Халагдах 800 хэний фракц вэ?

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Халагдах 800 хэний фракц вэ?

Халагдах 800 хэний фракц вэ?

Засгийн газар “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн алба болон төрийн өмчит компанид их цэвэрлэгээ эхлүүлж, 800 хүнийг халахаа зарласан нь МАН доторх фракц хоорондын чимээгүй тулааны өрнөл болж мэдэхээр байна.

Учир нь, МАН-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо, УИХ-ын дарга асан М.Энхболдын хотын фракц, УИХ-ын гишүүн Сү.Батболдын “МИГМО”  фракц, Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нарын хамтарсан фракц бий. Эдгээр фракциуд хаана мөнгөтэй, эрх мэдэлтэй албан тушаал гарч ирнэ, түүн рүү төлөөллөө шургуулж, ирсэн.  Өөрөөр хэлбэл,  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж томилогдсон 800 хүнийг хална” гэдэг тайлбар зүүж буй нь шударга сонстох ч цаад агуулгаараа өрсөлдөгч фракциудынхаа “гар, хөл”-ийг тасдах ажил хийх нь ээ гэж ойлгож болох юм.

2016 оноос хойш Засгийн эрхийг долоо дахь жилдээ дангаараа барьж буй МАН-д төрийн албанд шинэчлэл хийх хүрээнд хуульд нийцүүлэн мэдлэг боловсролтой, чадвартай боловсон хүчнээр сэлгээ хийж, төрийг чадварлаг, цомхон болгох цаг хугацаа хангалттай байсан. Гэтэл долоон жилийн турш хууль зөрчиж, томилгоо хийчихээд  энэ долоо хоногоос “Хууль зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, дөрөвдүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээлэл ирүүл” гэх  хугацаатай үүрэг өгч байгаа нь фракцынхаа эрх ашгийг хамгаалах гэсэн үйлдэл юм.

Удахгүй энэхүү “Шүүр” ажиллагаагаар халагдсан 800 хүний оронд төрийн алба, төрийн өмчит компанид шинээр 800 хүн зөрж орж ирэхэд гайхах зүйлгүй. Эрх баригчид энэ үйлдлээ “Хуульд нийцүүлж байна” гэдэг ганган тайлбар л дагуулна.

Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “төрийн албанд аттестатчилал явуулж,  авлига хээл хахуулиас ангид чадварлаг боловсон хүчнээр бүрдүүлсэн хүчтэй төрийг бий болгоно” гэх мэдэгдэл хийж байсан удаатай. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайд нарын дээлийг давхарлан, Хот, Боомт, Олимпизм хариуцсан яамгүй сайд нарын орон тоог шинээр бий болгож, Эдийн засгийн хөгжлийн яам, Соёлын яамыг шинээр байгуулан, Засгийн газрыг зантайлгасан.  Агентлагууд ч шинээр байгуулсан. Ардчилсан нам МАХН-тай хамтран Засгийн эрхийг барьж байсан хэрнээ 10 яамтай, 12 сайдтай ажилладаг байсан бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аль ч улс төрийн хүчинтэй хамтраагүй атлаа 17 яам, 20 сайдтай ажилладаг.  Намчид, цүнхчидээ л ажилтай болгож байгаа хэрэг шүү дээ.

Тэр бүү хэл ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сайдаар томилж, хуулийн байгууллагад шалгуулж буй ард түмний боломжийг хулгайлагч төрийн өмчит компанийн дэд захирал болж, томорсон жишээ ч бий. Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар гурилын үйлдвэртэй, УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилсон бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал болсон. Амласан амлалт, хийсэн ажил хоёрын дунд алд дэлэм байтугай зөрүү гарсан.

Уг нь бол төрийн алба, төрийн өмчит компанийг цомхон чадварлаг болгох боломж бүрэн байсан.

Учир нь, дарга дагасан албан тушаалуудыг байхгүй болгоход л хэдэн зуугаараа чөлөөлөгдөх боломжтой.  Төрийн өмчит компани дээр жишээ татахад газар, хэлтэс гэж дотроо ангилагдана. Тэр бүх газар, хэлтэс нь даргатай. Даргыг дагаад нарийн бичиг, жолооч, цүнх баригч гэсэн орон тоо давхар дагалддаг. Төрийн алба ч ялгаа байхгүй, яам руу шагайхад л таван цэргийн дээр нэг дарга байж ч магадгүй. Дарга дагасан төрийн бүтэц ноёлж байгаа гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.

Тэгсэн хэрнээ ажил хөөцөлдөн,  гарын үсэг зуруулах шаардлагатай болоход дарга олддоггүй. Энэ зовлонг бизнесмэнүүд илүүтэй мэдэрдэг гэж хэлж болно. Тухайлбал, бизнес эрхлэх гээд зөвшөөрөл хүсэхэд хариу нь гарахгүй таг болно. Хэзээ хариу нь гарахыг сураглахаар очиход “Дарга байхгүй гадаад явсан. Дарга байхгүй хөдөө явсан, Дарга байхгүй, яам руу хуралд явсан, Дарга байхгүй гадуур ажилтай” гэдэг тайлбар л сонсдог.

Дарга дагасан бүтэц нь төрийн зардлыг ч данхайлгасаар ирсэн.  Тиймээс төрийн алба, төрийн өмчит компанид халаа сэлгээ хийхдээ дарга нарыг түлхүү халж, орон тоог нь цомхотгохгүй бол Засгийн газрын зардал буурахгүй. Төр данхгар хэвээр л үлдэнэ. Гэвч сайд, дарга, цүнхчид, намчдад дуртай эрх баригчид төрийн албанд илүүдэл болж буй эдгээр орон тоог цомхотгох гэхээс илүү мөрөөрөө ажлаа хийж буй чадварлаг, мэргэшсэн, мэдлэгтэй хэсгээ "Чи манай фракц биш" гэдэг үндэслэлээр халах вий дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж