Монголчууд жанжин Д.Сүхбаатартаа үнэн голоосоо хайртай. Монголыг бүхэлд нь өрөнд оруулсан Хятадын пүүсийн өрийн дансыг шатаасан тухай киног өнөөгийн хүүхдүүд ч үзсээр байхуйд арга ч үгүй биз. Тухайн үед Их хүрээнд Хятадын мөнгө хүүлэгч пүүс дангаараа оршин байсангүй. Тэднээс гадна нэгэн шинэ төрлийн нөхдүүд гарч ирсэн нь батлан даагч пүүс байв. Тэд өртэй монголчуудыг батлан дааж, дахин өр тавиулж, дундаас нь ашиг олох ажээ. Өнөөдөр харин тэдний оронд төрийн эрхэнд гарсан намчид Монголыг хүүлж, төрийн нэрээр батлан даалт гаргаж монголчуудыг улам их өрөнд унагаж, өөрсдөө баяжих ажээ. Гаднаас авсан зээлийн мөнгийг хүүнээс нь ч бага хүүтэйгээр хөгжлийн төсөл нэрээр өөрсдөө аваад өндөр хүүтэйгээр иргэдээ цөлмөж, хүүгийнхээ зөрүүг ч бас биднээр төлүүлнэ. Биснес нь төртэй хавсарсан болохоор яг өлөн бирд шиг… Төрийн өмч, төрийн өмчийн оролцоотой компаниудыг нэмэгдүүлснээр улстөрчдөд эцэс төгсгөлгүй завших, идэж ууж баян бүрд бий болдогийн жишээг бид нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг, хөгжлийн нэртэй зээлүүд, бизнесийг, малыг дэмжих сангуудын жишээнээс бэлхнээ харж байна. Төр өмчтэй байх тусам эрх мэдэлтнүүд хулгай хийх нь зайлшгүй. Үүнийг ч өөрсдийнх гаргасан Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үзүүлэлт батлав.
Тайлангаар жилээс жилд төрийн өмчийн хөрөнгө өссөөр байгаа ч ямар ашиггүй. Бүр алдагдалтай гараад буйн цаана мөнгө хэвлэж, өрийн таазыг өсгөж, тэндээс нь хувьдаа ашиг олж, эдийн засгаа дампууруулж ирсэн улстөрчдийн увайгүй бодлого нуугдана. Тиймээс тэд хамгийн сайн хийж сурсан тархи угаалтаараа Монголын саалийн үнээг эргүүлэн төрд хүчээр авч, төрийн үйлдвэрийн газруудыг нэмж, инфляцийг өсгөн хулгайгаа хийж иржээ.
ТӨК-ийн НИЙТ ХӨРӨНГӨ ДНБ-ЭЭС ДАВСАН НЬ…
Төрийн зардлыг өндөр байлгах нь татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг бол түүнээс үүссэн алдагдлыг улстөрчид нөхөх нэрээр зах зээлд илүүдэл мөнгө нийлүүлснээр инфляци нэмэгддэг. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хохирохгүйн тулд бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд инфляцийг шингээнэ. Түүний төлбөрийг зөвхөн хэрэглэгч л төлнө. Ийм энгийн зүйлийг ил зарласан нь "Алтан тариа"-н П.Цэнгүүн байснаас үнэндээ бүгд л ийм байдлаар арга хэмжээ авна. Тиймээс өнөөдөр Монголын бизнесийнхэн төртэй хавсарагч, төртэй өрсөлдөгч гэж хуваагджээ. Эхнийх нь улам бүр томорсоор буй бол шударгаар яваа хоёр дахь нь дампуурдаггүй юмаа гэхэд бахь байдагтаа. Ашиг, орлогын хувьд ч тэнгэр, газар шиг зөрүүтэй. Тиймээс үүний цаад шалтгааныг олж харсан судлаачид инфляцийг "хуульчлагдаагүй" татвар гэдэг.
Төрийн өмч их, "саалийн үнээ" олон байх тусам "тэгш эрх", "нийтийн эрх ашиг", "нийт ард түмний өмч" яригч хувалзнуудад ашигтай. Тиймээс үүнийг улам чангаар хашгирч, төрийн өмчийг томруулж, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг уриалдаг. Үр дүнд нь юу болов? Монголыг тэжээдэг гэгддэг үйлдвэрүүдээ нэг харцгаая.
Анзаарсан бол хамгийн хамгийн үзүүлэлтийг өр, хөрөнгөөрөө тэргүүлсэн "Эрдэнэс Монгол" нэгдэл гэхэд ашгаасаа орлого нь 12 дахин их, орлогоосоо өр нь 4 дахин их, өрнөөсөө хөрөнгө нь 5-6 дахин их байх жишээтэй. Ашиггүй бага байх нь ойлгомжтой. Гэхдээ орлогын үзүүлэлт нь гавихгүй хэр нь өр, хөрөнгө нь зузаарсаар байгаа нь стаглфяцийг төр хийгээд байна гэсэн үг. Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон хэр нь бараа, бүтээгдэхүүний үнэ, төрийн албаны цалинтай хамт өсөөд байгаа. Монголд стаглфяци бодитоор ажиглагдсаныг эдийн засгийн тун чиг тааруухан мэдлэгтэй бичигч бус Олон улсын валютын сан өнгөрсөн хавар анхааруулсан. Эдийн засаг нь агшаад байдаг. Ажлын байр байхгүй болж, ядуурал өсөөд байхад ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудын хөрөнгө, өр өсөөд байгаа нь тэндээс идэх мөнгө, хулгай, тонуул нэмэгдээд байгааг л хэлээд байна гэсэн үг. Үүнийг магтан дуулж буй албан тушаалтан бол өөрөө тэндээс шанагадахгүй гэхэд халбагадаж байгаа хэрэг болно. Мэдээж энэ бүхнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Ингээд хэвлэнэ. Үр дүн нь өнөөгийн “чөтгөрийн тойрог”.
Төрийн өмчийн 105 компанийн нийт хөрөнгө 2021 оны тайлангаар 53.4 наядад хүрсэн талаар өмнөх нийтлэлд дурдсан. Энэ нь Монголбанкнаас гаргасан тухайн оны тайлан мэдээнд дурдсан ДНБ-нээс 10 их наядаар давсан үзүүлэлт юм. Доорх графикт энэ талаар танилцуулсан бөгөөд МАН засаг авсан цагаас эхлэн ДНБ өсөөд байгаа юм шиг харагдана. Сайн хэрэг мэт боловч аюултай хэрэг.
Хөрөнгийн хуримтлал 35,2 хувь гэдэг нь мөнгө хэвлэж, зээлийг нэмэгдүүлж байгаа явдал гээд шууд хэлчихвэл бариад идүүлэх учраас гоёор хэлээд байгаа хэрэг. Энэ хуримтлал өсөх тусам төр ямар ихээр данхайж, эдийн засаг хийлмээр хийлэгдэж хэзээ мөдгүй хагарах эс бөгөөд дампуурал руу хөтөлнө. Эзлэх хувиар нь харвал, ард түмнээс арав дахин бага хэрнээ төрийн албан хаагчид дөрөв дахин илүү хэрэглээтэй байгааг ч энд хэлээд байна.
Тэдний бодлого зах зээлийг хиймлээр тэлжээ. Тиймээс жилээс жилд төсөв нэмэгдсээр байгаа ч сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу, эмнэлгийн шалаар зулсан хэвээрээ байгаагийн шалтгаан нь дарга нарын "цуслах" төрийн өмчийн үнээ рүү хамаг мөнгө яваад, хяналтгүйгээр тоншоод байна гэсэн үг. Энэ л асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж эрх баригчид сүүлийн 100 жил ярьсан. Бидний асуудлаар тэд оршин тогтнодог төдийгүй түүнийг "шийднэ" гэж төсөв батлуулж, түүнээс өөрсдийн асуудлыг шийддэг.
Бизнесийн орчин, ядуурал, ажилгүйдэл, хүнсний хомсдол ярьж байгаад Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөнгөлөлттэй, маш бага хүүтэй зээлийг тэд гаргасан. Өөрсдөө аваад бидэнд хүүлсэн. Тухайн үед нэг бүлэглэлийнхээ суудлыг булаах зодоон явж байсныг өнөөгийн эрх баригчдын солигдсон нүүрний арьсыг харахад л ойлгомжтой. ЖДҮ-ийн сангийн хулгайг хамгийн их ярьж, тайлбарлаж байсан хуульч залуу өнөөдөр өөрөө юу хийж байна?
ХОНИНЫ АРЬС НӨМӨРСӨН ЦӨӨВРҮҮД
Иргэдийг хэрэглээгээ тана, хэмнэлтийн горимд шилж гэж их төвчигнөдөг Ерөнхий сайдтай билээ, бид. Гэтэл төрийн зардлыг өндөр байлгасаар байгаа нь ямар нэгэн байдлаар тэр өөрөө инфляци үйлдвэрлэгч гэсэн үг. Учир нь төрийн зардлыг нөхөх зорилгоор зах зээлд илүүдэл мөнгө хэвлэн тараасан. Үүнийг нууж байсан ч үнэнд гүйцэгдсэн хойноо хүлээн зөвшөөрсөн. Төрийн зардлыг өндөр байлгаад байгаа нь эрх мэдэлтнүүд тендэрт өөрсдийн компаниа шалгаруулж өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гол зорилготой. Өнөөдөр Монголын хамгийн том худалдан авагч, хамгийн тансаг хэрэглээтэй, хамгийн их мөнгөтэй нь төр болчихлоо. Тэдний ойр дотныхон хамгийн их мөнгөтэй бизнесмэн болчихлоо. Тэгсэн атлаа хамгийн ихээр тэгш эрх, тэгш байдал гэж "улих". Чөлөөт зах зээлийн нийгэмд тийм эрх байдаггүй. Тиймээс бид чөлөөт зах зээлгүй гэсэн үг. Үүнд ардчилал энэ тэр огт хамаагүй. Харин төрийн өмч, төрийн оролцоо, төрөөр дамжуулж хийж буй бизнес хамаатай. Төртэй хутгалдсан бизнесийнхэн хамгийн ихээр "нийгмийн хариуцлага" гэж үг хэрэглэдэг. Үнэндээ тэд тийм үүрэг хүлээдэггүй, хүлээх ч үгүй. Харин тэрүүгээрээ дамжуулан мөнгө олдог. Цагдаагийн газраас "Таны уурласан үед гаргасан үйлдлээс болж хэн нэгэн хохирох ёсгүй" гэх мессэжийг илгээгээд буй нь өөрсдөд нь сэрэмжлүүлэг мэт санагдаж байгаа боловч түүний цаана ямар их татвар төлөгчдийн мөнгийг завшиж байгаа бол. "Тухайн үүрэн холбооны оператор нийгмийн хариуцлагын хүрээнд үнэгүй түгээсэн" гэж магадгүй. Тэгвэл үүнийхээ төлөө тухайн компани хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг сонин. Учир нь ашиггүй, ашиг олохыг хүсдэггүй газар юм бол яаж өнгөрсөн хугацаанд оршин тогтносон нь "но"-той болж таарна. Монголын дампууруулж, улстөрчдийг хөгжлийн манлайд хүргэхээр ид цэцэглэж буй төр-бизнес хутгалдсан давуу эрх эдэлдэг технологийг олон улсад крони капитализм гэж нэрлэх болжээ. Иргэдийг ядууруулж, улсыг сүйрүүлж, албан тушаалтанг баяжуулдаг энэ технологийн "ачаар" Монголд төрөөс төрсөн хэдэн тэрбумтантай болов? Төлөөсөнд нь бид юугаа алдсан бэ?
…Эмэгтэйчүүд эрүүл хүүхэд тээх боломжгүй, төрсөн хүүхэд эрүүл торних аргагүй, торнилоо ч боловсрол эзэмших боломж хаалттай, хорт хавдраар өвчлөгсдөөр тэргүүлж, ахмадууд санаа амар нүд аньж чадахгүй, залуус боломжоо хулгайлуулж байна. Энэ бүхнийг хараад эвлэрч байгаа бол УИХ, Засгийн газрын гишүүд түүнтэй ямар нэгэн байдлаар орооцолдсон төдийгүй "хулгайч" болж таарна.
Дараагийн удаад төрийн өмчийн эдгээр компаниудыг тус бүрээр нь нарийн нэг харцгаая…
Холбоотой мэдээ