ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг чөлөөллөө

ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг чөлөөллөө
18 : 21
2023-3-23

Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. 

Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь дэмжсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь гишүүний бүрэн эрхээсээ нэгдүгээр сарын 30-ны өдөр  чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тус байнгын хороо хүсэлтийг дэмжсэн билээ. 

17 : 55
2023-3-23

"Иргэдийг ингэж хохироох ямар шаардлагатай юм бэ?"

УИХ-ын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН:

-Конвенцэд нэгдэн орохыг дэмжиж байна. Зам тээврийн яамны газрын дарга Жаргалсайхан саяхан Эрээн гараад, Эрээний дэд даргатай уулзаад, суудлын жижиг тэрэг гаргах асуудлыг ярилцаад ирсэн. Хятадын тал Хятад, Монгол, Оросын хэлэлцээрт өөрчлөлт оруулж байж шийднэ гэсэн хариу өгсөн бололтой юм шиг байгаа юм. Энэ байдлаас болоод жижиг суудлын автомашинтай улсууд өөрийн автомашинтайгаа хил гарч чаддаггүй, автобусанд сууж зорчиж, тодорхой хэмжээний мөнгө оруулж ирж байна. Иргэдийг ингэж хохироох ямар шаардлагатай юм бэ? Энийг хэзээ шийдэх юм бэ. Гэрээ хэлэлцээртээ хэзээ өөрчлөлт оруулах юм бэ.

Хоёрт, ковидоос өмнө Замын-Үүдээр нэлээн олон тээврийн хэрэгсэл орж ирсэн. Явуулна явуулахгүй, оношилгоонд оруулна, оруулахгүй гэж хоорондоо баахан хэрэлдсээр байгаад өнөөдрийг хүртэл шийдээгүй. Яах гэж анхнаасаа энийг оруулж ирсэн юм бэ. Энийг яаж шийдэх юм бэ. Одоо эсвэл энэ цагаас хойш оруулахгүй гээд, иргэдийг хохироолгүй, та нар тушаал шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Энийгээ шийдэж өгөөч ээ.

Гурав дахь асуудал бол, босоо тэнхлэгийн зам. Дорноговь, Говьсүмбэрээс урагшхи замыг яриад байгаа юм. Эвдрээд дууссан.   

17 : 18
2023-3-23

Цахилгаан тээврийн хэрэгслийн тоо 33.98 хувиар нэмэгджээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна. 

Соёрхон батлах тухай хуулийн төслийн танилцуулгыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав. 

Хуулийн төслүүдийн талаарх УИХ-ын Гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин уншиж танилцуулав. 

Монгол Улсын тээврийн хэрэгслийн ашиглалт, аюулгүй бйдлын үзүүлэлтийг авч үзвэл Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 1,243,445 болж, өмнөх оны мөн үеэс 116,669 (+10.35 хувь) тээврийн хэрэгслээр өссөн байна. Мөн цахилгаан хөдөлгөөнтэй тээврийн хэрэгсэл 33.98 хувь, хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 11.8 дахин нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолын айл өрхийн гэрийн зуух болон аж ахуйн нэгж байгууллагын 3200 орчим халаалтын зуух, 10 хувийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл, 5-6 хувийг дулааны цахилгаан станцууд, 4 хувийг үнс, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна гэсэн судалгаа гарсан байна. Энэхүү судалгаанаас харахад, тээврийн хэрэгсэл нь агаарын бохирдлыг үүсгэгч нэг эх үүсвэр болоод байна.

Сүүлийн жилүүдэд автомашины хэрэглээ улам ихэсч байгаатай холбогдуулан импортоор орж ирж буй тээврйин хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсад дэлхийн олон улс орноос автомашин импортлох болсноор олон марк, загварын тээврийн хэрэгсэл гаалийн байгууллагад бүртгэгдэж байна. Импортолж байгаа автомашины ихэнх хувийг хуучин, эвдрэл гэмтэлтэй автомашин эзэлж буй. 

Зам тээврийн ослын сүүлийн 5 жилийн статистик үзүүлэлтээс үзэхэд, жилд дунджаар 32100 зам тээврийн осол гарч, 13.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 1280 хүн гэмтэж, 558 хүн нас барсан үзүүллттэй байгаа бөгөөд осол, нас баратлын тоо төдийлөн буурахгүй байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар хотын агаарын бохирдолд "Приус" автомашин тодорхой хэмжээгээр нөлөөлж буй тул энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээнд онцгой анхаарал хандуулж байгааг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Монголчууд "Тоёото Приус" маркийн тээврийн хэрэгсэл хамгийн их унадаг. Гэтэл нэг автомашины нүүрсэн яндангаас нь 500-700 грамм бүтээгдэхүүн авдаг юм байна. Гаалийн Ерөнхий газрын мэдээллээр 37,000 тонн орчим бодисыг БНХАУ руу экспортолжээ. Энэ хууль бус үйл ажиллагаа Монголд удаж байна. Үүнийг яах ёстой вэ?

Зам, тээврийн хөгжлийн сайд С.БЯМБАЦОГТ:

-Улаанбаатар хотын түгжрэл, түүнтэй холбоотой агаарын бохирдлын асуудал ихсэх болсон. Монгол Улсад 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас тал хувь нь нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байна. Тэдгээрийн хэдэн хувь нь техникийн бүрэн бүтэн шаардлагыг хангасан байна гэдэг асуудалтай. Зарим нь оношилгоонд ордог бол нөгөө хэсэг нь янз бүрийн аргаар тэнцүүлдэг.

Тиймээс миний хувьд сайд болохоосоо өмнө нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглох УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан. Засгийн газраас энэ асуудлыг дэмжсэн. Энэхүү тогтоолын төслийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байна.

Энэхүү конвенцод нэгдэж байгаа гол шалтгаан нь стандартын бус тээврийн хэрэгсэл, хуурамч сэлбэгийг Монгол Улсад оруулж ирэхийг, нөгөөтээгүүр манай улсаас стандартын бус сэлбэг, материал хилээр гаргахыг харилцан хориглоход оршино.

15 : 34
2023-3-23
14 : 50
2023-3-23

"Ковид, дайн, инфляциа мартаад улс төр хиймээргүй байна"

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Д.Ганбат гишүүний хэлж байгаа олон асуудал амьдрал дээр бодитой байгаа. Монгол Улс ковид, дайн, инфляци гээд олон юмны дундуур явж байна. Хил хаалттай байсан асуудлууд саяхан. Тэр бүгдээ мартчихаад улс төр хиймээргүй байна.

2013-2023 онд ХАА-н экспорт 9 дахин унасан. бХАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн хог болоод хаягдаж байна. 2013 онд ЗГ тогтоол гаргаад түүхийгээр гарч байгаа ХАА-н бүтээгдэхүүнийг хорьсон юм билээ. Тухайн үед ХАА-н сайдаар Х.Баттулга ажиллаж байсан. 2013-2023 онд ХАА-н экспорт 9 дахин унасан. ХАА-н гаралтай бүх бүтээгдэхүүн хог болоод хаягдаж байна. Малчдын өрхийн орлого буурсан. Харамсалтай нь хил хаалттай байсан, корона гэх мэт тээврийн зардлууд өссөнөөс болж хэрэглэж байгаа барааны үнэ өсөөд байна.

Засгийн газар арьс ширийг хилээр чөлөөтэй гаргах шийдвэр гаргасан. Мах, шир, зумласан ноос, хонины нэхий хилээр гарч байна. Ноолуур дээр ялгаагүй. УИХ-аас зөвхөн самнасан ноолуур гаргах тогтоолтой. Шаардлага хангаж байгаа үйлдвэрүүд махаа чөлөөтэй гаргаж байна.

2023 оныг нийтээрээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Элдэв бусын саад хоригийг болих хэрэгтэй. Бизнесүүд рүү халддаг байдлыг бид зогсоох ёстой.

Хил нээгдээд боломжуудыг зөв ашиглаж байна. Эдийн засгийн сэргэлтийн үр дүн нь шууд маргааш гарахгүй. 2023 оныг нийтээрээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Элдэв бусын саад хоригийг болих хэрэгтэй. Бизнесүүд рүү халддаг байдлыг бид зогсоох ёстой. Бизнес хөгжиж байж ажлын байр бий болно. Нийтээрээ бид эдийн засгийг өсгөхөд хамтарч ажиллах ёстой.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-7, 8 жил болчихлоо. Та нар юу өөрчилсөн юм бэ? Улс орнуудыг харахаар атаархмаар юм. 300-400 сая хүн ядуурлаас гарч байна. Хэдэн хүн ядуурлаас гарсан бэ? Ковид ганцхан манай улсад болоогүй. Тэр байтугай зарим орнуудын эдийн засаг өсөлттэй байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь хэрэгжээд, Монголын ард түмэн цэнгэлийн манлайд гарчихсан юм бэ? Гадаа гараад харвал бөөн түгжрэл, бухимдал. Дахиад "Ажлаа хий!" гэсэн жагсаал байхгүй шүү.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-2022 оны байдлаар нийт өрхийн бодит орлого 0,7 пунктээр буурсан. Хөдөөгийн өрхийн орлого 10 пунктээр буурсан. Энгийн иргэд бүгд бухимдаж байна. Та бүгд чанга үг хэлж байгаа ч бодитой зүйл. Бид арга хэмжээ аваад явна.

13 : 19
2023-3-23

"Ардчилсан намын үед 9 яам, 10 сайдтай ажиллаж болдог байсан"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хөгжлийн төлөвлөгөөний тайлантай холбоотой асуулт хариултаар үргэлжилж байна. 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Засгийн газар ажиллаад хоёр жил болж байгаа байх. МАН 65 суудалтай болоод, долоо найман жил болчихлоо. Дараалаад явсан үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн юм уу?

Сая би орон нутагт, тойргоороо явж байгаад ирлээ. Тэнд амьдрал маш хүнд байна. Засгийн газартай юм уу, үгүй юм уу? Аравхан жилийн өмнө гурван хүний нэг нь ядуу байсан бол өнөөдөр гурван хүний хоёр нь ядуу байна.

17, 18 яамтай, 20-иод сайдтай. Төрийн албан хаагчдын тоо нь 200 мянган болчихсон. Төрийн өмчит компаниуд нь 50, 60 хувьтай. Ийм байх ёстой юм уу? Энэ хэзээ өөрчлөгдөх вэ? Ардчилсан намын үед 9 яамтай, 10 сайдтай ажиллаж болдог байсан.

Ядуурлын тоо 25 хувь руу очиж, төрийн оролцоо бүр 20 хувь руу орсон. Зайлуул, төрийг төлөөлж суманд ажиллаж байгаа багийн дарга нар, төрийн албан хаагчид томилолтын зардал ч үгүй байна. Өнөөдөр багийн дарга нар 20-хон литр бензинтэй явж байна. Эмч нар дуудлагад явахдаа бараг зодуулж байна. Ард түмний бухимдал тиймдээ тулсан байна.

Засгийн газрын бодлого тодорхойгүй, нэг өдөр бид үйлдвэрүүдээ дэмжиж байна гээд самнасан ноолуур гаргана гээд хааж, нээдэг. Одоо ноолуурын үнийг 10 мянган төгрөгөөс л эхлэхгүй бол төрийн албан хаагчид орон нутагт очиж чадах ч үгүй.

Ерөнхий сайд чинь хаачсан юм бэ. Ерөнхий сайд нь байхгүй байхад Засгийн газрын мөрийн хөтөлбөр ярина гэж юу байх вэ дээ. Ийм юмаа ярьж чадахгүй бол УИХ хуралдаад ч яадаг юм бэ.

12 : 14
2023-3-23

Улсын хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулав

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан-гаар үргэлжилж байна. Тус тайланг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. 

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан бөгөөд төлөвлөгөө нь 6 бодлого, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 2022 оны байдлаар 69.8 хувийн /өссөн дүнгээр 39.3 хувь/ хэрэгжилттэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал:

-КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого – 83.1 хувь /өссөн дүнгээр 60.3 хувь/,

-Хүний хөгжлийн бодлого – 63.9 хувь /өссөн дүнгээр 33.3 хувь/,

-Эдийн засгийн бодлого – 64.6 хувь /өссөн дүнгээр 36.0 хувь/,

-Засаглалын бодлого – 70.2 хувь /өссөн дүнгээр 39.2 хувь/,

-Ногоон хөгжлийн бодлого – 65.6 хувь, /өссөн дүнгээр 29.1 хувь/,

-Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого – 71.5 хувийн /өссөн дүнгээр 37.9 хувь/ хэрэгжилттэй байна.

Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 1087 арга хэмжээний 293 нь үр дүнд хүрсэн бол 320 арга хэмжээ тодорхой үр дүнд гарч эхэлсэн, 307 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай, 153 арга хэмжээ 2022 оны зорилтот түвшинд хүрэх боломжгүй байна.

Тухайлбал: 2.1.3.1. Эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулна.

2.1.3.3. Сүрьеэгийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулна.

2.2.3.1.Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмыг зохион байгуулах шаардлага хангасан, олон улсын жишигт нийцсэн 30.000-40.000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж ашиглалтад оруулна.

2.4.1. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлийг оновчтой болгон, судлаачийн чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг 4 дахин нэмэгдүүлнэ.

2.4.2.3. Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгыг барина. 2.5.8.9.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлнэ.

3.2.1.5.1.Асгатын мөнгөний ордын нэмэлт хайгуулын ажлын хөрөнгө оруулалт. 3.2.7.3. Дорноговь аймагт хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр байгуулна.

3 3.5.1.8. Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн хийн цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ.

3.5.5.3. Даланзадгад-Ноён чиглэлийн 220 км 110 кВ-ын ЦДАШ барина.

3.6.1.8.9. Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийг замыг Мөрөн-Тариалан чиглэлийн авто замтай холбох 112.7 км хатуу хучилттай авто замыг эхлүүлнэ.

3.6.1.10.5. Хөвсгөл аймгийн Ханх сумын Ханх-Монд чиглэлийн 23 км хатуу хучилттай авто замын Цагаан сайрын 72.85 у/м төмөр бетон гүүрийг барина.

3.7.3.5. Байрлалд суурилсан орон зайн өгөгдөл, мэдээлэл, газрын биржийн удирдлагын нэгдсэн төв байгуулж, газрын харилцаатай холбоотой орон зайн өгөгдөл, мэдээллийн хүртээмжийг нээлттэй, ил тод болгоно.

3.7.13.2. Барилгын хавтгай шилний үйлдвэр байгуулж ашиглалтад оруулна.

4.1.5.2. Аймгуудад өгөгдөл мэдээллийн зангилаа төв байгуулна.

5.1.12.5. Цаг агаарын аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлэх Доплерын Радарын станц байгуулна.

5.1.12.8. Ус, цаг уурын хяналт- шинжилгээний сүлжээг өргөжүүлж, техник, технологийн шинэчлэл хийж, чадавхыг бэхжүүлнэ.

6.1.11.4."Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк"-ийн инженерийн дэд бүтцийг гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, үйлдвэрүүдийг үе шаттайгаар байгуулна. 

11 : 03
2023-3-23

"Хөдөө аж ахуйг дэмжих сан өр, авлагын тулам болсон"

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. 

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүнэлтийг Ж.Батсуурь гишүүн уншиж танилцуулж, хэлэлцэн дэмжиж. баталж өгөхийг хүслээ. 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ажил үйлчилгээг зохион байгуулах чиг үүрэг бүхий  төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлнэ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:

-Зарчмын хувьд ийм зохион байгуулалтад орохыг дэмжиж байна. Удирдлага зохион байгуулалт нь ямар байх вэ? Улс төрөөс хамааралтай байх юм уу? Төв дээр ганцхан ийм корпораци байгуулчихлаа, орон нутаг, аймаг, аж ахуйн нэгжийн удирдлагатай харьцаад явах юм уу? Төрийн хамаарлаас ямар ялгаатай юм бэ? 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН:

-Хөдөө аж ахуйг дэмжих сан өр авлагын тулам, өглөг буяны газар болсон. Авлага, өглөгийн хэмжээ 200 тэрбумд хүрсэн. Энэ янзаар яваад байж болохгүй. Удирдлагыг сонгон  шалгаруултаар сонгоно. 

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга н.БОЛОРЧУЛУУН: 

-Компани байгуулагдсан, Компанийн тухай хууль, дүрмээр зохицуулагдаж үйл ажиллагаа явуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, сонгон шалгаруулалт зарлаж, удирдлагыг томилно.

УИХ-ын гишүүн Н.ТОГТОХСҮРЭН:

-Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт актив, өр, авлага нь хэр байна вэ? 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал Б.ЦОГТСАРАН: 

-2022 оны жилийн эцсийн байдлаар актив талдаа 382 тэрбум 642 сая 655 мянган төгрөг байна. Задалж үзвэл, эргэлтийн хөрөнгө нь 299 тэрбум, үндсэн хөрөнгө нь 83 тэрбум төгрөг. Бараа материалын үлдэгдэл 78.2 тэрбум, харилцахад 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өр төлбөрийг харьцуулж үзвэл богино хугацаат өр төлбөр 138 тэрбум, хугацаа хэтэрсэн өр төлбөр 18 тэрбум төгрөг байна. 

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Төрийн өмчийн нэг ч компани нэмэхгүй байх талаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцсэн. Энэ бодлоготой хэр нийцэж байгаа юм бэ? Яамд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлсэн нь авлига, мөнгө угаах талбар болсон.

Ноос ноолуур, гурил, газар тариалангийн хөтөлбөрүүд эрх мэдэлд ойр бүхий хүмүүсийг хамаарал бүхий хүмүүст давуу байдал болдог нь нэн тодорхой болж байгаа. Засгийн газрын хөтөлбөрүүд, сангууд дэмжих гэдэг нэг үгтэй. Дэмжих гэдэгт итгэхээ больсон шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос биш, хар юмнууд байдаг нь тодорхой болоод байна. Баланс цэвэрлэх гээд байна уу, зүсийг нь хувиргаад. 

ХХААХҮ-ийн сайд Х.БОЛОРЧУЛУУН: 

-Өр авлага, өглөг буяны сүлжээ болсон энэ байгууллагыг ямар ч байсан төрийн өмчит корпораци болгох нь зөв. Цаашдаа олон нийтийн компани болох үйл явц идэвхжинэ гэдэгт итгэл төгс байна. Өнөөдөр авлага, өглөгийн харьцаа 200 тэрбумд эргэлдэж байна. Сан өөрөө аж ахуйн тооцоон дээрээ явж чаддаггүй, хязгаарлагдмал. Корпораци болохоор энэ байдал өөрчлөгдөнө.

Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 49 гишүүний 28 буюу 57.1 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

10 : 24
2023-3-23

А.Адъяасүрэн: УИХ дэмий юманд цаг заваа их зарах юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Боомтын сэргэлт хариуцсан сайд Х.Булгантуяа танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Тэрбээр "Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашигладаггүй эд хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлж, хөрөнгийн зохицуулалт хийх, Төрийн хэмнэлтийн тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт хадгалалт, хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг улс орон даяар зохион байгуулж, дүгнэлт зөвлөмж гарган ажилладаг. Уг тооллогын дүнгийн дагуу төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн суудлын автомашиныг орон нутгийн хэрэгцээнд шилжүүлэх асуудлыг тогтоолын төсөлд тусгасан. ЗГ дахь хяналтын тухай хууль батлагдсанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 21 аймаг дахь салбар, нэгжийг татан буулгаж, чиг үүргийг нь холбогдох төрийн захиргааны төв, орон нутагт шилжүүлэхээр болсон. Төрийн албан хаагчдын эд хөрөнгийг нь мөн орон нутагт шилжүүлэх шаардлага гарсан тул төслийг хэлэлцэж өгнө үү" гэв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ч.Ундрам гишүүн уншиж танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн А.АДЪЯАСҮРЭН:

-Монгол Улсад, бидний хийх ажил зөндөө их байна. Гэтэл өнөөдөр хоёрхон хөрөнгө шилжүүлэх тухай яриад, УИХ дэмий юманд цаг заваа их зарах юм. Засгийн газрын түвшинд хэлэлцэж болдоггүй юм уу? 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.БААСАНДОРЖ:

-Өнөөдөр хэлэлцэж буй асуудлуудыг Засгийн газар шийддэг байх талаар хуулийн төсөл боловсруулагдаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хууль санаачлагч байхгүй байгаа учраас хэлэлцэх асуудлыг хойшлуулж буйг мэдэгдлээ. Тэрбээр УИХ-д хүндэтгэлтэй хандахыг хэлэв. 

09 : 56
2023-3-23

УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. Пүрэв/Баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: 

  • “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ
  • “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/
  • “Женев хотноо 1958 онд баталсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр””-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох
  • Бусад

УИХ дахь Ардчилсан намын “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэх асуулаар завсарлага авсан.

Завсарлагын хугацаа дуусч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлж, протоколыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэйг хэллээ. 

Хэлэлцэж буй асуудлаар бүртгэлийн санал хурааж, эцэслэн батлах санал хураалтад оролцсон 46 гишүүнээс 41 нь дэмжсэнээр протоколыг соёрхон баталлаа.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж