Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос “Хамаг монголчууд бүү мартагтун” цагаатгах ажлын хүрээнд архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” номыг хэвлэн гаргажээ.
Өнгөрсөн үеийн түүхийн алдааг дахин давтахгүй байх мөн ганц хүнийг тахин шүтэхийн хор уршгийг энэхүү номонд түүхийн баримтуудтай хавсарган оруулж өгчээ.
Уг бүтээлийг Төрийн шагналт, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр нар эрхлэн хэвлүүлсэн байна.
Түүхч Х.Батсайхан “Энэ номд 1930-1940-өөд оны хэлмэгдүүлэлтийн үнэн түүхийг өгүүлсэн. 1920, 30, 40, 50-иад оны эхэн үед ЗХУ-д Сталин гэж их гүрний тэргүүн байлаа. Энэ хүн зөвлөлтөд “эцэг Сталин” гэж тахин шүтэгдсэн байсан.
Монголд мөн адил Х.Чойбалсан гэж удирдагч байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Цэргийн яамны сайд, Гадаад яамны сайд, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Улсын Маршал цолтой маш олон албан тушаал хашиж байсан. Монголчууд “эцэг Чойбалсан” гэж эцэг дээдсээсээ илүү тахин шүтдэг.
Чойбалсан 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгссөн. Сталин 1953 онд таалал болсноос хойш гурван жилийн дараа Москвад ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ХХ их хурал болсон. 1956 оны хоёрдугаар сарын 25-нд хурлын сүүлчийн өдөр Зөвлөлтийн Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хрушев “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг, үр дагавар” нэртэй дэлхий дахин дуулиан тарьсан дөрвөн цагийн илтгэл тавьсан.
Хэдхэн жилийн өмнө эцэг хэмээн тахин шүтэж байсан Сталиныг шүүмжилж, түүний удирдлагын хор уршгаар гэм зэмгүй олон мянган хүн хэлмэгдсэн гэдгийг анх удаа хөндсөн нь дэлхий дахиныг цочирдуулсан илтгэл болсон.
Тус хуралд суусан МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дашийн Дамба, Ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид буцаж ирээд сарын дараа 1946 оны дөрөвдүгээр сард “Бүгд хурал” хийж, Д.Дамба гуай “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” нэртэй илтгэл тавьсан байдаг.
Монголд хэлмэгдүүлэлт нэрээр гэм зэмгүй олон мянган иргэнийг хядсаныг мөн илтгэлдээ авч хэлэлцсэн. Тухайн үед энэ асуудлыг Улс төрийн товчоонд хэлэлцэж, Дамба гуай Цэдэнбал гуай хоёр маргалдсан.
Тэр хуралд 77 хүн үг хэлэхээр нэр өгснөөс 40 хүн үг хэлсэн. Тэр хүмүүс гэмгүй иргэдийг хэрхэн барьж, хэлмэгдүүлж байсан талаар хэлсэн. 1956 оны тэр Бүгд хуралд хүмүүсийн хэлсэн үгийг энэ номонд дэлгэрэнгүй оруулсан. Цагаатгах комиссын эхлэл 1956 оны бүгд хурлаар анх тавигдаж, дараа жил нь 36 хүнийг цагаатгасан байдаг” хэмээлээ.
Номыг их дээд сургууль болон хөдөө орон нутагт явуулахаар төлөвлөжээ.
Д.НЯМХҮҮ
Холбоотой мэдээ