Өнөө цагийн трэнд өнгө будаггүй дэлхий

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

Өнөө цагийн трэнд өнгө будаггүй дэлхий

Өнөө цагийн трэнд өнгө будаггүй дэлхий

Бидний эргэн тойронд буй эд юмс аажим аажмаар өнгөгүй болж буйг сүүлийн үеийн хиймэл оюун ухааны судалгаагаар тогтоожээ. Судалгааг хийхдээ 1800 оноос хойш өнөөг хүртэлх олон мянган эд зүйлийн өнгөний өөрчлөлтийг баримтжуулж авсан байна. Хоёр зууны өмнө эд зүйлс алаг эрээн давамгай өнгөтэй байжээ. Бүх зүйлийн дөнгөж 15 хувийг л хар, цагаан, саарал өнгө эзэлж байсныг тус судалгаанаас харж болно. Тэгвэл өнөөдөр өнгөнүүд хаашаа алга болсон бэ?

Өнгөний тухай нийтлэлийг бичсэн судлаач хүүхэдтэйгээ хамт хамгийн сүүлийн үеийн хүүхэлдэйн кино үзжээ. “Trolls 2” хүүхэлдэйн кино дуу дүрслэлийн хувьд үнэхээр сайн байсан. Троллын хаант улсад поп болон рок овгийн хооронд тулаан өрнөдөг. Уг тулааны явцад тролл овгийг төлөөлдөг зургаан хөгжмийн утас гэмтсэнээр олон мянган тод өнгөтэй троллууд саарал өнгөтэй болж хувирчээ. Ингэснээр бүгд өөрийн гэсэн өвөрмөц онцлоггүй, эрч хүчгүй харагдаж эхэлсэн.

Хүүхэлдэйн киног үзсэнийхээ дараа эргэн тойрныхоо эд зүйлсийг хартал бүгд “Trolls 2” киноны төгсгөл шиг өөр хоорондоо онцын ялгарах зүйлгүй уйтгартай, саарал, өнгө муутай харагджээ.

Бидний амьдарч буй ертөнцийн 60 орчим хувийг нь хар, цагаан, саарал өнгийн объект, эд зүйлс эзэлж байна. Хамгийн наад захын жишээ машинуудыг аваад үзье. Шинээр үйлдвэрлэгдэж буй автомашинуудын 70 хувь нь хар, цагаан, саарал өнгөтэй байна. Тэгвэл байшин барилгын дотоод засал чимэглэл рүү өнгийгөөд үзье. Хамгийн алдартай хивсний өнгө бас л саарал байна. Манантаж сааралтсан болон цасан цагаан өнгийн будаг гэрийн дотоод засалд хамгийн түгээмэл байна.

Өгөгдөлд суурилсан ертөнцөд бүх зүйлийг стандартчилах хандлагатай байдаг. Ерөнхий нэг стандартыг тогтоосноор хүмүүсийн олонхид таалагдах юм. Ингэснээр бидний хувь хүний сонголт бүдгэрч эхлэнэ. Өгөгдөл болон технологи нь бидний амьдарч буй эрин үед яалт ч үгүй хүчирхэг хэрэгсэл юм. Гэвч бид алтан дундаж гэсэн дүрмийг сохроор дагаж, бүтээлч бусаар хандсаар байвал өөрсдийн брэнд, бизнесээ эрсдэлд оруулна.

Брэндүүдийн лого, үг үсэг ч бас ялгаагүй. Ихэнх брэндийн лого нэгэн хэвийн хар үсгээр бичигдсэн байхыг та харж болно. Бусдаас ялгарах арга замыг эрэлхийлж буй брэнд, бизнесүүд эндээс үнэ цэнтэй сургамж аваасай.

Маркетер Сет Годины бичсэн “Бид бүгд хачин” нэртэй ном бий. Юм бүхнийг зориудаар хэвийн бус, хачирхалтай, бусдаас өөр нүдээр харахыг тус номд уриалжээ. “Алтан дундаж байхаас дор ганцхан зүйл бий. Тэр бол алтан дундаж байгаа байдлаа онцгой, эсвэл шинэ гэж үзэх явдал юм”.

Түүхийн янз бүрийн цаг үеийн эд зүйлс дээр тулгуурлан хийсэн нэгэн судалгааг доор танилцуулъя. Судалгааны хүрээнд хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсийн 7000 гаруй гэрэл зургийг судалжээ. 19 дүгээр зууны эхэн үеэс 20 дугаар зуун хүртэлх хугацаанд бидний амьдралд саарал өнгө аажмаар давамгайлж, шаргал, хүрэн өнгийн хэрэглээ буурсан байх юм. Үүнийг дагаад хуванцар, зэвэрдэггүй ган гарч ирж, модон эдлэлийн хэрэглээ буурчээ.

Судлаачид 1844 оны суурин утсыг орчин үеийн “iPhone” утастай харьцуулжээ. Тухайн үед суурин утас нарийн хэлбэр дүрстэй, мод, метал гэх мэт олон төрлийн материалтай байсан. Тэгвэл таны мэдэж байгаачлан  “iPhone” утас нь ердийн хавтгай хэлбэртэй, саарал, хар гэх мэт нэгэн жигд өнгөтэй.

Гэхдээ сайн мэдээ бий. Сүүлийн жилүүдэд залуусын, тэр дундаа “Z” үеийнхний нөлөөллөөр өнгөний сонголт өөрчлөгдөж эхэлжээ. Хүмүүс хэт минимал чиг хандлагыг дагахаа больж, амьдралдаа сонирхолтой олон өнгийг нэмэх боллоо. 2023 онд тод, хөгжилтэй өнгөнүүд трэнд болох төлөвтэй байна. Хүмүүс өнгийг өөрийгөө илэрхийлэх арга болгож байна.

Бидний хүрээлэн буй орчин сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг хүмүүс ойлгож эхэлснээр амьдралдаа баяр баясал, сайн сайхан мэдрэмжийг нэмэхийн тулд гэр орноо бүтээлчээр тохижуулж, өөрсдөө өнгөлөг хувцаслах болов. Хүмүүс хурц өнгөнөөс, олон өнгөний холимогоос айхаа больжээ. Эрс тэс өнгүүдийг хольсноор зөвхөн өөртөө тохирсон хувийн орон зайг бий болгож байна.

2023 оны трэнд зургаан өнгийг “Veranda” цахим хуудас танилцуулжээ. Үүнд, гүн улаан эсвэл шаргал, гүн үзмэн ягаан, бүдгээс тод хүртэл бүх төрлийн ногоон, мод, ашигт малтмал зэргийг илэрхийлэхүйц байгалийн өнгө, зөөлөн шаргал, гүн хар өнгөнүүд багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж