УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй Улс төрийн намын тухай хуулийн талаар ярилцлаа.
-Хаврын чуулганаар яаралтай хэлэлцэх хуулийн жагсаалтад Улс төрийн намын тухай хууль багтсан. Өмнө нь хэд хэдэн парламент дамжсан уг хуулийн төсөл УИХ-ын босго давах нь нэгэнт тодорхой болж байх шиг. Учир нь, улс төрийн бүх намууд дэмжиж байна?
-Энэ удаагийн хаврын чуулганаар авлигын эсрэг эрх зүйн шинэчлэлүүдийг хийх гол хуулиудыг батална. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Шүгэл үлээгчийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэргийг дурдаж болно. Сүүлийн 30 жилийн практикаас харахад эрх зүйн шинэчлэл хамгийн бага хийгдсэн салбар улс төрийн намын эрх зүй байдаг. Хэдийгээр сүүлийн гурван парламент дамжиж Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулагдаж, гадаад, дотоодын судлаачид, экспертүүд, улс төрийн намууд санал өгч, хуулийн төслийг боловсруулсан боловч хэлэлцэж чадаагүй. Харин энэ удаагийн парламентаар тус хуулийг хэлэлцэн батлах төлөв ажиглагдаж байна. Улс төрийн намын тухай хуулийг батлах гол үзэл баримтлал 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 дүгээр бүлгийн 1,2,3-т улс төрийн намын эрх зүйн гол үндсийг зааж өгсөн. Тухайлбал, улс төрийн намууд дотоод ардчилалтай, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг, намын санхүүжилт нь ил тод, иргэдэд нээлттэй байх зэрэг үндсэн зарчмаар Улс төрийн намын тухай хуулийн шинэ төсөл бичигдээд бэлэн болчихоод байна.
-Монгол Улсад дээд шүүхэд бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам бий. Тиймээс жижиг намуудыг бойжуулж, улс төрд оролцоотой парламентад суудалтай болгох тал дээр хуулийн төсөл ямар заалтууд орж ирсэн бэ?
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 улс төрийн нам байгаа боловч тогтмол үйл ажиллагаа явуулдаг, гишүүд дэмжигчиддээ үйл ажиллагаагаа тайлагнадаг, сонгуульд оролцдог нь цөөн. Тэр дундаа мажоритар системийн үр нөлөөнөөс болоод цөөн намууд улс төрийн тогтолцоонд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад хүргэсэн. Дээр дурдсан 35 намаас анх бүртгүүлсэн цагаасаа хойш огт хурал хийгээгүй, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй, байгуулагдснаасаа хойш огтхон ч шинэчлэгдээгүй зэрэг бүтэц, зохион байгуулалт, дотоод ардчилалын стандартыг хангаагүй нам олон байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намд ямар нэгэн байдлаар нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэдэггүй учраас иргэдийн намд итгэх итгэл сул байна.
Тиймээс улс төрийн намын эрх зүйн шинэчлэлийн гол зорилт бол улс төрийн намуудыг нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг, бодлогоор өрсөлддөг, ардчилал, хүний эрх, үнэт зүйлээ иргэддээ тайлбарлан таниулдаг бодлогын нам болох чиглэлд анхаарч өөрчлөлтүүдийг хийсэн. Улс төрийн намуудад гарааны тэгш өрсөлдөөн байх ёстой. Гэтэл сонгуулийн мажоритар систем хоёр хүчтэй нам юм уу, хоёр хүчтэй эвслийг бий болгодог улс төрийн үр дагавартай систем юм.
-Намуудад тэгш гараанаас гарах, тэгш өрсөлдөөнийг бий болгохын тулд сонгуулийн ямар системтэй байх ёстой гэж та үзэж байна?
– Цаашид улс төрийн намуудын тэгш өрсөлдөөнийг дэмжье гэвэл сонгуулийн холимог болон пропорциональ систем рүү шилжих шаардлагатай. Үүний үр дүнд улс төрд олон намын төлөөлөл орох боломжтой. Намын тухай хуульд намуудын өрсөлдөөнийг тэгш гараанаас гаргах, санхүүжилтийн бодлогын хувьд төрөөс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой хэмжээнд шинэчлэн тусгасан. Тухайлбал, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн УИХ-д суудал авсан намууд төрөөс зарим нэг санхүүгийн дэмжлэг авдаг. Тэгвэл олон улсын улс төрийн намуудын жишгээр парламентад суудал аваагүй ч сонгогчдын тодорхой хувийн төлөөллийн санал авсан тохиолдолд тэр намыг бодлогоор дэмжих санхүүжилтийн механизмыг уг төсөлд тусгахаар намууд ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, залуучууд гэх мэт нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэгш хамруулан төлөөлөх үүргээ биелүүлэхэд тухайн намд олгож байгаа төрийн дэмжлэг зарцуулагдахаар хуульчилсан. Ер нь бол монголын улс төр олонхийн улс төрөөс зөвшилцлийн улс төр рүү явах механизмыг Улс төрийн намын хууль болон Сонгуулийн хуулиар гаргаж өгөх ёстой.
-Нам болоод сонгуулийг тойроод их хэмжээний мөнгө яригддаг. Хэчнээн мэдлэг чадвартай боловсон хүчин байгаад ч сонгуульд оролцох эрх авах мөнгөний босгыг алхаж чадахгүй бол парламентад сонгогдох боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, сонгууль бол бэл бэнчинтэй хүмүүсийн уралдаан болчихсон. Энэ тогтолцоог хуулиар хэрхэн зохицуулах вэ?
-Энэ их чухал асуудал. Өнгөрсөн үед явагдсан сонгуулийн үйл явц хөрөнгө мөнгөний өрсөлдөөн байж ирсэн. Тухайн намд өндөр дүнтэй хандив өгсөн хувь хүн, хуулийн этгээд намаас гарах шийдвэрт нөлөөлдөг эсвэл хандивын хэмжээнээсээ хамаарч тойрог худалдан авдаг байсан. Мөн намууд нэр дэвшигчдээсээ дэнчин шаарддаг. Энэ нь бизнесийн бус салбарын бодлогын улстөрч орж ирэх бодлогын механизмыг хаасан үйлдэл. Тийм учраас Улс төрийн намын хууль болон Сонгуулийн хуульд сонгууль дахь хөрөнгө мөнгөний хэмжээг багасгах, улс төр цэвэр бодлогын өрсөлдөөн байх чиглэлд дорвитой шинэчлэл хийх шаардлагатай. Энэ заалтуудыг төсөлд тусгасан. Тухайлбал, нам нэр дэвшигчид, гишүүд дэмжигчдээсээ ямар нэгэн байдлаар мөнгө хөрөнгө, дэнчин шаарддаг байдлыг хориглосон. Эргээд улс төрийн нам болоод улстөрчдийн зүгээс сонгогчийн саналд нөлөөлөхийн тулд бэлэн мөнгө тараах, элдэв бэлэг сэлт тараах явдлыг бүрэн хориглосон. Одоо үйлчилж байгаа хуулиар сонгуулийн жил эхэлсэн хугацаанд нам ба нэр дэвшигчийн зүгээс сонгогчид нөлөөлөх үйлдлийг хязгаарладаг, бусад гурван жилийн тухайд эрх зүйн зохицуулалт байхгүй. Тийм учраас Улс төрийн намын тухай хуулиар сонгуулийн болоод бусад бүх үед сонгогчийг дайлж цайлах, мөнгөн болоод материаллаг бэлэг сэлт өгөхийг бүрэн хориглосон. Үүний үр дүнд улс төр дэх бохир мөнгөний нөлөөг багасгаж, бодлогын улс төр хийх боломжийг олгож байгаа. Улс төрийн намын тухай хуулийн нэг чухал зорилт бол бодлогын намуудыг бий болгох юм. Тиймээс намууд дэргэдээ бодлогын судалгааны хүрээлэнтэй байж, үзэл баримтлал үнэт зүйлийнхээ дагуу иргэдийн улс төр, ардчиллын боловсролд хувь нэмрээ оруулдаг байх үүргийг хуульчилж өгсөн.
-Бизнес, улс төрд нөлөө бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд нам болоод нэр дэвшигчид хандив өгдөг. Эргээд хөрөнгө чинээтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж кноп дардаг УИХ-ын гишүүд бий болдог. Тэгвэл гишүүдийн хараат бус байх үндэс суурийг яаж тавих вэ?
–Авлигын эсрэг олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, судалгаанаас үзэхэд улс төрийн намууд хувь хүн болон хувийн аж ахуйн нэгжүүдээс аль болох хараат бус байх ёстой. Өөрөөр хэлбэл хувь этгээдийн хандивыг хязгаарлах мехнаизм авлигалааас ангид байх томоохон хүчин зүйл болдог. Тийм учраас Улс төрийн намын тухай хуульд хувь хүний болоод аж ахуйн нэгжийн өгөх хандивыг хязгаарлаж өгсөн. Тухайлбал, хувь хүний хандивын дээд хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн буюу таван саяаас хэтрэхгүй байна. Харин хуулийн этгээдийн хандивын хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүсэн буюу 20 саяас дээш байж болохгүй хэмээн заасан. Мөн намд хандивч өгч болохгүй этгээд гэх нэр томъёог шинээр оруулж ирж байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцож гэрээ байгуулж оролцсон иргэн, хуулийн этгээд тухайн тендерт оролцсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд намд хандив өгөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, тендерт оролцсоныхоо дараа намаас ямар нэг давуу тал олж авах байдлыг хязгаарласан. Мөн гадаадын байгууллага, хувь хүн хуулиар тогтоосон өр зээлтэй этгээд, нэр хаяг тодорхойгүй этгээдээс хандив авах зэрэг хандив авч болохгүй этгээдүүдийг нэлээн нарийвчлан зааж өгсөн. Хуулийн төслийн гол концепц бол улс төрийн намууд гишүүдийнхээ бага дүнтэй татвараас санхүүжих нь эрүүл үзэгдэл. Мөн бодлогын нам болохын хувьд төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэх нь эрүүл механизм юм гэх олон улсын туршлагыг тусгасан.
-Улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгох тухай асуудал олон нийтэд тийм ч таатай санагдахгүй байх. Яагаад заавал татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн намуудыг санхүүжүүлэх нь чухал юм бэ?
-Улс төрийн нам бол парламентын засаглалтай улс орнуудын улс төрийн бодлого боловсруулдаг гол институци байдаг. Тиймээс хүссэн хүсээгүй улс төрийн нам байгаа тохиолдолд тухайн намыг хариуцлагатай, шилэн болгох, түүнд энгийн иргэд хяналт тавих, нам нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж байхыг иргэд шаардах ёстой. Ийм механизмыг хуулиар бий болгох зайлшгүй шаардлагатай. Мөн нам улс төрийн намын бодлогын гол институц болохын хувьд бодлого боловсруулах үйл явцад төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй юм.
Дэлхий дахины парламентын ардчиллын гол жишиг болж байгаа Европын улс орнуудын улс төрийн намын санхүүжилтэд гишүүдийн татвар, төрөөс олгох санхүүгийн дэмжлэг гол байр сууурь эзэлж байна.
Төрөөс олгох санхүүжилтийг зааж өгсөн. Эргээд тайлагнах хатуу механизмтай. Энэ бүхнийг төсөлд суулгаж өгч байна. Тухайлбал, өнөөдөр улс төрийн намуудад олгож байгаа төрийн санхүүжилтийн зарцуулалтыг нарийн заасан зохицуулалт байхгүй байна. Тэгвэл шинэ хуулиар тухайн улс төрийн нам төрөөс олгож байгаа санхүүжилтийн тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, намын гишүүд болон иргэдийн улс төрийн оролцоо, улс төрийн боловсролыг дэмжих, сургалтууд явуулах, нам бодлогын судалгаа хийж, бодлогоо боловсруулахдаа шинжлэх ухааны үндэстэй, хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцсэн, хэрэгжих үндэслэлтэй бодлогыг боловсруулах үүрэг хүлээж байна. Түүнээс биш тухайн намд өгч байгаа санхүүжилт тодорхойгүй, эргээд ил тод болгодоггүй байх нь өнөөдөр тулгамдаад байгаа авлигын индексийг бууруулах гол үзүүлэлтболоод байна. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг баталж, намын санхүүжилтийг бохир мөнгөнөөс ангид, шилэн болгож чадвал монголын авлигалын индексийг бууруулахад нэлээд том түлхэц болно. Цаашид бодлогын өрсөлдөөн бүхий эрүүл улс төрийн систем бүрэлдэх том үндэс болно.
-Улс төрийн нам байгуулах болон татан буулгах процесст ямар өөрчлөлт орж байна вэ?
-Олон улсын ардчиллын стандарт тогтоодог гол байгууллага Европын хамтын ажиллагааны байгууллага, Венецийн экспертүүдтэй бид сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагуудаас монголын улс төрийн намын шинэчлэлд өгч байгаа гол зөвлөмж нь “Нам бол иргэдийн эвлэлдэн нэгдэх гол баталгаа. Тийм учраас намыг бүртгэх механизм харьцангуй хялбар, олон шат дамжлагагүй байх нь зүйтэй” гэсэн саналыг хэлдэг. Тийм учраас улс төрийн намыг бүртгэх асуудалд зөвхөн сонгуулийн төв байгууллага хариуцах зохицуулалтыг шинээр оруулсан. Одоо байгаа нөхцөл байдлыг харахад Улсын бүртгэлийн ерөнхий газар, сонгуулийн төв байгууллага, Дээд шүүх гэх мэт төрийн олон институциуд оролцож байгаа учраас зарим тохиолдолд шийдэгдэхэд хүндрэлтэй маргаан гарч байна. Тухайлбал, Ардчилсан намын тамга тэмдэгтэй холбоотой маргаан байна. Тиймээс намыг бүртгэх процесс харьцангуй хялбар, харин нам байхын тулд нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямар байх, санхүүжилтээ хэрхэн тайлагнах зэрэг нам байх шалгуур нь түлхүү хатуу байх зарчим үйлчилж байна. Тухайлбал, улс төрийн намууд жилд хоёр удаа санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлнэ. Хэрэв ингэж мэдээлээгүй бол тухайн намын үйл ажиллагааны эрх зүйн статусыг бууруулах, санхүүжилтийг нь зогсоох, цаашлаад энэ алдаагаа арилгахгүй бол татан буулгах зэрэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Нам дотоод ардчиллаа хангаж эрх барих дээд байгууллагын болон төлөөллийн хурлыг тогтмол хугацаанд хийж гишүүддээ тайлагнаж байх ёстой. Тэгж чадаагүй намыг мөн эрх зүйн статус бууруулах зохицуулалтад оруулна. Өнөөдөр байгаа хариуцлагагүй, хэн нэгэн хүн аж ахуйн нэгжийг тойрсон популист бүлэглэлийн төлөө биш нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилдэг, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг ил тод, шилэн намуудыг бий болгох нь улс төрийн намын шинэчлэлийн гол зорилго байх болно.
-Жижиг намууд улс орны нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчинд реформ хийх бодлого гаргалаа гэхэд түүнийг хүлээж авах сонгогчийн боловсрол бэлэн байна уу. Тухайлбал, иргэд намаас нэр дэвшигчээс бэлэн мөнгө, бэлэг сэлт хүлээж саналаа өгдөг сэтгэлгээг хэрхэн өөрчилж, хөрсийг нь яаж эрүүлжүүлэх билээ?
-Сонгуулийн тухай хуулийн сонгогчийн боловсролын асуудлыг сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо эрхлэн явуулах ёстой. Гэхдээ өнөөдөр байгаа СЕХ-ны хүний нөөцийн болоод бусад чадавхийг авч үзэхэд сонгуулийн бус үед сонгогчдын боловсролыг дэмжих тал дээр хангалттай бодлого явуулж чадахгүй байна. Тиймээс шинэ тутам хөгжиж байгаа ардчилалтай улс орны хувьд сонгогчдын боловсролд анхаарах, энэ чиглэлд үзүүлэх төрийн дэмжлэг туслалцааг нэмэх шаардлагатай байна. Бид Улс төрийн намын тухай хуулийг боловсруулах явцдаа дэлхийн 120 гаруй улсын Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн хууль, Сонгуулийн хуулийг харьцуулан судалсан. Монгол Улстай адил 1990 оноос нэг гараанаас гарсан улс орнуудын сонгуулийн үйл явцыг судалж, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчиллын үнэт зүйлийг төлөвшүүлэх чиглэлээр ямар эерэг механиз ашиглаж байгааг ч судалсан. Энэ бүхнээс харахад Холбооны бүгд найрамдах Герман улсын улс төрийн намуудын дэргэдэх сангуудын үйл ажиллагаа иргэний ардчилсан боловсролыг төлөвшүүлэх, нийгэм дэх хүний эрхийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нь харагдсан. Тийм учраас улс төрийн намуудын дэргэд бодлогын судалгааны хүрээлэн байгуулж тэр нь иргэдийнхээ болоод гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дэмжих чиглэлээр сургалт судалгааны үйл ажиллагаа явуулна. Мөн намаас гарч байгаа бодлогуудад зөвлөмж өгч, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, намын бодлого цаг зуурын шинжтэй популист эдийн засгийн болоод бусад судалгаанд үндэслээгүй байх нь улс орны хөгжилд ихээхэн сөрөг нөлөөтэй. Тиймээс намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод сонгуулийн бус үеийн бодлого үйл ажиллагаа нь судалгаанд суурилсан байх ёстой. Иргэдийг соён гэгээрүүлэх, улс төрийн боловсролыг дэмжих үйл ажиллагаа нь улс төрийн намын чухал үүрэг болж байгаа юм. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хороон дээр улс төрийн намууд нэмэгдэж иргэдийн улс төрийн боловсролд анхаарах үүрэг хүлээж байна.
Холбоотой мэдээ