Индонезийн нийслэл Жакарта нь Ява тэнгист бага багаар живсээр байгаа тул тус улс Борнео арал руу нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Борнео арлын ойр орчимд хүн дүрст мич буюу орангутанууд олноороо амьдарч байна.
Борнеогийн орангутан хамгаалах сан 127 орангутаныг асарч хамгаалдаг. Нүүрс олборлолт болон тариалалттай холбоотойгоор ой мод устаж, орангутанууд ч орон гэргүй болжээ. Гэхдээ орон гэргүй болсон орангутануудын хувьд 32 тэрбум ам.долларын төсөвтэй нийслэл хот шинэ аюул заналхийлэл болоод байна.
Засгийн газар шинэ нийслэлийн төслийг танилцуулахдаа зэрлэг ан амьтдад ээлтэй, ногоон хот байгуулна гэж амласан. Ингэхдээ нийслэлийн зарим хэсгийг ойжуулна гэж хэлжээ. Гэвч Сингапураас бараг дөрөв дахин том талбай буюу 260 мянган га орчим талбайд барилга байгууламж барих нь нэн ховордсон ан амьтдад яалт ч үгүй аюул заналхийлэл болно. Тухайлбал, Баликпапан булангийн эрэг дагуух 400 орчим га талбайд нүүрсний боомт, газрын тос боловсруулах үйлдвэр барих болсон. Тиймээс Баликпапан буланг барилгын хог хаягдлаар дүүрсэн аварга том цөөрөм болох вий гэж байгаль орчны мэргэжилтнүүд санаа зовж байна. Амьтдыг хүнтэй зэрэгцэн амьдрах боломжтой нийслэлийг байгуулаасай гэж байгаль хамгаалагчид хүсч байна.
Түүнчлэн шинэ нийслэлд засгийн газрын байгууламжуудыг барьж буй. Энэ оны сүүлч гэхэд 16 мянган төрийн албан хаагч нүүж орох боломжтой орон сууц ашиглалтад орох аж.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ