Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг буруулах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар танилцууллаа. Тэрбээр "Ерөнхий сайд сүүлийн үед Сэлбэ сэргэлтийн ажлыг нэлээд ярьж байна. Энэ төслийг түгжрэлийг сааруулах боломжит төсөл гэж үзэж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2023 онд санхүүжүүлэх эх үүсвэр, боломжийг судлах талаар даалгасан. Мөн бид холбоос замын асуудлыг ярилцсан. Өнгөрсөн жил Улаанбаатар хот өөрийнхөө төсвөөс төвьсан 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд олон ажил эхлүүлсэн байсан. Дээр дурьдсан мөнгөний 100 орчим тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулсан. Үлдсэн мөнгөөр нь явган хүний зам, унадаг дугуйны зам, замын ажлуудыг эхлүүлсэн байсан. Эдгээр ажлууд энэ жил зарим нөхцөл байдлаас шалтгаалаад төсөвт тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байсан. Тиймээс 342.5 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх эх үүсвэрийг судалж холбогдох арга хэмжээ авахыг холбогдох сайдуудад даалгасан. Энэ асуудлыг шийдснээр өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын үр дүнг үзэх боломж бүрдэнэ. Түгжрэлийг 2024 онд 50 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан. Тиймээс дээрх санхүүжилтийг шийдснээр энэ зорилтдоо хүрэх боломж бүрдэнэ. Мөн Хөшигийн хөндийн ажил түгжрэлийг бууруулах чухал ажлын нэг. Бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэхэд Засгийн газар ач холбогдол өгөх ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэж хэлсэн. Мөн нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой эхний үе шатыг энэ хавар дуусгасан гэж хэлж болно. Сургуулийн автобусыг оролцуулаад 400 гаруй автобус оруулаад ирчихсэн байна. Бид нийслэлийн нийтийн тээврийн удирдлага, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, ажлыг нь идэвхжүүлээд явж байна. Миний хувьд нийслэлийэ парк шинэчлэлийн ажлыг улсын төсвөөс санхүүжүүлэх ажлыг хариуцан ажиллаж байгаа. Оруулж ирэх цахилгаан автобусны 87 хувийг есдүгээр сарын 1-нд оруулж ирэхээр, Евро-5 стандартад нийцсэн 650 ширхэг эко автобусуудыг энэ намар гэхэд оруулж ирж дуусгахаар ажиллаж байна. Зарим нэг хүндрэлүүд байсан ч гэсэн ярилцаж шийдээд гацааг нь гаргаад явж байна. Нийтийн тээврийн асуудалтай холбоотойгоор цаашид анхаарал татсан асуудлууд бий. Жолоочийн сургалттай холбоотой, авто баазын асуудлыг шийдэхтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байна. Зарим дүрэм журамд өөрчлөх, шинэчлэх шаардлага бий. Энэ асуудлыг холбогдох сайдуудтай хамтарч Засгийн газарт оруулахаар хамтарч ажиллаж байна. Ямартай ч ирэх жилийн өвөлд бэлтгэж байна. Өнгөрсөн өвөл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлт хийгдээгүйн улмаас хамгийн доод уналтын цэг энэ өвөл мэдрэгдсэн. Хамгийн түгшүүртэй нь маш олон автобусны ашиглалтын хугацаа аль эрт дууссан байсан. Тиймээс ирэх жил энэ өвлийн нөхцөл байдлыг давтахгүйн тулд ажиллаж байна.
Мөн замын хөдөлгөөн, эрх зүйн зохицуулалтын асуудлыг боловсронгуй болгоход анхаарч ажилла шаардлагатай байна.Замын хөдөлгөөн зохион байгуулалтаар богино хугацаанд үр дүнд хүрч болохыг харсан.Анх Олимпийн гудамжны уулзвар дээр туршсан. Хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 30 орчим хувиар нэмэгдсэн. Үүн дээрээ түшиглээд дараа нь Зайсангийн хөдөлгөөн зохион байгуулалтыг хийсэн. Үүний үр дүнд Яармаг, Зайсангийн чиглэлийн хөдөлгөөний эрчмийг 37 хувиар сайжруулсан үр дүн гарлаа. Цаашид яах вэ гэсэн асуудлууд ч тулгарч байна. Нийслэлд замын хөдөлгөөн, зохион байгуулалтын хүрээнд олон арга хэмжээ авч болохоор байна. Үүнд бэлдэж байна. Их тойруу, бага тойруу, хотын төвийн хүрээнд наадмын дараа туршилтын зохион байгуулалтууд хийгдэнэ. Үр дүн хүлээж байгаа хэмжээнд хүрвэл Зайсан, Яармагаас дутахгүй үр дүн гарах боломжтой гэсэн тооцоолол бий. Зарим эрх зүйн зохицуулатууд ч яригдаж байна. Эрх зүйн зохицуулалт хийхгүйгээр зам барих, хөдөлгөөн зохицуулалт хийгээд түгжрэлийг урт хугацаанд шийдэхгүй. Эдийн засгийн механизсмаараа шийдэгдэх асуудлууд бий.
Тодотгож хэлэхэд шинэ тойрог зам буюу Улаанбаатар хотыг хойд, урд гэсэн тойрог замд оруулах асуудал бий. Урд зам буюу Туул голыг дагасан хэсгийг Зам, тээврийн сайд түлхүү хариуцаж ажиллахаар хойд хэсгийг нийслэлийн Засаг дарга хариуцна. Энэ тал дээр олон удаа уулзалдах, зөвлөлдөх ажил явагдсан. Н Улаанбаатар хот өөрийнхөө хүрээнд Ub Metro, LRT гэх мэт төслүүдийг боломжоо дайчлаад хэрэгжүүлэх асуудал бий. Миний хувьд удаан хугацаанд яриад, хэрэгжиж эхлээгүй байгаа санаачилгын түвшинд байгаа дүүжин тээврийн асуудлыг Францын талтай тохирсон учраас гүйцээнэ. Эхний шугамыг 2024 оны зургадугаар сараас өмнө ашиглалтад оруулна. Одоо өнгөрснөө ярьж суух биш нэг төслөө гүйцээх ёстой. Бусад хотууд хийж болоод байна. Мөн BRT буюу тусгайлсан эгнээ бүхий автобусын асуудал бий. Энэ бол хамгийн хурдан хэрэгжих боломжтой төсөл. Санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдчихсэн. УИХ-аар батлуулах асуудал бий" гэлээ.
Холбоотой мэдээ