“Гэрээ цэвэрлээгүй байж зочин урихтай адил юм болох гээд байна”

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

“Гэрээ цэвэрлээгүй байж зочин урихтай адил юм болох гээд байна”

“Гэрээ цэвэрлээгүй байж зочин урихтай адил юм болох гээд байна”

"АмЧам Монгол"-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-“Оюутолгой”-н гүнийн уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, түүхэн хуудас эргээд удаагүй байна. Төслийн үр өгөөжийн талаар та юу хэлэх вэ?  

-Төслийн өгөөж их. Монгол Улсын төсвийг гурав дахин тэлэхэд нөлөөлсөн төсөл. Орж ирж буй гурван доллар тутмын нэг нь “Оюутолгой”-гоос орж ирж байна. Энэ нь нийт ард иргэдэд шууд бусаар тусч байгаа юм. Иргэд өөрсдийнх нь халаасанд шууд тусах үр өгөөж хүсч байна. Үүний тулд бид Баялгийн сангийн хуулиа батлаад, түүнийгээ Норвегийн сан шиг болгоод, том төслүүдийн үр өгөөж нь нийт ард иргэдэд хүүхдийн мөнгө шиг очдог хэмжээнд аваачих хэрэгтэй. Төслийн шууд үр өгөөжөөр туслан гүйцэтгэгч компаниуд орлогоо бүрдүүлж байна. Төслийн шугамаар маш олон тэтгэлэг, сан, технологийн шинэ дэвшил нэвтэрч байна. Манай залуучууд дэлхийн уул уурхайн түвшинд бэлтгэгдээд, Америк, Австралийн уурхайнуудад ажиллаж байна. Энэ мэт том өгөөжүүдийг бид харах хэрэгтэй. Өнгөрсөн хугацааны түүхийг нь харахад “Оюутолгой” гэрэл гэгээтэй олон төслийг санхүүжүүлж дэмжсэн байна.

-Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Энэ чиглэлд дараагийн том мега төсөл хэрэгжээсэй, тийм ээ?

-Тийм ээ. Монгол Улсын давуу тал хөдөө аж ахуй. Бид маш өргөн уудам газар нутагтай. Эрүүл газар бэлчээрлэдэг мал сүрэгтэй. Үүнийгээ бид алт болгох хэрэгтэй. Үүний тулд маш олон реформын алхмууд хийх шаардлагатай. Тухайлбал, “Оюутолгой” мега төсөлтэй адил том төсөл ялангуяа хөдөө аж ахуйд орж ирэхийн тулд өртгийн, зохион байгуулалтын сүлжээ нь зөв байна уу гэдгийг шат шатандаа анхаарах нь чухал. Тухайлбал, малыг олон улсын стандартад нийцсэн аргаар нядлах хэрэгтэй. Ингэж байж олон улсын жишигт нийцүүлж худалдана. Ийм байдлаар асуудалд анхаарлаа хандуулахгүйгээр зүгээр ерөнхий зургаар нь хөдөө аж ахуйд том боломж байгаа гээд яриад байвал бас хэцүү. Миний мэдэж байгаагаар, MCS компани, “Premium” групп, “Мета агро” гээд хөдөө аж ахуйд томоохон хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн байна. Тэд “Бид мал, махны орон гээд байдаг мөртлөө малаа ч олигтой нядалж чаддаггүй улс юм байна шүү" гэж хэлж байна. Яагаад гэхээр эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Тэд нядалгааны цех байгуулаад, олон улсын жишигт нийцсэн байдлаар ажиллаж байгаа юм билээ. Ингэж байж гадаадын жинхэнэ хөрөнгө оруулалт орж ирнэ. Тэгэхгүй бол нэг кашмер хийчихээд, гадныхан авахгүй байна гэдэг. Гэтэл нөгөөх нь өнгө будаг нь өөр, олон төрөл загвартай биш, эсвэл нэхмэл нь арай бүдүүдсэн байдаг ч юм уу. Тухайн хэрэглэгч ямар донж загвар хүсч байна вэ гэдэгт нийцүүлэхгүйгээр өөрийнхөө бодож байгаагаар хийчихээд зарж болохгүй. Судалгаа авах гэх мэтчилэн нарийн зүйлсийг шийдэж байж өрсөлдөх чадвартай болно.

-Таны бодлоор дараагийн “Оюутолгой” хаана байна вэ?

-Хоёр дахь “Оюутолгой” зөвхөн уул уурхай биш. Мэдээж уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гол салбар мөн. Бид баялгаа нээж урагшлах ёстой. Гэхдээ хөдөө аж ахуй, цахим эдийн засаг, инноваци технологийн чиглэлд маш их боломж бий. Засгийн газар хөрөнгө оруулалт, урамшуулал, татварын бодлого зэргээр аль болох дэмжсэн байр сууринаас хандах шаардлагатай. Нөгөөтэйгүүр, хоёр дахь “Оюутолгой”-гоор “Бадрах Энержи” ХХК-ийн уран олборлолтын 600 сая ам.долларын төсөл яригдаж байна. Мөн алт, зэсийн томоохон ордууд ч бий. Нүүрс бас дараагийн “Оюутолгой” байж болох боломжтойг Монголын нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал хэлж байна. Магадгүй нүүрсийг шингэрүүлж, эрчим хүч гаргаж импортлох боломжтойг хэлж байгаа болов уу.

-Гүнийн уурхай байнгын ажиллагаатай болсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж буй хандлага ажиглагдаж байна уу? 

-Ер нь том дохио өгөгдсөн. Томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд, тухайлбал, CNN хүртэл онцолж байна. Гэхдээ нэг аюул бий. Бид гэрээ цэвэрлээгүй байж гэртээ хүн урьсантай адилхан юм болох гээд байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид итгээд ороод ирдэг, авлигатайгаа тэмцэж дуусаагүй, хууль эрх зүйн орчин нь тодорхойгүй хэвээр, өнөөдөр нэг юм яриад маргааш нь мартдаг, хэлсэн ярьсандаа байдаггүй байвал хэцүү. Х.Нямбаатар сайдын ярьж байгаачлан маш олон хөрөнгө оруулагчийг хуурч мэхэлж, заналхийлсэн гэдэг шиг асуудал бий болчихвол эсрэгээрээ бүр долоон дор болно гэсэн үг. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаачихлаа гэдэг шиг юм болох байх. Тиймээс реформын шинжтэй алхмуудыг яаралтай хийх хэрэгтэй. Нэг жишээ дурдъя. Бид АНУ-тай Ил тод байдлын хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийн нэг чухал заалт бол хууль тогтоомж хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, англи хэлээр өгөгдөх. Хоёрдугаарт, 60 хоногийн дотор орж буй өөрчлөлт, шинээр батлагдах гэж хэлэлцэгдэж буй хуульд бэлдэх шаардлагатай гэсэн байдаг. Энэ зүйлүүдийг одоо хүртэл хэрэгжүүлээгүй яваад байгаа юм. Маш хурдан хугацаанд хууль батлагдаад, олон нийтийн хэлэлцүүлэггүй яваад байдаг. Тэр асуудлыг шийдэхээс авахуулаад хуульд энэхүү бодит алхмуудаа хийчвэл хөрөнгө оруулагчдын итгэлцэл бий болно.

-Гаднын бизнес эрхлэгчид Монгол Улсын татварын орчин “эрүүл” байхыг хүсдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ бас нэг чухал зүйл. Бид татварын орчны шинэчлэл хийсэн гэж яриад байдаг. Үндсэндээ дутуу байна. Татварын орчныг хөрөнгө оруулагчдад илүү тодорхой, тогтвортой болгох чухал шаардлагууд байгаа юм. Эко тогтолцооны өөрчлөлтүүд хийж байж уурхайд, “гэрээ цэвэрлэчихсэн, хоол ундтай, аяга цайтай байх” юм. Тэгэхгүйгээр асуудалд орчих вий дээ л гэж болгоомжилж байна. Засгийн газар ирэх хоёр жилийг Монголд айлчлах, хөрөнгө оруулах жил болгон зарлаад, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд зохион байгуулаад, зарим асуудлыг шийдэж байна. Ерөнхий сайдын хэмжээний манлайлал явж байгаа нь маш чухал. “Оюутолгой”-н гэрээг ард иргэдийн сонирхолд нийцүүлэх алхам хийсэн нь Ерөнхий сайдын гавьяа гэж хэлмээр байна. Мэдээж дутуу дулимаг зүйл олон байна. Гэхдээ гол нь эдийн засаг сэргэж эхэлж, ирээдүйгээ эерэгээр төсөөлж байна. Гүнийн уурхай ашиглалтад орсноор төсөв улам нэмэдэх нь. Дөрөв, таван жилийн дараа гүнийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл бүр илүү боломж нээгдэнэ. Тэр үед орж ирж буй хөрөнгө оруулалтыг зөв хуваарилж, зөв зохицуулалт хийхгүй бол дахиад хээл хахуулийн асуудал сөхөгдөөд ирвэл харамсалтай юм болно.

АМЕРИКИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЦАХИМ ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ СОНИРХОЖ БАЙНА

-Америкийн бизнес эрхлэгчдийн санаа бодол наашаа эргэж байна уу? Тэд Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна уу?  

-“Оюутолгой”-той холбоотойгоор мэдээж сэргэж байгаа байх. Бид ирэх аравдугаар сард Америкийн бизнес эрхлэгчдийг Монголд урьж, хөрөнгө оруулалтын чуулган хийх гэж байна. Хэд хэдэн салбарыг сонирхож байна. Тухайлбал, цахим технологи, эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг сонирхож байна. Бас инноваци, технологи, сэргээгдэх эрчим хүч гэсэн салбаруудыг хөрөнгө оруулагч нар сонирхож байна. Энэхүү чуулганд Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой нэлээн олон компани ирэх байх гэсэн хүлээлттэй байна. Өмнөх жилүүдийг бодвол уур амьсгал арай эерэг, илүү нааштай, илүү ирээдүй рүү чиглэсэн байх болов уу.

-Америк, Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа ямар түвшинд хүрээд байна вэ? 

-Улс төр, эдийн засгийн хувьд стратегийн түвшинд очсон байна. Эдийн засгийн буюу худалдаа, арилжааны түвшинд маш их ажил хийх шаардлагатай байна. Тухайлбал, шууд нислэг хийх, ачааны онгоц явуулахаас эхлээд шийдэх шаардлагатай юмнууд байна. Тоогоор илэрхийлбэл, 2012 онд нэлээд өндөр хэмжээнд буюу 790 сая ам.долларт хүрсэн. Одоогийн түвшинд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирээд байна. Дараа дараагийн том мессэжүүд өгөгдсөнөөрөө хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Ялангуяа түрүүн дурдсан хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлүүдийг хийж, цахим эдийн засгийн чиглэлд ахиц гаргаж чадвал, жишээ нь “Мета” компани дата төвүүдээ Монголд байгуулахад л маш том  хөрөнгө оруулалт болно. Элон Маскийн “Старлинк” интернэтийн сүлжээг Монголд оруулаад ирэхэд маш том дохио болно. Иймэрхүү боломжууд бий. Энэ талаар Монголбанкнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан 35 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал дээр их ярьсан л даа. Америкийн талаас санхүүжилтээр дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, бид ирэх зургадугаар сард АНУ-ын Вашингтон хот руу явж, Америкийн хөгжлийн санхүүжилтийн корпораци, "Экзим" банкны удирдлагуудтай уулзаж, Монголд олгож буй зээл, хөрөнгө оруулалтын хэмжээг илүү нэмэгдүүлэх, шаардлагыг нь  бууруулах тал дээр анхаарал хандуулж байна. Мэдээж байгууллагууд боломжоороо санхүүжүүлээд, төслүүд хэрэгжүүлээд явж байна. Америкийн брэндүүдээс эхлээд олон санал байна. Энэ нь цаашдаа илүү нэмэгдэх байх.

-Америк, Монголын худалдааны танхим (АмЧам Монгол) үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсад ямар нэмэр тус үзүүлсэн бэ гэж асуумаар байна? 

-АмЧам байгуулагдаад 11 жил боллоо. Энэ хугацаанд бид илүү танигдаж, дуу хоолойг минь сонсдог хэмжээнд хүрчихлээ. АмЧам маань төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага. Хувийн хэвшлийн дуу хоолойг хүргэдэг гэдэг утгаараа маш их үр өгөөжтэй байсан болов уу гэж найдаж байна. Өөрөө өөртөө дүгнэлт өгөх нь зохисгүй, гэхдээ эдийн засгийг тэлэх чиглэлд анхаарч, томоохон корпораци, компаниуд манай гишүүн болоод, үйл ажиллагаагаа өдрөөс өдөрт тэлээд явж байна. Энэ нь бидний ажлын тодорхой хэмжээний үр дүн. Ялангуяа бид нөлөө үзүүлэх болон бодлогын өмгөөлөл хийх асуудал дээр анхаарлаа хандуулж байна. Жишээлбэл, "Туркиш эйрлайнс" компани Бишкекээр дамжиж Стамбул руу нисдэг байсан. Манай гишүүн болоод энэ асуудлыг тавьсан. Шууд нисдэг болоход туслаач ээ гэж хүссэний дагуу арга хэмжээ авч, үр дүнд нь шууд нислэгтэй болсон байх жишээтэй. Мөн ковидын үед хэдэн тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн хил дээр гацсан байлаа. Бид хэлж ярьсны дүнд асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлсэн. Энэ мэт байдлаар АНУ-ын элчинтэй ойр ажилладгийн үр дүнд нэлээн асуудал цэгцэрч байгаа гэж ойлгодог.

-Хөрөнгө оруулагчдыг үргээхгүй, олноор татах ямар боломж байна вэ? Удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ чиглэлээр ямар заалт тусгах шаардлагатай вэ? 

-Энэ хууль цаашид хөрөнгө оруулалт татсан хууль болохын тулд хэд хэдэн чухал зүйлүүд хийх хэрэгтэй байна. Тухайлбал, лиценз буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж буй уул уурхайн компанид ашигт малтмалаа зарцуулах эрх нь байх уу, эсвэл төрийн өмч гээд төр асуудлаа шийдээд явах уу гэх мэтчилэн олон эргэлзээ хуулийн төслийг уншихад төрж байна лээ. Дээр нь хайгуулын шатны ажлыг нэмэгдүүлэхгүй бол бид аль дээр үеийн датагаараа яваад байгаа юм. Шинэ эрдэс баялгийг олж илрүүлж байж дараагийнхаа шат руу орно. Хуулийн төсөлд хайгуулын ажлыг нэмэгдүүлэх асуудлыг тусгаж өгөх шаардлагатай байна. Мөн роялтиг маш ихээр нэмэгдүүлсэн заалтууд байна. Лицензийн төлбөрийг 44 дахин нэмэгдүүлсэнийг хүмүүс ярьж байсан. Жорк стандартыг Монголд  хуульчлаад өгчих хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгө оруулагчид илүү их ойлгоно. Төсөлд хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг илүү дэмжсэн сайн заалтууд байна. Бас нэг шүүмжлээд хэлэх зүйл нь үзэл баримтлалаа бидэнд танилцуулаагүй байна. Үзэл баримтлал гэдэг тухайн хуулийн амин сүнс байдаг. Ямар чиглэлийн хууль болох гэж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ дээр бид хэлэлцээд, зарчмын асуудлаа тохирчихвол сайн хууль болох эхлэх тавигдана. Энэ хуулийн төсөл дээр манай худалдааны танхимын уул уурхайн хорооныхон Ашигт малтмалын газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Их хурлын чуулганаар хэлэлцэгдэхээс өмнө илүү бодитой саналууд, ядаж англи хэл дээр гаргачих боломж нь байх ёстой байхгүй юу. Гэтэл танилцуулагдаагүй, "Та нар өөрсдөө орчуул аа" гээд сууж байх жишээтэй. Энэ чинь Засгийн газрын гэрээгээр хүлээсэн үүрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж