Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгосон талаар өчигдөр /2023.03.22/ салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Энэ үеэр гадаадын шилдэг 100 их сургуульд суралцсан 421 оюутны нэр, эцэг эхийн нэр гэх мэт зээлтэй холбоотой мэдээллийг нийтэд ил болгосон гэв. Боловсролын зээлийн сангийн вэб сайтад байрлах санхүүжилт хэсэг рүү нэвтрэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Т.Амарсайхан тэргүүтэй өнөөгийн төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүдийн талаарх мэдээллийг ил болгожээ. Иргэдийн зүгээс эрх мэдэлтэй дарга, өндөр албан тушаалтны хүүхдүүд энэ зээл, тэтгэлэгт хамрагддаг гэж хардах нь бий. Тиймээс олон нийтэд ил тод болгосон хүмүүсийн мэдээллийг хүргэж байна.
Гадаадын их дээд сургуулий магистр, докторын хөтөлбөрт зээл, тэтгэлэгээр суралцагчид:
- 2020 онд 2.5 сая ам.доллар
- 2021 онд 3.8 сая ам.доллар
- 2022 онд 1.1 сая ам.долларыг дээрх зориулалтаар олгожээ.
Г.ЗАНДАНШАТАРЫН ХОЁР ХҮҮХЭД 106 МЯНГАН ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН Ч ТӨЛЖЭЭ
УИХ-ын дарга Г.Занданшатарын хоёр хүүхэд улсын зээл, тэтгэлэгээр бакалаврын зэргээр суралцжээ. Тодруулбал, түүний хүү З.Алтангэрэл АНУ-ын Калифорнийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дөрвөн жил суралцахдаа 93 мянган ам.долларын зээл авчээ. Ингэхдээ гэрээний үүргээ биелүүлж, сургалтын төлбөрөө төлсөн гэж бичсэн байна.
Харин түүнй охин З.Должинсүрэн АНУ-ын Калифорнийн их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр дөрвөн жил сурахдаа 13 мянган ам.долларын зээл авчээ. Мөн зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэжээ.
Ш.РАДНААСЭДИЙН ОХИН 165 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗЭЭЛЖ, СУРСАН
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын таван гишүүний нэг бол Ш.Раднаасэд. Тэрбээр өөрийн охин Р.Сийлэнгээ АНУ-ын Вашингтоны их сургуульд эрхзүйч мэргэжлээр сургасан. Охин нь их сургууль төгссөний дараа Үндэсний Хөгжлийн газарт мэргэжилтэнгээр ажилд орсон талаар зарим хэвлэлээр бичиж байв. Тэгвэл түүний охин Р.Сийлэн Боловсролын зээлийн сангаас 165 мянган ам.доллар зээлсэн байна. Зээлийн төлөлт дуусаагүй байгаа аж.
САЙД АСАН Н.ТАВИНБЭХИЙН ОХИН ЗЭЭЛ АВЧ, ГАДААДАД СУРЧ БАЙНА
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн охин Аминаа Австрали улсын "Нью Саут Вельс"-ийн их сургуульд хүний их эмчээр дөрвөн жил суралцаж байгаа аж. Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 119 мянган ам.долларын зээл авсан бөгөөд зээлийн төлөлт нь дуусаагүй, хэрэгжиж байгаа гэнэ.
С.АМАРСАЙХАНЫ ХҮҮ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖЭЭ
Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Английн Бристолын их сургуульд боловсролын менежментээр гурван жил суралцаж байна. Ингэхдээ зээлийн сангаас 27 мянган ам.долларын зээл авсан ч сургалтын төлбөрөө эргэн төлсөн гэжээ. Өнгөрсөн 2021 онд Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон байсан ч хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн юм. Учир нь олон нийт журам зөрчиж хүүгээ тэтгэлэгт хамрууллаа гэж үзсэн.
Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журамд өөрчлөлт оруулсан. Энэ журмаар магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг байна. Харин С.Амарсайханы хүү 2013 оны наймдугаар сарын 19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох журмын дагуу тэтгэлэгт хамрагдсан гэж Боловсролын шинжлэх ухааны яамнаас мэдээлж байв.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Т.БАДАМЖУНАЙГИЙН ОХИН Б.ОЮУНБИЛЭГ
УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг энэ зээлд хамрагдаж, Канад улсын “Ватерлоо” их сургуульд суралцаж төгсчээ. Түүний охин Б.Оюунбилэг аялал жуулчлалын бодлогын мэргэжлээр хоёр жилийн хугацаанд 32 мянган ам.долларын зээл авчээ. Б.Оюунбилэг нь өөрийнхөө үүсгэн байгуулсан “Түрүү таван эрдэнэ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх мэдээлэл бий.
Харин Т.Бадамжунайг хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан гэж интерполын шугамаар эрэн сурвалжилна гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн юм. Тэрбээр 2018 онд Замын-Үүд боомтоор гадаад руу гарсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас өгч байв.
ЦЕГ-ЫН ДАРГА АСАН Д.САНДАГ-ОЧИРЫН ОХИН 15 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
ЦЕГ-ын дарга асан Д.Сандаг-Очир хурандаагийн охин С.Хишигбаяр нь Сингапур улсад АНУ-ын Хойд Виржиниагийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн аж. Ингэхдээ хоёр жилийн хугацаанд 15 мянган ам.долларын зээл авчээ. Д.Сандаг-Очир хурандаагийн хувьд 2012 онд ажлаа хүлээлгэн өгч, тэтгэвэртээ гарсан байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ 32 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ
Дархан-Уул аймгаас сонгогдсон МАН-ын гурван гишүүний нэг нь Г.Дамдинням бөгөөд энэ танхимдаа шинэ, бас залуу гишүүндээ орно. Нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжилтэй ч 2008 оноос тэр Байгаль орчны сайдын зөвлөхийн ажлаар улс төрийн гараагаа эхэлж байжээ. Сайдын зөвлөх, проректор, судлаач гээд боловсролын салбарт ажиллаж байсан тэрбээр гэнэтхэн л 2020 оны сонгуулиар гарч ирсэн юм.
Тэрбээр МАН-ын попуудын тэргүүн эгнээнд явах болсон. Түүгээр ч зогсохгүй түүнийг сагсуу нэгэн гэж дарханчууд жиг жуг гэлцэх болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням 2013-2016 онд Канад улсын Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистраар хоёр жилийн хугацаанд 32 мянган ам.долларын зээл авч суралцаж, төгсчээ.
Ингээд Боловсролын зээлийн сангаас зээл авсан олны танил, албан тушаалтнуудын мэдээллийг хүргэе.
- УИХ-ын гишүүн Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл Япон улсын Ази Номхон далайн их сургуулийг менежерийн чиглэлээр хоёр жил суралцаж, 32 мянган ам.долларын зээл авчээ.
- Пүрэвжавын Сайнзориг Австралийн "Нью Соүф Вэйлс" их сургуулийг байгаль орчны эрх зүйн чиглэлээр хоёр жил суралцаж, 16 мянган ам.долларын зээл авчээ.
- “Наран” группийн ерөнхийлөгч С.Болдхэтийн охин Б.Хулан АНУ-ын Нью-Йоркийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр нэг жил 6.9 мянган ам.доллараар сурчээ.
- УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг ХБНГУ-ын Бонны их сургуульд гурван жил суралцаж, 6.5 мянган ам.долларын зээл авчээ.
- Доктор, профессор С.Дуламын Д.Бум-Очир Английн Кембрижийн их сургуулийг нийгэм соёлын антропологи чиглэлээр гурван жил суралцаж, 48 мянган ам.долларын зээл авчээ.
- Норовсамбуу Удаанжаргал АНУ-ын Өмнөд Дакотагийн их сургуулийг хүний нөөцийн удирдлагын чиглэлээр хоёр жил сурахдаа 32 мянган ам.долларын зээл авчээ.
- Гомбожав Занданшатар Нидерландад Маастрихтын удирдлагын сургуулийг 1.5 жилээр 6 мянган ам.доллараар, Ж.Энхбаяр гишүүн мөн тус улсад ижилхэн сургуулийг 1.5 жилээр зургаан мянган ам.доллараар сурчээ.
- УИХ-ын гишүүн асан Т.Гандийн охин Г.Бөртэ-Үжин Сингапурын Раффлес академийг худалдааны чиглэлээр гурван жил 16 мянган ам.долларын зээлээр сурчээ.
- Чинчулууны Алтаннар АНУ-ын Флоридагийн их сургуулийг хэрэглээний математикаар хоёр жилийн хугацаанд 48 мянган ам.доллар зээлжээ.
- Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Дэлгэрийн Гарди нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид хуульч мэргэжлээр хоёр жилийн хугацаанд суралцахдаа 16 мянган ам.долларын зээл авч, 2016 онд төгссөн байна.
- Хурцын Намуун Канад улсын Бритиш Колумбын их сургуулийг философийн мэргэжлээр дөрвөн жил суралцаж байгаа бөгөөд 72 мянган ам.долларын зээл авчээ.
Холбоотой мэдээ