Дайны гэмт хэрэгтэн, алдарт эх Мария Белова

Хуучирсан мэдээ: 2023.03.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дайны гэмт хэрэгтэн, алдарт эх Мария Белова

Дайны гэмт хэрэгтэн, алдарт эх Мария Белова

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс украин хүүхдүүдийг албадан ОХУ-д авчирсан хэрэгт Кремлийн тэргүүн Владимир Путин болон Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарыг буруутган, гуравдугаар сарын 17-нд баривчлах тушаал  гаргасан. Хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутгагдаад буй Мария Львова-Беловаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа танилцуулж байна.


Пенза хотод төрж өссөн Мария Львова-Белова 2002 онд А.А.Архангельскийн нэрэмжит Соёл урлагийн коллежийг удирдаач мэргэжлээр төгсчээ. 2000-2005 онд Пенза хотын хүүхдийн хөгжмийн сургуульд гитарын багшаар ажилласан. Мария сүмийн найрал дуунд дуулж байхдаа Павел Когельмантай танилцаж, 19 настайдаа гэрлэжээ. Үнэндээ Мария түүнтэй гэрлэсэн шалтгаан нь Павел олон хүүхэдтэй болохыг хүсдэг байсан учраас гэнэ. Мария залуустай танилцаж, уулзаад гурваас цөөн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэйг нь мэдвэл дахиж болздоггүй байжээ. Тэдний анхны хүүхэд 2005 онд төрсөн бол хоёр дахь нь хоёр жилийн дараа төрсөн. Өдгөө тэрбээр  “Би есөн хүүхэдтэй, тав нь надаас төрсөн, дөрөв нь өргөж авсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй 13 хүүхэд асран хүмүүжүүлдэг” гэж ярьдаг.

2008 онд тэрээр Пензагийн эмнэлгийн тасагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүүхдүүдийн тухай сонсоод тэнд сайн дурын ажил хийж эхэлсэн. Энэ ажил нь түүний анхны буяны байгууллага болох Благовестийг үүсгэн байгуулахад  хүргэжээ.

Эхлээд Мария болон түүний найз Анна Кузнецова, мөн тэдний нөхрүүд Благовестийн ажилд оролцдог байв. Гэвч удалгүй хоёр найз муудалцаж, Кузнецовынхан байгууллагыг орхижээ. Харин 2014 онд тэрбээр Владимир Путины байгуулсан Бүх Оросын ардын фронт улс төрийн эвсэлд нэгдсэн. Удалгүй тэрээр Оросын ээжүүдийн анхан шатны байгууллагын удирдлагыг авчээ. Тэрээр бүс нутгийн Хөдөлмөрийн яамнаас их хэмжээний буцалтгүй тусламж авч, орон нутгийн асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй төгсөгчдөд зориулсан нөхөн сэргээх төв байгуулж амжив.

2016 онд Анна Кузнецова хүүхдийн эрхийн комиссар болжээ. Тухайн үед Мариягийн карьер ч бас цэцэглэж байв. Тухайлбал, Засгийн газрын санхүүжилтаар  илүү том нөхөн сэргээх төвүүдийг нээсэн. Мөн 2016 онд  буяны үйлсийнхээ төлөө Владимирийн одонгоор шагнуулжээ. Улмаар 2018 он гэхэд тэрээр Путины ерөнхийлөгчийн сонгуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг болсон. Тэрбээр өмнөх комиссар Анна Кузнецоваг Төрийн Думд сонгогдсоны дараа комиссарын албан тушаалд нь дэвшсэн байна.

2019 онд  Белова Оросын Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүнээр сонгогдож, иргэний нийгмийг дэмжих ажлын хэсгийн ахлагч болсон.

Амжилттай явсан нөхөр нь программ хангамжийн инженер мэргэжлээ орхиж, тахилч болохоор шийдсэн нь  Марияд зол болсон юм. Үнэн алдартны шашны ламтай гэрлэсэн,  өнөр бүлийн эх, буяны үйлстэн гэдэг гуншингууд нь Марияг Хүүхдийн эрхийн комиссар болоход яг тохирох хүн мэт харагдуулжээ. Хүүхдийн эрхийн комиссараар томилогдохдоо тэрбээр Пенза хотын зөвлөлийн гишүүн, Путины улс төрийн хүчин болох Нэгдсэн Орос намын зөвлөлийн гишүүнээр аль хэдийнэ ажиллаж байв.

2021 оны зургадугаар сард  Путины тамгын газрын дарга Сергей Кириенкогийн удирддаг технократ инкубатор болох Ерөнхийлөгчийн боловсон хүчний нөөцийг Мария төгссөн. Хэдэн сарын дараа Путин түүнийг одоогийн албан тушаалд томилов.

“Украины хүүхдүүдийг  албадан гаргах, үрчлэн авах, мөн Оросын нийгэм, соёлд "уусгах" зорилгоор хуаран ашиглахад хамгийн их оролцсон хүмүүсийн нэг бол Мария" гэж Йелийн хүмүүнлэгийн судалгааны лабораторийн Зөрчилдөөнийг ажиглах төв  бичжээ. Өнгөрсөн долдугаар сард Мария "Оросын иргэншлийг хүлээн авсан Донбассын 108 өнчин хүүхэд эцэг эхтэй болно" гэж  “Telegram” -д бичсэн байв. Тэрбээр Оросын эзлэн түрэмгийлсэн Украинд байнга очдог бөгөөд Оросын засгийн газрын нисэх онгоцоор дүүрэн хүүхдүүдийг биечлэн дагалдан явдаг гэдгээрээ сайрхдаг. Путин түүнийг булаан эзэлсэн Украины дөрвөн бүс нутагт эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэхийн тулд тодорхойгүй "нэмэлт арга хэмжээ" ашиглах эрх олгосон байдаг.

Харин НҮБ-ын Хүүхдийн сангаас "Онцгой байдлын үед болон дараа нь хүүхэд үрчлэх ажлыг хэзээ ч хийх ёсгүй" гэж мэдэгдсэн бөгөөд үймээн самуунтай үед эцэг эхээсээ салсан хүүхдүүдийг өнчин гэж үзэх боломжгүй гэж мэдэгджээ. АНУ, Европын холбоо, Их Британи зэрэг улсууд түүнийг уг ажилд үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгаж хориг арга хэмжээ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж