Багшийн ЭРЭЛТ ба ЭРЭЛД!

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Багшийн ЭРЭЛТ ба ЭРЭЛД!

Багшийн ЭРЭЛТ ба ЭРЭЛД!

Сайд нь элдвийн уянга, ухаарал постлох хойгуур Монголын боловсролын салбар уналтад ороход ойрхон иржээ. Учир нь, боловсролын салбарт ажиллах багш ховордсон нь ажлын ачаалал, цалин хөлс, дарамт шахалтаас үүдэлтэй. Нэг талаас эцэг эх, нөгөө талаас сайд дарга нарын шахалтаас багш нар залхаж, харь улсад хараар ажиллахыг илүүд үзэх болсон нь эмгэнэл юм6

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 157 сургууль, насан туршийн боловсролын таван төв, нийт 162 байгууллага багш, боловсон хүчний хомсдолд орсон гэх судалгаа гарсан.

Нийтээр нь авч үзвэл, бага ангийн болон байгалийн ухааны багш нар эрэлттэй байна.

Багш нарыг хамгийн бага цалингаар хамгийн том, чухал салбарыг үүрч яваа хүмүүс гэж ярьдаг. Мэдээж, цалин урамшуулал тааруу, ажлын ачаалал их, хангамж муу зэрэг гэх мэт сөрөг шалтгаанууд тэднийг өөр салбарт ажиллах, гадаад орныг зорих хөшүүрэг болж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийн их сургуульд элсэн орох босго оноог онцгойлон бууруулсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. Энэ жилийн элсэлтийн оноонд ямар бодлого барьсан гэхээр Монголд эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг бодлогоор дэмжинэ. Өнөөдөр улсад сувилагч мэргэжил дутагдалтай байна. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн дүрслэх урлагийн багш, зураг зүйн багш, биеийн тамирын багш, дизайн технологийн багш гэсэн зургаахан нэр төрөл дээр элсэлтийн оноог 400, 440 болгож тогтоосон. Бусад мэргэжил дээр босго оноог өсгөсөн” гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, багш мэргэжлийн хомсдолд орсон гэдгээ салбарын сайд нь хүлээн зөвшөөрлөө.

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш мэргэжлийн хомсдол цалин хөлстэй шууд холбоотой гэдгийг хэлж байв.

Холбооны тэргүүн Ч.Мөнхтуяа “Боловсролын салбар багшийн мэргэжилтний хомсдолд орж  байгаа. Ялангуяа бага ангийн багш, математикийн багш, хөгжмийн багшийн ажлын байрны дутагдалтай байна. Үүний шалтгаан нь цалин хөлс. Сүүлийн жилүүдэд багш нар Өмнөд Солонгос руу ажил хийхээр их явж байна. Тэд эргээд эх орондоо ирэхгүй байгаа нь үнэн. Цалин хөлсийг нь ажлын ачаалалтай харьцуулахад тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа учраас мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болж байна. Багш нар хичээлээ заачихаад үргэлжлүүлээд маргаашийнхаа хичээлийг бэлтгэнэ. Ялангуяа цэцэрлэгийн багш нарт ажлын цаг нар гэж байхгүй. Багшийн ажил хүнд ажил шүү дээ. Үйлдвэрчний эвлэлд хандсан багш нар цалин хөлс нэмээсэй, нийгмийн асуудлыг шийдээсэй, цэцэрлэгийн багш нараас 50, 55 настай тэтгэвэрт гармаар байна гэдэг хүсэлтийг их тавьдаг. Учир нь ажлын стресс маш ихтэй шүү дээ.

Одоо багш нарын цалин бага багаар нэмэгдсээр 1005000 /нэг сая таван мянган/ төгрөг болсон. Харин 25 жилээс дээш жил ажилласан багш нар 1050000 /нэг сая тавин мянган/ төгрөгийн цалин авч байгаа.

Тиймээс багш нарын цалинг 1000 ам.доллар болгоё гэж ярьж буй. Нэг туслах шүүгч гэхэд 2.7 сая төгрөгийн цалин авдаг юм билээ. Гэтэл багш нар 20 гаруй жил ажиллачихаад сая төгрөг аваад сууж байна. Цалин нь үнэхээр хүрэлцээгүй, ажлын ачаалал их, эцэг эхчүүдийн дарамт ихтэй ажилладаг.  Багш нар 2017 онд анх цалингаа нэмүүлье гэж жагсахад 535 мянган төгрөг байсан. Дараагаар нь 750, 850, нэг сая төгрөг болж байгаа юм. Төр засгаас багш нарын цалинг нэмэх боломжгүй байна гээд түмэн зовлон тоочдог хэрнээ албан тушаалтнуудын идэж уусан мөнгийг харахад тийм биш байна” гэв.

Олон нийтийн цахим сүлжээн дэх багш нарын группээр ч “Ажилд авна”, “Багш хайж байна” гэх зарууд түгээмэл. Тухайлбал, “Хөдөө орон нутагт хими биологийн багш яаралтай авна. Орон байраар хангана”, “Бага ангийн багш ажилд авна. Тэтгэвэрт гарсан байж болно”, “Хотод ойрхон сумд ажиллах математик, бага ангийн багш байна уу” гэх мэт зар олон байдаг.

Харин Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирын хувьд багшийн хомсдолд ороогүй гэдэг хариултыг өглөө.

Тэрбээр “Бид энэ жил сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд зөвхөн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтээс гадна багшийн хөгжил, сургалтын орчин, сурагчдын хөгжил төлөлшил зэргийг цогцоор нь авч үзэхээр онцгой анхаарал хандуулж ажиллана. Багшийн хэрэгцээний судалгааг тухайн хичээлийн жилийн төгсгөлд гаргадаг.

Жишээлбэл 2022-2023 оын хичээлийн жилийн төгсгөлд 2023-2324 онд хэдэн багш хэрэгцээтэй вэ гэдэг судалгааг гаргадаг. Өнгөрсөн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсгөлд гаргасан судалгаагаар  улсын хэмжээнд 2962 багшийн нэмэлт хэрэгцээ үүснэ гэдэг тооцоолол гарсан.

Энэ нэмэлт хэрэгцээ нь жилд 30 мянган хүүхэд сургуулиа төгсч, 80 мянган хүүхэд элсэн орж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл сургуульд суралцаж байгаа хүүхдийн тооны өсөлттэй холбоотой гэсэн үг. Эсрэгээр нь зах зээл дээр багшлах боломжтой нөөцийн судалгааг хийхээр 4000 гаруй багш мэргэжилтэн байна. Их сургуулиа төгсч, ажиллаж байгаа багш, сургуулиудад нэмэлтээр хэрэгцээтэй багшийн тоо харьцангуй тэнцвэртэй байгаа. Ингээд зургадугаар сард хичээл амарч, намраас 4000 оюутнуудын 1700 орчим нь ажлын байртай болсон бол сүүлд арванхоёрдугаар сард 2500 орчим багш нар ажлын байртай болсон. Улсын хэмжээнд хүн амын шилжилт хөдөлгөөн цаг тутамд байна. Үүний дагуу багшийн ажлын байрны зар мэдээлэл их явдаг” гэсэн юм.

Ийнхүү Монголын боловсролын салбарт багшийн эрэлт ихсэхийн хэрээр ЭРЭЛД мордож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж