Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын плей-оффын хагас шигшээ тоглолтууд “UG” аренад үргэлжилж байна.
ХАСЫН ХҮЛЭГҮҮД 75 – 81 ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД
Лигийн тэргүүн тоглогчийг сэлгээнээс тоглуулж буй Уурхайчид цувралыг 2-0 гэсэн харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн жил энэхүү хоёр баг финалд учраа таарахад Хүлэгүүд 4-0 гэсэн харьцаатайгаар хожиж, аварга болж байв. Тэгвэл энэ жил тэс өөр дүр зураглал харагдаж, хоёр багийн байр солигдсон гэлтэй. Аваргаа хамгаалагч Хүлэгүүдээс энэхүү тоглолтод гол тамирчдынх нь нэг О.Сэргэлэн мөрний бэртлийн улмаас оролцоогүй. Түүнийг орлон Г.Насанжаргал гараанд гарав.
Тоглолтын тухайд Уурхайчид дөрвөн үе илүү явсаар ялалт байгуулсан. Нэгдүгээр үеэс л тэдний алсын зайн шидэлтүүд онцгойрч, периметр болон будагтай талбайн хамгаалалтууд нь сайн ажилласан. Эсрэгээрээ Хүлэгүүдийн довтолгоо тааруу, хамгаалалт нь болсонгүй.
Хоёрдугаар үеийг Хүлэгүүд эрчтэй эхлүүлсэн ч Т.Санчир хуучин багийнхаа ирийг дарж, онооны давуу байдлаа хадгалав. Гуравдугаар үед ч Уурхайчид алдаа бага гаргасан. О.Энхбаатарын нэрийн хуудас болсон будагтай талбайд ойр довтолгоонууд ээлж дараалан байндаа тусч, Хүлэгүүдийг улам хүнд байдалд оруулсан гэхэд хилсдэхгүй.
Дөрөвдүгээр үед Уурхайчидын гол тоглогчид болох Т.Санчир, О.Энхбаатар, Пендарвис Уиллиамс нар алдааны асуудалд орж, аваргуудад давуу байдал үүссэн ч тэд чөлөөт шидэлт тун тааруу шидсэн. Хүлэгүүд нийт 37 удаа чөлөөт шидэлт гүйцэтгэж, үүнээс 14-ийг нь алджээ. Чөлөөт шидэлт тааруу шидэж байгаа баг хождоггүй гэх бичигдээгүй дүрэм бий. Энэ л ажиглагдсан.
А.Ананд таван чөлөөт шидэлт, Б.Билгүүн гурван чөлөөт шидэлт, Т.Мэндбаяр гурван чөлөөт шидэлт тус тус алджээ.
Хүлэгүүд хоёр дахь боломжоор 20 оноо авч, өрсөлдөгчөө энэ үзүүлэлтээрээ илүүрхсэн ч сэлгээ нь ердөө 22 оноо цуглуулжээ. Харин Уурхайчидын сэлгээ 42 оноо. Василис Фрагкиас дасгалжуулагчид нэг давуу тал байгаа нь түүнд хамгаалалт, довтолгооны сонголт арвин бий. Харин Д.Пүрэвдорж дасгалжуулагчийн гарт тоглолтыг эргүүлчих хөзөр цөөн байх аж. Эсвэл хөзрүүдээ дэлгэх тохироо нь бүрдэхгүй байж магадгүй. Ямартай ч Уурхайчид 2-0 гэж цувралыг тэргүүлээд эхэллээ. Аваргууд хариуг нь барьж чадах болов уу? Ирэх тоглолтод О.Сэргэлэн тоглох боломжтой.
Холбоотой мэдээ