"Сансрын эринд монголчуудыг татахад Мазаалай гол үүрэгтэй байсан"

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

"Сансрын эринд монголчуудыг татахад Мазаалай гол үүрэгтэй байсан"

"Сансрын эринд монголчуудыг татахад Мазаалай гол үүрэгтэй байсан"
Зүүн гар талаас Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр/2023.03.22/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн физикийн тэнхимийн багш, Монгол Улсын шинжлэх ухааны академийн одон орон, геофизикийн хүрээлэнгийн сансар судлалын төвийн лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. Түүний багийн бүтээсэн “Мазаалай” нэртэй Монголын анхны хиймэл дагуул нь сансарт хүрсэн хоёр дахь монгол болсон билээ.

-Монгол хүн сансарт ниссэний түүхэн ой өнөөдөр тохиож байна. Тэрхүү түүхэн цаг хугацаанаас хойш монголчууд “Мазаалай” хиймэл дагуулын тусламжтай хоёр дахь удаагаа сансарт хүрсэн гэж ойлгох нь зөв үү?

-Зөв. 2017 онд "Мазаалай" хиймэл дагуул сансарт гарч ажилласан байдаг. Тэр бол монгол хүн сансарт ниссэн үйл явдлаас хойшхи чухал нэгэн үйл явдал.

-"Мазаалай" хиймэл дагуул хэрхэн бүтсэн юм бэ? Ямар сансрын хөлгөөр задгай сансарт хүрсэн бэ?

-"Мазаалай" хиймэл дагуулын төсөл 2015 онд эхэлсэн. Хоёр жил хэрэгжиж, 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр задгай сансарт гарч ажлаа эхлүүлсэн. Задгай сансарт гарахдаа АНУ-аас “SpaceX” компанийн пуужингаар сансарт хүрсэн. Сансарт ажиллах хугацаандаа шинжлэх ухааны зарим туршилт, даалгаврыг гүйцэтгэж, 2019 оны тавдугаар сарын 11-12-ны өдөр агаар мандал руугаа буцаж унаад тэндээ шатаж дууссан түүхтэй. Өөрөөр хэлбэл, "Мазаалай" хиймэл дагуул үүргээ гүйцэтгээд үгүй болсон гэсэн үг.

Зүүн гар талаас Т.Төртогтох, Д.Амартүвшин, Д.Эрдэнэбаатар

-Ямар үүрэг, даалгавартай байсан бэ?

-Сансарт байх хугацаандаа задгай сансрын орчны мэдээллийг, өөрийнхөө дотоод дэд системийн мэдээллийг цуглуулж, тэдгээрийг дэлхий рүү явуулж байсан. Үүнийг нь МУИС дээр байрлах газрын станц дээрээ хүлээн авсан. Ерөнхийдөө эдгээр мэдээлэл дээрээ үндэслэн нарны идэвхжил, идэвхжил байх үед хиймэл дагуул өөрөө хэр хугацаанд ажиллаж болох вэ, үзүүлэлт нь ямар байна вэ гэдгийг шалгаж үзэж, харж болохоор байсан. Зарим нэг төлөвлөсөн даалгавруудаа техникийн асуудлаас болж биелүүлж чадаагүй. Жишээлбэл, зураг авах даалгаврыг холбооны системийн бэрхшээлийн улмаас биелүүж чадаагүй. Өөр бусад даалгаврууд ч бий. Гэхдээ үндсэнд нь дүгнээд хэлбэл, “Мазаалай” хиймэл дагуул сансарт ойролцоогоор нэг жил арван сар амжилттай ажилласан.

-Яагаад хиймэл дагуул бүтээе гэж шийдэв? Түүхээс нь эргэн хуваалцаач?

-Анх 2014 онд би Япон руу докторын зэрэгт суралцахаар явсан юм. Тухайн үед ганцаараа явж байсан бол жилийн дараа миний араас Т.Төртогтох, Д.Амартүвшин гээд хоёр багш очсон. Бид нар МУИС-д ажиллаж байгаад 20 гаруй настай залуучууд Японыг зорьсон нь энэ байлаа. Ингээд бид гурав энэ төслийг эхлүүлсэн. Мэдээж Монгол талд МУИС-ийн физикийн тэнхимийн багш, профессорууд бүгдээрээ өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. МУИС-ийн оюутнууд ч хөрөнгө, мөнгө босгох ажилд идэвхтэй оролцсон. Манай биеийн тамирын тэнхимийнхэн сагсан бөмбөгийн тоглолт хүртэл зохион байгуулж, хандив өгч байлаа. Мөн нэг том хандивлагч нь өнөөдөр сансарт ниссэн өдөр нь тохиож буй Ж.Гүррагчаа баатар байсан. Хөдөөгийн сумын сургуулийн хүүхдүүдээс эхлээд бүхий л улс даяараа дэмжсэн дээ. Нийт төсвийн хувьд тухайн үеийн 100 мянган ам.доллараар төсөл минь хэрэгжсэн. Энэхүү мөнгөний талыг Засгийн газар гаргаж, талыг нь МУИС, тодорхой хэмжээг нь ард түмний хандив, тусламжаар босгосон.

Хоёр жилийн туршид Бангладеш, Нигерь, Япон зэрэг улсуудын адилаар тэндэх лабораторийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан өөрсдийн хиймэл дагуулаа хийсэн. Японд хийж бүтээж, Америк руу шилжүүлж, сансарт хөөргөсөн гэсэн үг. Бид гурав л голлох ажлыг нь хийж, хөөргөсөн. Олон хүний дэм, тусламжаар амжилттай хэрэгжсэн. Одоо хүртэл яригдаж байгаад нь баяртай байна.

-“Мазаалай” хиймэл дагуул Монголын сансар судлалын салбарт ямар нөлөө, ач холбогдол үзүүлсэн бэ?

-Их чухал асуулт байна. Бид нар зогсонги байдалд орчихсон байх үед сансар руу зоригтой хийсэн алхам нь энэ байсан. Бид нар сансарт өөрсдийн гэсэн орон зайг тунхагласан. “Мазаалай” хиймэл дагуул сансарт гарсан гэдэг бол монголчуудын эрх ашиг сансарт гарсан л гэсэн үг. Дотооддоо сансрын асуудлаар их идэвхтэй ажиллаж эхэлсэн. Олон хүмүүсийн анхаарал ийшээ хандаж эхэлсэн. Хүүхдүүд сонирхож, суралцаж эхэлсэн. Дэлхий дахинд шинэ сансрын эрин үе гэж яригдаж буй үед бид амьдарч байна. Шинэ сансрын эрин үед монголчуудыг татан оролцуулахад “Мазаалай” гол үүрэгтэй байсан. Энэ цаг үед бид бусад улстай өрсөлдөнө гэж зорьж байна. Хурдан, удаан нь хоёрдугаар асуудал. Ямартай ч алхам хийгээд явж байна.

-Дараагийн хиймэл дагуулыг хэзээ сансарт гаргах вэ?

Дараагийн хиймэл дагуулыг МУИС дээр академик түвшний буюу шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийх зориулалттай жижиг оврын хиймэл дагуулыг хийж байна. 2019 онд эхэлсэн төсөл маань цар тахлын үед зогссон. Одоо идэвхжиж, хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Бид нар 2023 онд гэж төлөвлөсөн боловч дэлхийн электроникийн тоног төхөөрөмжийн хомсдол зэрэг гадны хүчин зүйлсээс шалтгаалан хойшлох болж байна. Энэ л цаг авч байна. Гэхдээ ирэх ондоо багтаан хөөргөхийг зорьж байгаа. Нэрийг нь “Тэмүүлэл” гэдэг. Бас “ONDO Space” компанийхан хиймэл дагуулаа дотооддоо бүтээгээд явж байна. Тэгэхээр өнөөдөр Монголд хоёр газар хиймэл дагуулж бүтээж байна гэж ойлгож болно.

-Сансар судлалын салбар дахь төр болон хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг ямар байдаг вэ?

-Одоо л бид нар нийлж, нэгдэж байна. Өмнө нь харьцангуй ойлголт хангалттай биш, тус тусдаа байсан. Сая Цахим хөгжлийн яам байгуулагдлаа. Мөн шинжлэх ухааны академи дээр сансар судлалын төв байгуулагдлаа. “ONDO Space” гээд хувийн компанитай боллоо. Эдгээр байгууллагууд хамтраад дараа үеийн хүний нөөцөө бэлтгэхээр тэмцээн уралдаан, сургалт семинар зохион байгуулах тал дээр идэвхийлэн ажиллаж байна. Үүний нэг жишээ бол “КАНСАТ-2023” гээд лаазанд багтах хиймэл дагуулын тэмцээн. Энэ тэмцээнийг өнгөрсөн жилээс дахин сэргээж, жил бүр зохион байгуулахаар болсон. Үүн дээр Цахим хөгжлийн яам дэмжлэг үзүүлж байгаа нь төрийн анхаарч байгаа нэг хэлбэр юм болов уу даа. Боловсрол, шинжлэх ухааны яам ч судалгааны төслүүд дээр дэмжиж байгаа. Тал талаасаа л ажиллаж, энэ салбарыг хөгжүүлэхээр явж байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

Намайг ярилцлагын буландаа урьсанд баярлалаа. Өнөөдөр бол Монголын сансарын салбарын баярын өдөр. Энэ баярыг тэмдэглэж байгаа салбарынхандаа монгол хүн сансарт ниссэний баярын мэндийг хүргэе. Мөн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа таныг урт насалж, удаан жаргахыг ерөөе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж