Үндэсний бөх: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Үндэсний бөх: Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов

Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрмийн заалт нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн шүүмжлэлийг ихээр хүртэж байсан билээ. Тэгвэл энэхүү дүрэм өөрчлөгдсөн. Гэхдээ нуухыг нь авах гээд, нүдийг нь сохлох шиг зүйл болжээ.

Барилдааны дүрмийг өөрчлөхийн өмнө даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа “Энэ хасдаг дүрмээ болиулахгүй бол наадмаар бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирох юм байна. Гарын хүчээ үзэхэд тэнцүү байгаа хоёрыг хүнийг хасаад байх уу? Нэг нь ядраад дийлдэж л таараа. Доод цолтой бөхчүүд маш олноороо хохирох болно. Улсын наадамд энэ дүрэм үйлчлэх ёсгүй. Маргааш хуралд очиж, саналаа хэлнэ. Гол нь ирц бүрдэхгүй юм шиг байна л даа” гэж байв.

Үүний дараа барилдааны дүрмийн зөвлөл, ёс зүй хариуцлагын зөвлөл хуралдсан. Барилдааны зөвлөлийн хурлыг О.Балжинням аварга даргалж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцсон. Улмаар дараах шийдвэрийг гаргасан.

“Аливаа барилдааны даваа бүрийн үндсэн цаг 25 минут байх бөгөөд үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 25 минут, нийт 50 минут байна.

Аль ч даваанд барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, тухайн барилдааны туршид идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулна" хэмээн заасныг өөрчилж " … Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:

  • Аль ч даваанд хоёр бөхийн идэвхтэй барилдсан бөх нь дараагийн барьцыг барих талаа сонгон барилдана.
  • Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
  • Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. Тэгш барьц гэдэг нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлж байгаа болно" гэжээ.

Энэхүү шийдвэр гарсны дараа бөхчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилсэн. Тэдний нэг бол улсын харцага Б.Зоригтбаатар. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг.

Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна.

Цэрвүү барьцны барилдаан 25 минут байсанг 20 болгож байгаа нь жин багатай цэрвүүгээс барилддаг хүмүүст маш хохиролтой шийдвэр боллоо.

20 минут гэдэг бол барьцнаас барилдах сонирхолтой арал масстай бөхийн гурав ухарч гарж, хоёр нусаа нийх л хугацаа. Тэгш барьц нэртэй давхар золгооны дараа  шуудаг сугадаа авч барилдана гэдэг дүрэм нь хэнд зориулж гаргасан дүрэм вэ?

Монгол бөхийн үзэгчдийг татах зүйл нь уран хурц, үнэнч шударга барилдаан гэж боддог. Үзэгч түмэндээ үнэн ч шударга уран хурц барилдаан үзүүлж цэнгүүлэхийг хүсдэг залуус минь ямар бодолтой байна” гэжээ.

Харин улсын начин Ө.Батзул “Би дүрмийн зөвлөлд байдаг. Хурал дээр Сүүгий ах бид хоёр хэлээд ганцаардаад бараагүй. Тайлбарлагч н.Гантөр гэдэг хүн үзэгчдэд хамгийн их сонирхолтой цэрвүү барилдааны 25 минутыг 10 минут гэж санал оруулж илт ухраад барилдахгүй байвал сануулаад хасдаг дүрмийг ийм дүрэм байх шаардлагагүй. Энэ дүрмийг хасах хэрэгтэй гээд хээвнэг яриад сууж байна лээ. Дэндүү харамсалтай” гэв.

Сүүлийн жилүүдэд бөхчүүд жин их нэмж, уран барилдаан, мэхээр бус жин, бяраар барьц сонгосны үндсэн дээр даваа авч байна гэж бөх сонирхогчид шүүмжилдэг байлаа. Үүнийг халах гэж хаялцах барьцыг дүрмээс хасч, идэвх хардаг болсон. Хаялцах барьц үгүй болсноор бөхчүүд барилдааны цагаа дуусахыг хүлээх бус урагшаа дайрч, мэх хийж, идэвх гаргаж эхлэв. Энэ нь нь ч жин багатай, хурдан шаламгай Б.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага тэргүүтэй бөхчүүдэд сайнаар тусч, бөх сонирхогчид ч уран барилдаан, олон мэхний хувилбар харах болсон юм. Нөгөө талд хаялцах барьц сонгох боломжгүй болсон “бүдүүн” бөхчүүд жингээ хасч, хүчний бэлтгэл гэхээсээ илүүтэйгээр хурд, мэх, барилдаандаа анхаарах болов.

Гэтэл идэвх харж, аль нэг бөхийг давуулдаг, хасдаг дүрмийн заалт асуудал дагуулж эхэлсэн. Үүнийг залруулах гэж байгаад хуучин үе рүүгээ буцчих шиг боллоо. Нэг асуудлыг нь зассан ч нөгөө асуудлыг нь эргүүлэн аваад ирэв.

Удахгүй наадам болно. Дээрх барилдааны дүрмийн шинэчлэлтэй холбоотойгоор бөхчүүд эргээд жингээ нэмж, хүчний бэлтгэлдээ онцгой анхаарч эхлэх болж байна. 20 минут уналгүй тэсч, 21 дэхээс нь барьц сонгож давах санаа олшрох шинжтэй. Угтаа идэвх харж хасдагийг нь халж, барьц сонгох гэдэг асуудлыг гаргаж ирээгүй бол ийм асуудал гарахгүй байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж