Дэлхийн талцлыг илэрхийлэх айлчлалууд

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн талцлыг илэрхийлэх айлчлалууд

Дэлхийн талцлыг илэрхийлэх айлчлалууд

Covid-19 цар тахлын жилүүдэд дэлхийн улс орнуудын хил хаалттай, аялал жуулчлал төдийгүй төрийн дипломат айлчлал ч тасраад байв. Гэхдээ өнгөрсөн оноос цар тахлын нөхцөл байдал харьцангуй намжсан ч Орос, Украины дайн залгуулсан. Дайн эхэлснээс хойших дэлхийн удирдагчдын айлчлалыг харвал ихэвчлэн Орос, Украины хэнийг нь дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн маягтай. Ялангуяа дайны нэг жилийн ойтой холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд, тэр дундаа сүүлийн долоо хоногт айлчлалууд идэвхжив.

УКРАИНЫ ДЭМЖИГЧИД

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын 20-ны өдөр Украинд айлчилсан бол Японы ерөнхий сайд Фүмио Кишида энэ Мягмар гаригт Киевт гэнэт айлчиллаа. Фүмио Кишида Киевийг зорьсноор “Их-7” бүлгийн удирдагчид бүгдээрээ Украинд айлчилсан гэсэн үг.

Байдены айлчлалын өмнөх ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-тай байгуулсан зэвсгийн хяналтын гэрээнээс гарна гэж мэдэгджээ. Тодруулбал, Путин энэ дайнд барууныхныг буруутган, тэднийг хоёр нүүртэй гэж хэлсэн. “Би давтан хэлмээр байна, тэд л дайнд буруутай. Бид үүнийг нь зогсоохын тулд хүч хэрэглэж байна. Москвад Украины неонацист аюул заналхийлж буй тул цэргийн тусгай ажиллагаа явуулсан. ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн гэрээнээс Москва гарна” гэж тэр хэлсэн байна.

Харин Жо Байден Украинд айлчлахдаа хагас тэрбум ам.долларын нэмэлт тусламж үзүүлэхээ амласан. Мөн Украины эрчим хүчний дэд бүтцийг дэмжих зорилготой 10 сая ам.долларын тусламжийн багцыг тусад нь зарлажээ. Тусламжийн багцуудаас гадна дайны машиныг санхүүжүүлж буй ОХУ-ын хувь хүн болон компаниудад шинэ хориг арга хэмжээ авах тухай зарласан юм. Ийнхүү хоёр их гүрний удирдагчид хэдхэн өдрийн зайтай өрсөлдсөн, бие биеэ буруутгасан мэдэгдлүүд гаргажээ.

Японы ерөнхий сайд Фүмио Кишидагийн Украинд хийсэн айлчлал мөн л өөрийн гэсэн онцлогтой. Японы дайнаас хойш нэг ч япон удирдагч дайны бүсэд айлчлаагүй байсан. Энэ уламжлалыг Кишида эвдэж, Японы удирдагч бөгөөд “Их-7” бүлгийн тэргүүний хувиар Украинд айлчилжээ. Японы энх тайванч үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас түүний айлчлалыг нууцаар зохион байгуулсан байна. Украины ерөнхийлөгч Зеленский энэ оны нэгдүгээр сард Кишидаг Киевт айлчлахыг урьсан. Мөн Кишидаг Энэтхэгт айлчлахын өмнөхөн түүнээс Украин руу явах эсэхийг нь асуухад тэр тодорхой хариулт өгөөгүй.

Кишидагийн Украин дахь айлчлалыг дайруулан ОХУ эсэргүүцлээ илэрхийлсэн нэг үйл явдал болсон нь Япон тэнгисийн дээгүүр бүтэн долоон цаг стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа нисгэсэн явдал байв. Эдгээр нь цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай Туполев Ту-95МС онгоцууд байсан. ОХУ өөрсдийн цэргийн сүр хүчийг үзүүлэхийн тулд Арктик, Хойд Атлантын далай, Номхон далай гэх мэт олон улсын чанартай усан бүс дээгүүр тус онгоцыг тогтмол нисгэдэг.Гэхдээ энэ удаагийн нислэг нь Японы ерөнхий сайд Фүмио Кишида Украинд айлчилж буй үетэй давхцсанаараа онцлог юм.

Тэрбээр Украинд айлчлахынхаа өмнө буюу гуравдугаар сарын 20-нд Энэтхэгт айлчилсан. Энэтхэг, Японы удирдагчид хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хүнсний аюулгүй байдал, хөгжлийн санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Энэтхэгийн хувьд Оросын түрэмгийллийг буруушаагаагүй, төвийг сахьсан байр суурь илэрхийлсэн цөөхөн орны нэг юм. Тус улс НҮБ-д Оросын эсрэг санал өгөхөөс, Путиныг шүүмжлэхээс татгалзаж байна. Харин Япон улс эсрэгээрээ Орост санхүүгийн хориг арга хэмжээ авсан ба өндөр технологийн бүтээгдэхүүнүүдэд нь экспортын хяналт тавьсан юм. Тиймээс энэ удаагийн айлчлалаар Кишида Украины асуудлыг ч бас хөнджээ. Энэтхэгт Кишида дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж, дайныг зогсооход туслахыг улс орнуудад уриалав. “Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас олон улсын хамтын нийгэмлэгийн дэг журмын үндэс ганхсан. Хүнсний хүртээмж, бордооны үнийн өсөлтийг олон улсын хамтын нийгэмлэгийн орнууд, тэр дундаа Энэтхэг илүү ихээр мэдэрсэн. Өдгөө бидэнд тулгарч буй сорилтуудад үр дүнтэй хариу өгөхөд хамтын ажиллагаа нэн чухал юм. Тулгамдсан сорилт гэдэгт хүнсний аюулгүй байдал, уур амьсгал, эрчим хүч, хөгжлийн санхүүжилт багтана” гэж Кишида хэлжээ.

ОРОСЫГ ДЭМЖИГЧ

НҮБ дэхь Орос, Украины дайнтай холбоотой санал асуулгуудад удаа дараа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн улс бол Хятад. Хоёр их гүрний халуун дотно харилцаа эртнээс эхэлсэн. Тодруулбал, дайн эхлэхийн өмнөхөн Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн үеэр Ши Жиньпин, Владимир Путин нар хязгааргүй түншлэлээ зарласан билээ. Хятадын даргаар Ши Жиньпин улиран сонгогдоход Путин “найздаа” онцгойлон баяр хүргэсэн.

Энэ сарын, магадгүй энэ оны хамгийн онцлох айлчлал бол Ши Жиньпин Москвад очсон явдал байв. Тус айлчлалын үеэр ч хоёр удирдагч бие биеэ “хүндэт найз, дотны нөхөр” гэж дотночлон дууджээ.

Ши Жиньпин дарга гуравдугаар сарын 20-ны өдөр Москвад айлчилж, “Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөө”-г Путинтэй хэлэлцлээ. Мөн эдийн засгийн хамтын ажиллагаа болон хоёр улсын түншлэлийг гүнзгийрүүлэх гэсэн хоёр баримт бичгийг удирдагчид үзэглэжээ. “Украины хямралыг зохицуулах 12 зүйлт төлөвлөгөө” нь Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудаснаа хоёрдугаар сарын 24-нд нийтлэгдсэн.

12 зүйл заалтыг дурдвал, Бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, Хүйтэн дайны сэтгэхүйгээ орхих, Дайсагналаа зөөлрүүлэх, Энхийн яриа хэлэлцээг сэргээх, Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх, Энгийн иргэд, дайны хоригдлуудыг хамгаалах, Атомын цахилгаан станцуудыг аюулгүй байлгах, Стратегийн эрсдлүүдийг бууруулах, Үр тарианы экспортыг хөнгөвчлөх, Нэг талын хориг арга хэмжээг зогсоох, Үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах, Мөргөлдөөний дараах сэргээн босголтыг дэмжих гэсэн зүйлс байна.

Ши даргын өргөн барьсан энхийн төлөвлөгөөг Путин хүндэтгэлтэйгээр хүлээн авч, уншиж судалсан гэж Оросын хэвлэлд мэдээлжээ. Гэвч Хятадын санал харьцангуй ерөнхийлсөн утгатай бөгөөд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн тавьсан гол шаардлагыг хангаагүй тул энхийн төлөвлөгөө нь гэрээ болж зурагдах магадлал бага гэж ажиглагчид үзэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин ч бас нэг бус айлчлал хийгээд амжсан. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тушаалын дараахан буюу гуравдугаар сарын 18-ны өдөр Крымд айлчилжээ. Түүнийг Севастопольд урлагийн сургууль, "Корсун" хүүхдийн төвийн нээлтэд оролцохоор ирсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн билээ. Энэ айлчлалын маргааш нь тэр дайнд нэрвэгдсэн Украины Мариуполь хотыг зорьсон юм. Мариуполь бол дайн эхэлснээс хойших хамгийн ширүүн тулаануудын гэрч болсон газар. Тиймээс энэ айлчлалыг украинчууд эгдүүцэж хүлээж авсан. "Гэмт хэрэгтэн үргэлж хэргийн газраа буцаж ирдэг" гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк түүний айлчлалыг дайруулан хэлэв.

Олон улсын эрүүгийн шүүхийн баривчилгааны шийдвэрийг үл тоон Путин ч, Ши Жиньпин ч ийнхүү айлчлалаа үргэлжлүүлсээр байгаа нь илт эсэргүүцсэн үйлдэл гэж ажиглагчид үзээд буй. Украины эрх баригчид Путиныг хэргийн газраа эргэж ирсэн гэмт хэрэгтэн, шөнөөр гэтэж буй хулгайчтай зүйрлээд амжсан. Харин Ши Жиньпиний айлчлалыг Хятад улс Оросын түрэмгийлэлд хариуцлага тооцох ямар ч боломжгүй гэдгийн илэрхийлэл гэж дүгнээд байна.

Дэлхийг талцуулсан сүүлийн үеийн айлчлалуудыг дээр дурдлаа. Энд дурдагдаагүй олон айлчлал байгаа бөгөөд зарим нь Хятад, АНУ, Тайванийн асуудалтай, зарим нь хоёр Солонгосын зөрчилтэй холбогдоно. Үндсэндээ ОХУ ч, Украин ч дипломат байр сууриа олон улсад харуулж буй айлчин гийчний хөлд дарагдаастай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж