"Винни Пух: Цус ба зөгийн бал" киноны нээлтийг тодорхой шалтгаанаар Хонгконгод цуцалжээ. "Moviematic" компани болон Хонгконг дахь борлуулагч "VII Pillars Entertainment" компани өөрсдийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан энэ мэдээллийг хүргэсэн. Хонгконгийн Цензурын тухай хуульд дурдсанаар Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй үйл ажиллагааг дэмжиж, өөгшүүлсэн киног хориглосон байдаг. Үүнд хүүхэлдэйн кино, аймшгийн кино гээд бүх төрлийн кино багтана.
Английн зохиолч А.А.Милнийн "Винни Пух" киноны гол дүр бамбаруушийг Хятадын дарга Ши Жиньпинтэй адилхан гэх шалтгаанаар Хятад улсад тус киног хориглосон байсан. Энэ харьцуулалт 2013 оны Ши Жиньпиний АНУ дахь айлчлалаас эхтэй. Ши Жиньпинийг ерөнхийлөгч асан Барак Обаматай уулзах үед цахим хэрэглэгчид тэднийг "Винни Пух" киноны баавгай, бар хоёртой харьцуулсан байжээ. Дараа жил нь Ши Жиньпин Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэтэй уулзсан нь мөн л харьцуулалтын бай болсон юм. Тухайн үед цахим сүлжээнд тэднийг баавгай, илжиг хоёртой адилтгаж байв. Эдгээр меме зураг газар авсаар эцэст нь 2018 онд "Винни Пух" Хятадад гарах хориотой болсон.
Инээдмийн жүжигчин Жон Оливер энэ явдалтай холбоотойгоор Хятадын дэглэмийг шүүмжилсэн. Тэрбээр Хятадыг хүүхэлдэйн кинонд хүртэл мэдрэг хандаж байна гэж шоолж хэлсэн бөгөөд үүний дараа "HBO"-г Хятадад хориглосон байна. Тэгвэл энэ удаад ийнхүү Хонгконгод "Винни Пух"-ын шинэ ангийг хориглолоо.
Дашрамд дурдахад, Хятад улсад 2021 оноос Цензурын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дараа "Манай үеийн хувьсгал", "Нүүдлийн орон" зэрэг хэд хэдэн сүүлийн үеийн киног Хятадын зарим бүс нутагт хоригложээ. "Нүүдлийн орон" кино нь Оскараас хоёр ч шагнал хүртсэн. Гэвч киноны найруулагч Жао Клоен иргэншилд хятадууд эргэлзсэн тул Оскарын шагналын дараахан тус киног хориглосон байна.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ