Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” бага хурал өнөөдөр /2023.03.23/ “Холидэй-Инн” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Энэхүү бага хурал маргааш үргэлжилнэ.
Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас шүүхийн цахимжуулалттай холбоотой туршлага солилцоход чиглэж байна.
Монголын шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд шүүхийн захиргаа болон хэргийн хөдөлгөөний удирдлагад цахимжуулалтыг нэвтрүүлэх, шүүхийн цахимжуулалтыг бусад хууль, шүүхийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн орон болон бусад улсуудын шүүхийн цахимжуулалтын сайн туршлагатай танилцах зэрэг асуудлаар тус бага хурал үргэлжилж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз нар бага хурлыг нээж, оролцогчдод амжилт хүслээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг хурлыг хөтөлж, удирдан явуулж байна.