох нь чухал. Ёс зүйн асуудлыг бид найман үндсэн асуудалд хуваан авч үзэж байна. Тухайлбал, авлигаас ангид, ашиг сонирхлын зөрчилгүй байх, өөрийн өмч хөрөнгөө мэдүүлдэг байх, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдтэй харилцаа хандлагын хувьд эерэг байх, төрийн байгууллагын дотоод дүрэм журмыг баримтлах, сайн үйлст манлайлагч байх, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөөлөл үзүүлэх гэх мэт ёс зүйн хэм хэмжээ, шаардлага бий. Манай улсын хувьд дээр дурдсан хэм хэмжээнээс авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зохицуулалтууд Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хууль, Нийтийн албан дахь ашиг сонирхлын зөрчлийн хууль зэрэг 60 гаруй хууль, 30 гаруй дүрэм журам үйлчилж байна. Ёс зүйн асуудлыг огт зохицуулаагүй гэж ойлгож болохгүй. Эдгээр хуулиудын харилцан уялдаа холбоо хийдэл, давхардал, зөрчлөөс үүдэлтэй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулж хэвшүүлэхэд хүндрэлтэй, ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох асуудал дээр нэгдмэл бус ойлголттой байгаагаас хариуцлагаас зугтах, хариуцлагыг багадуулах зөрчлүүд гарч байна. Тиймээс цогц байдлаар төрийн албан хаагчийн ёс зүйн суурь буюу анхдагч хуулийг боловсруулсан. Энэ хуулийг дагаад дээр дурдсан 60 гаруй хууль 30 гаруй дүрэм журамд нийцсэн хуулиудыг батлах алхам хийж байна. Өөрөөр хэлбэл, хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байдаг нь асуудал үүсгэдэг. Төрийн албаныхан бидний хязгаарлалт, хориглолт нэмэгдэж, хариуцлага ихсэх нь хэмээн бодож болохгүй. Энэ хууль бол институти буюу тогтолцоог зохицуулна. Төрийн албан хаагчийн нийтлэг ёс зүйн хэм хэмжээг сахиулахад тодорхой институти шат шатны ёс зүйн хороод ажиллана. Төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэхийн тулд сургалт хөгжлийн бодлого явуулдаг, зөрчил гаргаагүй албан хаагчдадаа урамшуулал дэмжлэг үзүүлдэг, мерит зарчмаар дэвшүүлдэг гэх мэт цогц зохицуулалтыг тус хуульд тусгасан. Бид ёс зүй гэхээр зөвхөн зан харилцаа авлига авч, өгөх талаар ойлгодог. Гэтэл үүнээс гадна гүйцэтгэлийн чанар, өөрийгөө хөгжүүлэх гэх мэт олон төрлийн харилцааг ёс зүйн код болгож хуульчилсан.

АВЛИГА ӨГӨХИЙГ ОРОЛДДОГ ХҮМҮҮСЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ДАРХЛАА БАЙХГҮЙГЭЭС ТҮҮНД  ӨРТӨЖ БАЙНА

ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамба:

-Нийгмийн ёс суртахууны асуудал нийгмийн хөндүүр сэдвүүдийн нэг боллоо. Тэр дундаа төрийн албан хаагчдын ёс зүй гэдэг бол нийгмийн ёс зүйтэй шууд холбоотой. Төрийн албанд ажиллаж байгаа зарим алба хаагч, удирдах ажилтны ёс зүйгүй үйлдлүүд төрийн албыг шүүмжлэлд өртүүлж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд төрийн албан хаагчдын ёс зүй, ёс суртахууны асуудлыг нийгмийн харилцааг зохицуулдаг хэм хэмжээний дагуу хуульчлах шаардлага, хэрэгцээ бий. Тус хууль төрийн албаныхны ёс зүйг хуульчлах гэхээсээ илүү ёс зүйгүй үйлдэл гаргавал түүнийг хэрхэн хянаж, хэлэлцэж, зохицуулах, хариуцлага тооцох вэ гэхчлэн хариуцлагын механизм талаас илүү чухлаар тавигдаж байна. Төрийн албан хаагч ёс зүйн өндөр дархлаатай байх ёстой. Нэгдүгээрт, иргэний хувьд өндөр ёс зүйтэй хүн байх ёстой. Хоёрдугаарт, тухайн албан тушаалыг хашиж байгаа төрөл ангилал, зэрэглэлээсээ хамаарч ёс суртахууны өөр өөр хэм хэмжээг давхар мөрдөх ёстой. Төрийн алба тэр дундаа удирдах албан тушаалд ажиллаж байгаа өндөр дээд албан тушаалтнууд  албан тушаалын олон давхар эрх мэдэлтэй байхаас илүү, ёс суртахууны олон давхар хамгаалагдсан хуягтай байх ёстой. Ёс суртахууны хамгаалалт болсон хуяг нь юу байхав гэхээр хувь хүний ёс суртахууны эрмэлзлэл, үзэл хандлага зөв байх ёстой, хуулиар заасан үүргээ чин шударгаар биелүүлдэг, хэрэгжүүлдэг албан тушаалын ёс суртахуунтай байх ёстой. Мөн төрийг төлөөлж байгаагийн хувьд манлайлал үзүүлэх, үлгэрлэх ёс суртахуунтай байх ёстой. Төрийн албан хаагчид ёс зүйн хэм хэмжээгээ зөрчих олон шалтгаан бий. Нэгдүгээрт, хувь хүнээс хамаарсан шалтгаан олон байна. Төрийн албанд ороод юу хийж болох, болохгүй гэдгийг мэдэхгүйгээсээ болоод алдах тохиолдол байхад, мэдсээр байж зөрчдөг хүн ч байна. Энэ бүхний ялгаа хариуцлага харилцан адилгүй байх ёстой. Хоёрдугаарт, нийгмийн ёс суртахуун, соёл хүмүүжлийн нөлөө ч бий. Учир нь төрийн албан хаагчид авлига өгөх сэдэл төрүүлдэг, авлига өгөхийг оролддог хүмүүсээс өөрийгөө хамгаалах дархлаа байхгүйгээс түүнд өртөж байна. Эсвэл өөрийн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж болохгүй гэдгийг мэдсээр байж түүндээ эрдэж, түүнийг нь өдөөж, түүнийг ашигладаг тохиолдол ч байна. Тиймээс иргэд өөрсдөө илүү шударга, ёс зүйтэй, ёс суртахуунтай байж өндөр шаардлага тавина тэр хэрээр төрийн алба тэр хэрээр ёс суртахуунтай, хяналт өндөр, хариуцлагатай болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж