Зам тээвэр хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдлэн, хариуцлага үр дүнг тооцох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Зорчигч тээврийн төв, Зорчигчийн вагон депо хамтран галт тэрэгний цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Сүхбаатар, Дархан, Зүүнхараа өртөөдөд "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг зохион байгуулж эхэллээ. Өдөрлөгийн үеэр зорчигч үйлчлүүлэгчдэд онлайнаар тасалбар захиалах заавар, зааварчилгааг танилцуулж, иргэдэд хүргэх зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулж байна. Онлайнаар галт тэрэгний тасалбарыг https://eticket.ubtz.mn вэб сайтаар, 19001949 утсаар болон “УБТЗ-Тасалбар UBTZ-Tasalbar” аппликэйшнээр захиалах боломжтой.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулснаар зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна цахим үйлчилгээг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, тэдний хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар зорчигчийн галт тэрэгний нийт тасалбар худалдаалалтын 50 орчим хувийг цахимаар худалдаалж байгаа бөгөөд цаашид цахим худалдаалалтыг нэмэгдүүлснээр зорчигчдод хүндрэлгүй хөнгөн шуурхай үйлчлэх боломж нэмэгдэх юм.
Холбоотой мэдээ