Цахим хуудаст өнөөдөр /2023.03.22/ нэгэн ээж хүүхэд нь цэцэрлэгтээ удаа дараагийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээллийг зурагтай нийтэлсэн. Тодруулбал, тухайн эцэг эхийн мэдээллээр “Гуравдугаар сарын 20-ны Даваа гаригийн орой охиныг маань цэцэрлэгээс авдаг эгч "Танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой" гэсэн. Охины маань дух зүүн хэсэгтээ хөхөрч хавдсан байсан. Тэгээд багш руу нь залгаж, яагаад, юунаас болж бэртсэнийг нь асуухад анги дээрээ тоглож байгаад ийм болсон гэж тайлбар хэлсэн.
Маргааш өглөө нь цэцэрлэгийн камерыг шүүж үзэхэд охиныг минь цэцэрлэгийн хаалганаас эхлүүлэн чирч, газар унах үед нь гараас нь дээш татан савчиж, агаарт өргөн чирч, ариун цэврийн өрөө рүү авч орон таван минут орчим байлгаж байгаа нь харагдсан.
Багш хүүхдийг камерын бичлэг хийгддэггүй газар оруулан хүчирхийлэл үйлдсэн гэж хардаж байна. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй байсан. Өмнө нь хүүхдийн маань хамранд шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохисноос цус хуралт үүсэн гэх асуудал бишгүй гарч байсан. Тухай бүрд нь цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ.
93 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ: ХҮҮХДИЙН БИЕД УЧИРСАН ГЭМТЛИЙГ ШҮҮХ ЭМНЭЛЭГ ТОГТООНО ГЭСЭН
Бид энэ мэдээллийг дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчтэй холбогдож дараах тайлбар мэдээллийг авлаа.
Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс гуравдугаар сарын 20-ны 17:20 цагт бага бүлэг тарах үеэр тухайн хүүхэд гарах гэж байгаад хаалганд цохигдож унасан. Багш тусламж үзүүлэх үүднээс сандарсандаа хүчтэй татаж, угаалгын өрөө рүү авч орсон юм байна. Камерын бичлэг дээр бүгд бичигдсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс угаалгын өрөөнд удсан учир хүүхдийг хүчирхийлж, биед нь халдсан байж болзошгүй гэж хардаад байх шиг.
Тиймээс цагдаад хандсан байна лээ, бид цагдаа руу мэдүүлэг өгөхөөр явж байна.
Хүүхдийн эцэг, эхтэй гуравдугаар сарын 21-нд уулзаж, багшид хариуцлага тооцох талаар мэдэгдэж, ямар санал хүсэлттэй байгааг асуухад хуульчтайгаа холбогдож байж хариу хэлнэ гэсэн. Ээж нь хүүхдээ өдөр бүр ирж авдаг ч тухайн өдөр аваагүй юм байна лээ. Хүүхдийн биед ил харагдах хөхрөлт үүссэн учраас Шүүх эмнэлгээр гэмтлийн зэргийг тодруулахаар болсон. Хариу нь гурав хоногийн дараа гарна гэсэн.
Багш нартай холбоотой ёс зүйн асуудлаар өмнө нь бидэнд гомдол ирээгүй. Багш үүнийг мэдэгдээгүй.
Хүүхдийн биед халдсан, хамарт нь шүр хийсэн зэрэг асуудал нэгдүгээр сард үүссэн байсан. Гэвч бид энэ талаар сая болсон хэрэг явдлын дараа л мэдлээ. Тиймээс цэцэрлэгийн зүгээс хүлээх ёстой хариуцлагаас гадна хүүхдэд учирсан асуудлаар бусад тайлбар мэдээллийг өгөхөд мөн бэлэн байна.
Цагдаагаас өчигдөр камерын бичлэгийг аваад явсан.
Өнөөдөр мөн прокурор дээр тухайн бичлэгийг хуулж өгөх хэрэгтэй гэсэн” гэлээ.
Ямартай ч цэцэрлэгт болсон үйл явдал нь үнэн бөгөөд багш санаатай үйлдэл гаргасан эсэхийг хууль хяналтын байгууллага тогтоох аж. Мөн цэцэрлэгийн зүгээс хоёр багшид ёс зүйн хариуцлага тооцно гэлээ.
Холбоотой мэдээ