Шри Ланка улс эдийн засгийн хямралд нэрвэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус улсад Олон улсын валютын сангаас тусламж үзүүлэх тухай асуудал ч мөн эртнээс яригдсан. Тэгвэл ОУВС-ийн тусламжийн эхний хэсгийг Шри Ланка хүлээж авсныг тус улсын ерөнхийлөгч Ранил Викремесингхэ өнөөдөр /2023.03.22/ мэдэгдлээ. "Энэхүү тусламж нь төсвийн сахилга батыг тогтоож, засаглал сайжрах нөхцлийг бүрдүүлж байна" гэж тэр хэлэв.
Олон улсын валютын сан нийтдээ гурван тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжинд 330 сая ам.долларыг илгээх аж.
Шри Ланка улс 84 тэрбум ам.долларын гадаад өртэй. Энэ өр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад зээлдүүлэгчийн тусламжтайгаар багахан ч болов нимгэрэх төлөвтэй байна. Тус улсын Төрийн сангийн сайд Шехан Семасингхе тогтвортой байдлыг сэргээхийн тулд зээлдүүлэгчидтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Олон улсын валютын сангийн энэ удаагийн тусламж бол Шри Ланкад үзүүлж буй 17 дахь тусламж юм. Гэхдээ тус улсад олон жил үргэлжилсэн иргэний дайн 2009 онд дууссанаас хойших гурав дахь тусламж болно.
Холбоотой мэдээ