Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!

Тэрслүү үг: Монголд бизнес эрхэлснээс цүнх барьсан нь дээр!

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ингэж бичжээ, “Онц байдал” тогтоож БЭТ томилдог жишиг бий болсон. Одоо “Таван Богд”, “Ханбогд Кашмир”, “М-Си-Эс”, “Буян” гээд бүх компанид БЭТ томилбол ард түмэн уухайлан дэмжиж, төр хувийн хөрөнгөнд эзэн суух эхний алхам байж болно гэж хардлага төрөв. Сүүлийн үеийн үйл явдлуудыг харахад социализм руугаа буцаад ухарч буй мэт санагдах боллоо” гэж. Ийм айдас ганц О.Амартүвшинд төрөөгүй байх, Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх нь өнөөдөр ам ангайх, өөрсдийгөө өмгөөлөх эрхгүй болцгоосон байна.

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол нэг талаар Монголын төрийн, нөгөө талаар бизнес эрхлэгчдийн үнэн төрхийг илчилсэн.  Анхнаасаа авсан зээлээ төлөх хүсэлгүй нэгэн байхад төрийн бодлого, шийдвэрийн алдаа, улс төрийн талцал, хэрүүлээс болоод төсөл хөтөлбөр нь гацсан, дампуурсан нөхдүүд ч байна. Гээндээ ч, гоондоо ч гэдэг. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан бүхэн хулгайч, луйварчин биш. Бизнес эрхлэгчдээ нийгэмд ингэж яллах нь эдийн засагт хортой, ардчилалд аюултай байж мэднэ. О.Амартүвшингийн хэлснээр төр бүгдийн “эзэн” болбол яанам бэ. “Эрдэнэс Тавантолгой” шиг хулгай, луйврын үүр овоохойнууд л нэмэгдэнэ гэсэн үг.

Нээлттэй сонсголын зорилго нь зөв ч, арга нь буруу байлаа. Монголчуудын баян хүнд дургүй сэтгэлгээн дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улсын яллагч шиг сайхан шоудлаа. Б.Энхбаярын хэтийдсэн шоунаас болоод манай ядуу даржин нийгэм бизнес эрхлэгчид рүүгээ бензин цацах нь холгүй бухимдалтай байна. Үүний үр дагаврыг эрх баригчид эрх биш тооцсон байлгүй.

Монголд бизнес эрхлэх жинхэнээсээ амаргүй. Зах зээлийн чөлөөт эдийн засагтаа гэх атлаа төрийн дарамт шахалт их. Хамгийн сүүлийн, олны анхааралд өртсөн жишээ бол ШӨХТГ ба “Алтантариа” компанийн захирал П.Цэнгүүн хоёрын дунд үүссэн зөрчил. Гэх мэт төрийн нэрээр бизнес эрхлэгчдийг торгодог, ялладаг, айлгадаг тэгээд авлига авдаг нөхдүүд төрөөр дүүрэн. Хүмүүс яагаад бизнес эрхлэхээс илүү төрд орох гэж үхэлддэг шалтгаан ердөө энэ. Зовлогоо зовоож бизнес эрхэлснээс том даргын цүнх баривал зовлонгүй баяжина. Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд ийм л аргаар баяжсан, хөлжсөн, эцэстээ үнэнд гүйцэгдсэн биз.

УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг  авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чухал чуулган байна гэж тодорхойлсон. Үндсэндээ авлигатай тэмцэхийн тулд нэг авлигачийг нөгөөгөөр солиод нийлбэр дүнд өөрчлөлт гарахгүй.  Эдийн засгийн эрх мэдэл төрд төвлөрөхийн хэрээр бурхан Будда ч авлигач болж мэднэ.

Монголын төр авлигаасаа салъя гэвэл төр бизнес эрхлэгчдээс савраа тат. Бизнесийг зах зээлийнх нь зарчмаар явуул. Элдэв янзын хөнгөлөлт, урамшуулал болоод дарамтаа зогсоо. Энэ л авлигын эсрэг шинэчлэл байх болно.

Төрийн оролцоо ихсэх тусам авлига нэмэгддэг нь гашуун үнэн. Цар тахлын үед төрийн оролцоо нэмэгдсэнээс болоод тээвэрлэлтийн зардал яаж өссөн билээ дээ. Хэд дахин нугаларсан тээвэрлэлийн зардалд нэг авлигачийн “ханш” шингэсэн л гэсэн үг.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, тэтгэнэ гэх болсон. Гэхдээ хувийн хэвшлээ нийгэмд яс болгож шидээд байвал яаж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх билээ. Гадаадын хөрөнгө оруулагчид нь байтугай дотоодын хөрөнгө оруулагчид нь дүрвэхэд бэлэн байна. Нэмээд тэднийг нийгмээр нь  баалуулж, яллуулаад эхэллээ.  Хөгжлийн банкийг жинхэнээсээ тоносон хулгайчдын хувьд ашигтай,  бүгдийг нь харлуулах тусам гол луйварчид нь нэр цэвэр үлдэж байна. Женко Х.Баттулга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Бэрэн”-гийн Б.Мөнхтөр гээд.

Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нэг цүнх баригч гэхэд л 146 тэрбумыг зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авчихсан, одоо 117 тэрбумын өртэй.

Женко АН-д бүтэн нэртэй бүлээн зүстэй хүн үлдээгээгүй шиг Б.Энхбаяр Монголд   бүтэн нэртэй, бүлээн зүстэй бизнес эрхлэгч үлдээсэнгүй. Их  багагүй бүгд л “но”-той байж таарч. Энэ дээр нь ёстой хүн нь олдвол хэрэг тохоход амархан гэгчээр л Б.Энхбаяр ажиллана лээ.

Уг нь зээл авсан бүхэн луйварчин биш л дээ. Улстөржүүлээд, АН-ыг харлуулахын тулд бизнес эрхлэгчдээ бүгдийг нь бүтэн нэр, бүлээн зүсгүй луйварчид болгочихлоо. Женко АН-ыг яг ийм жишгээр “алсан” байдаг юм.

Хөгжлийн банкийг тонох эхлэлийг 2017 онд, АН ажлаа өгсний дараа Ардын намынхан хуулийг нь өөрчилж байгаад тавьсан байдаг. Тэгж ярих юм бол Б.Энхбаярт хэн нэгэн АН-ыг жаахан харлуулаадах гэж даалгавар өгсөн аятай аашилсан нь үнэн. Тийм шударга нэгэн аваас анд нөхдөө, жишээ нь, Хөгжлийн банкны дэдээр ажиллаж байсан Ж.Эрхэмбаатарын ах Ж.Эрхэмбаярыг, Ч.Ундрам, Ц.Анандбазар, С.Бямбацогт нараа  дуудаж байцаахгүй яагаа вэ. Ч.Ундрам гэхэд зээлээ төлөхгүй “гүрийж” явснаа дуулиан дэгдэнгүүт барьж очоод тушаасан нь худлаа биш шүү дээ. Хөгжлийн банкны хэргийн хамгийн том сэжигтэн болох Х.Баттулгыг бараг л “ааваа” гэх нь холгүй байсан хэрнээ С.Баярцогт, Н.Батбаяр, Ш.Адъшаа нарт ямар эрэлхүү, дээрэлхүү зан гаргасныг бултаараа харсан.

Нээлттэй сонсголын зорилго нь  зээлээ зориулалтын болон зориулалтын бусаар ашигласан эсэх, төлж барагдуулсан эсэх, төсөл хөтөлбөрт нь асуудал үүссэн эсэхийг нь нягталж тодруулах явдал. Б.Энхбаярын энтертайментыг үзэх, үзүүлэх гэж нийгмээрээ нээлттэй сонсголыг үзсэн юм биш. Цаашдаа ямар арга хэмжээ авах нь хамгийн гол зорилго нь байх. Ингээд төрийн мөнгийг идэж, уугаад байх уу. Эсвэл гэдэг хариулт нийгэмд хэрэгтэй байна.

Эцэст нь, нээлттэй  сонсгол хийсэн нь зөв. Гэхдээ нээлттэй сонсголд дуудагдсан, оролцсон болгон гэмт хэрэгтэн биш. Үүнийг нь ялгаж, салгаж ойлгох ёстой. Тэр тусмаа бизнес эрхлэгчдээ бүгдийг нь “гутааснаараа” төр гоё харагдахгүй. Төр гоё харагдмаар байвал бизнесийг чөлөөл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж