Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2025 оныг “Welcome to Mongolia” буюу аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэмжих жил болгосноо мэдэгдсэн. Гэвч тус салбарынхан сая жуулчин хүлээж авахад хүндрэлтэй, тулгамдаж буй асуудал их байгааг хэлж байгаа. Салбарын сайд нь мөн шийдвэрлэх шаардлагатай, сайжруулах ёстой зүйлс их байгааг онцолсон. Тэгвэл эдгээр тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, одоо ямар арга хэмжээ авч, зохицуулалт хийж байгаа талаар тус яамнаас мэдээлэл өглөө.
БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Жуулчдыг татах үүднээс зарим улс орныг визнээс чөлөөлөх, агаарын тээврийн либералчлал хийх зэргийг анхаарч байна. Мөн боомтуудаа сайжруулах зайлшгүй шаардлагатай болсон. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Монгол Улсад аялал жуулчлалын нийт 52 холбоо байна. Энэ холбоодыг нэгтгэж нэг мэргэжлийн байгууллага гаргаж ирэхийг зорьж байгаа.
Гэхдээ бид маш амжилттай ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр сард 20 мянга, хоёрдугаар сард 20 мянга, гуравдугаар сард 40 мянган жуулчин хүлээх авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 80 мянга хэдийнэ давсан.
Асуудал их байгааг нуухгүй. Агаарын ганц боомттой, нэг цагийн 600-610 зорчигчийн урсгалтай. Тэр утгаар нь авч үзвэл 500 мянгаас дээш жуулчин агаараар хүлээж авах боломжгүй. Хэдийгээр агаарын тээврийн либералчлал явж байгаа нь сайшаалтай ч урсгалыг паах эсэх нь мөн л анхаарах асуудал болоод байна. Тиймээс одоо бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж байж сая жуулчиндаа хүрнэ.
Чингисхаан онгоцны буудлаар хамгийн их жуулчин ирж байна. Үүний дараагаар Алтанбулаг, Боршоо боомтоор жуулчид олноор ирж байгаа.
Одоо бид зүүн тал руугаа гэвэл Баянхошуу боомт, Хавирга боомт зэргийг нэн яаралтай үйл ажиллагааг нь сэргээх шаардлагатай байна” гэлээ.
Холбоотой мэдээ