SPEAK OUT: Монгол Улс тооцоотой, прагматик байх ёстой

Хуучирсан мэдээ: 2023.03.22-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Монгол Улс тооцоотой, прагматик байх ёстой

SPEAK OUT: Монгол Улс тооцоотой, прагматик байх ёстой

Дэлхийн геополитик хурцадмал байгаа энэ үед Монгол Улсын гадаад бодлого төвийг сахисан хэвээр байх нь зөв үү, Монголд энэхүү хурцадмал асуудал хэрхэн нөлөөлөх вэ?. Энэ асуудлыг хөндөх хүрээнд олон улс судлаачдын байр суурийг хүргэе.

Олон улс судлаач доктор, профессор Д.УЛАМБАЯР:

Өнөөдөр дэлхий дахинд тодорхойгүй, геополитикийн орчинд урьдчилан тааварлахын аргагүй нөхцөл байдал үргэлжилж,  цөмийн зэвсгийн заналхийлэл бодитой хүчин зүйл болсон хэвээр байна. Хойд хөрш ОХУ-ын Украины эсрэг эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаа дэлхий нийтийг эрчим хүч, түлш, хүнсний хямрал руу түлхэж, үүнээс үүдэлтэй үнийн огцом өсөлт хөгжиж буй төдийгүй хөгжингүй орнуудын ард иргэдийн амьжиргаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр. Украины нутаг дэвсгэрийн зүүн хэсгийн дүр төрх дэлхийн II дайны үнс нурмаас ялгагдахааргүй харагдаж байна.

Олон нийтийн санаа бодол хийгээд академик түвшинд Украинд явуулж буй Оросын түрэмгийллийг шүүмжилж буй нь Монгол Улс ардчилсан улс мөнийн хувьд хэвийн үзэгдэл юм.

Харин НҮБ-ын Ерөнхий Ассемблейн санал хураалтад “түдгэлзсэн” санал өгч, бие даасан дундаж байр суурь илэрхийлж ирсэн нь газарзүйн байршилтай л холбоотой. Аливаа улсын гадаад бодлого нь түүний оршин буй газарзүйн байршлаар тодорхойлогддог гэж Наполео Банопарт туйлын үнэн үг хэлжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын байр суурийг НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож үг хэлэхдээ маш тодорхой илэрхийлсэн.

Монгол Улс хоёр хөрштэйгөө “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн эрхзүйн үндсийг баттай тавьсан. Мэдээж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна.

Үндэсний язгуур эрх ашгийг хөндөөгүй хоёр хөрш хийгээд “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөнд Монгол Улс аль нэгний талд орж өрөөсгөл байр суурь баримтлах шаардлагагүй. Их гүрнүүдийн аливаа сөргөлдөөнд Монгол Улс төвийг сахисан голч, төвч байр суурь илэрхийлж буйг “төвийг сахих олон улсын эрхзүйн статус”-тай хольж хутгаж болохгүй.

-Хятадын зүгээс Монголын нүүрсийг зах зээлээс шахах гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтэй холбоотойгоор Хятад нүүрсний хэрэглээгээ үе шаттай багасгах чиг барьж байгаа нь Монгол Улсын хувьд таатай биш. 2022 оны эцэст Хятад руу хийсэн ОХУ-ын нүүрсний экспорт 31 хувиар өсч 69.5 сая тоннд хүрч өссөн. 2022 оны хавар ОХУ Амур мөрний төмөр замыг Хятадтай нарийн царигаар холбосон нь чухал ач холбогдолтой болсон. Гэхдээ ОХУ-ын Эрчим хүчний хөгжлийн төвийн (ЦРЭ) тооцоолсноор 2022 оны эцэст ОХУ-аас гаргасан нүүрсний нийт экспорт жилийн дүнгээр 13 хувиар буурч, 194 сая тонн болжээ. Нийлүүлэлт буурсан гол шалтгаан нь Европын холбооны хоригтой холбоотой.  Ингэснээр Хятадын зах зээлд нүүрсний экспортын хэмжээгээр Индонезийн дараа ОХУ эрэмбэлэгдэж байна. Тиймээс Монгол Улсын нүүрсний геополитикийн харьцангуй давуу талын хүчин зүйлд сөргөөр нөлөөх хандлага  ажиглагдаж байгаа. 

Монголын нүүрсний экспортын гол өрсөлдөгч нь Австрали, Индонези, Канад биш, харин ОХУ юм.

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын комминуст намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн Зөвлөлийн гишүүн Гадаад хэргийн сайд Ван Ий-гийн урилгаар Австралийн Гадаад хэргийн шинэ сайд хатагтай Пенни Вонг Бээжинд айлчилснаар Ковид-19 цар тахлын гарал үүсэлтэй холбоотой асуудлаас болж хурцадаад байсан хоёр орны харилцаа хэвийн болсон. Уг нь бүр 2014 онд хоёр орны удирдагч хоёр улсын харилцааг “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэж тодорхойлохоор тохиролцсон байдаг. Австрали Хятадад сайн чанарын угаасан нүүрс нийлүүлдэг уламжлалт түнш юм. Харилцаа хэвийн болсноор 2023 оны нэгдүгээр сараас Австралийн нүүрсний экспорт огцом нэмэгдэх төлөвтэй байна. Цар тахлын өмнө хоёр орны худалдааны эргэлт 265 тэрбум ам. доллараар хэмжигдэж байсан.

Хятадын эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ дэлхийн байгалийн баялаг, түүхий эдийг  сорогч black hole байнга хэвээрээ байна гэсэн төсөөллөө өөрчлөх шаардлагатай болов уу.

2022 оны арваннэгдүгээр сарын 28-нд Бээжинд У.Хүрэлсүх, Ши Жиньпин хоёр улсын удирдагчийнгарын үсэг зурсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх  тухай Хамтарсан Мэдэгдэлд: Улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээхээр өндөр дээд түвшинд тохиролцсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний экспортыг жилд 40-70 сая тоннд хүргэх санал тавьсныг Хятадын тал дэмжсэн нь ойрын хугацаанд хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх боломжтойг харуулж байна. Үүнтэй холбогдуулан нүүрсний дунд, урт хугацааны худалдааны гэрээ байгуулах талаар тохиролцсон нь орлогын маш том эх сурвалжийн эрхзүйн үндсийг тавих боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ бол өндөр дээд түвшинд хэлэлцсэн тохиролцоо юм. Миний хувьд үүнд л найдаж байна.

-Хятадын удирдагч ОХУ-д айлчилж байна. Монгол Улсад энэ хэр нөлөөлөх бол?

-Энэ удаагийн айлчлалын онцлог нь Ши Жиньпин БНХАУ-ын даргаар анх удаа гуравдахь удаагаа улиран сонгогдож, шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа хийж буй явдал юм. Орос сүүлийн жилүүдэд гадаад улсуудын  төрийн тэргүүн нарын албан ёсны айлчлалын угтах ёслолын арга хэмжээг Москвагийн Кремль дэх Благовещенский, Архангельскийн цогчин дуганы  өмнө хийдэг болсон нь ажиглагддаг. Энэ удаагийн хойд хөршид хийж буй Хятадын удирдагч Ши Жиньпиний төрийн айлчлал нь ажлын айлчлал гэлтэй Оросын талаас Внуково олон улсын онгоцны буудал дээр угтаж, даруу зохион байгуулж буй сэтгэгдэл төрсөн.

Хоёр хөршийн удирдагч нарын Москвагийн яриа хэлэлцээ Монгол Улсад хэр нөлөө үзүүлэх вэ гэхээсээ илүүтэй Орос, Украины дайныг яриа хэлэлцээний замаар хэрхэн шийдвэрлэх хэрэгт БНХАУ  ямар үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа дээр төвлөрч байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Хятадын Засгийн газрын дэвшүүлсэн “Украины хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх 12 зүйл бүхий саналын хүрээнд яригдах болов уу. Гэтэл энэ санал дотор Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах талаар огт хөндөөгүй, харин Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг, Өрнөдөөс Украинд зэвсэг нийлүүлж буйг шүүмжилсэн өнгө аястай байгаа учраас дорвитой ахиц дэвшил гарах асуудал дээр эргэлзээ буй болгож байгаа юм.  Саналын 1-2 дугаар зүйл дээр “улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, бусдын аюулгүй байдлыг бусниулах замаар өөрийн аюулгүй байдлыг хангах хүйтэн дайны сэтгэлгээнээс салах тухай” хөндсөн нь Украинчуудын хувьд ач холбогдолтой. Пүрэв гаригт Ши Жиньпин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй онлайн уулзалт хийнэ гэж найдаж байна.

Монголтай хамаатай асуудлын хувьд Монголын нутгаар дамжуулан тавих хийн хоолойн асуудлаар Орос, Хятадын удирдагчид ямар тохиролцоо хийх вэ гэдэг л сонирхолтой байна.

УКРАИНЫ ДАЙН СУНЖИРВАЛ МОНГОЛД УЧРАХ ХОХИРОЛ НӨХӨЖ БАРШГҮЙ БОЛНО

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.ЭНХСАЙХАН:

-Дэлхийн геоулстөр, тэр дундаа хоёр хөршийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлэх нь зөв бэ. Өнөөдрийг хүртэл төвийг сахисан байр байр сууриа хадгалж байгаа нь зөв үү?

-2022 оны хоёрдугаар сарын 24-нд манай хойд хөрш Орос улс Украинд түрэмгийлэл хийж дайн өдөөсөн. Уг нь эхэндээ гурав хоног, хамгийн ихдээ долоо хоног болно гэж төлөвлөсөн юм шиг байгаа юм. Бүгд л тийм байх болов уу гэж тооцоолж байсан.

Бодит байдал дээрээ жил гаруй сунжирч Орос стратегийн хувьд ялагдах нь тодорхой болчхоод байна.

Дайн дуусаагүй оргил үе дээрээ явж байгаа тул дайнаас үлдэж гарах үр дагаврыг урьдчилан хэлэх хэцүү. Гэвч нэг юм тодорхой. Энэ бол дайны дараах дэлхийн дэг журам ихэд өөрчлөгдөнө. Дэлхийн геоулстөрийн дүр зураг ч ихэд өөрчлөгдөнө. Бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт ч шинэ маягаар глобалчлагдана. Товчхондоо зах зээлийн хөдөлгүүртэй глобальчлал супер гүрнүүдийн хөдөлгүүртэй глобалчлал болно гэж байгаа. Хятадын хувьд Оросын өдөөсөн дайн сунжирч том асуудал болно гэж бодоогүй. Ямар сайндаа Украинд сурч байсан 6000 оюутнаа татаж амжаагүй байснаас үзэхэд Путины дайны товыг Хятад урьдчилан мэдэж байгаагүй бололтой юм.

Украинд болж байгаа үйл явдал сунжрах нь Хятадын геоулстөрийн эрх ашгийг хөндөж байгаа тул бараг нэг жил таг дуугуй суусан. Цаашид дуугүй суух нь олон улсын тавцан дээр Хятадыг улам бүр ганцаардуулах нөхцөл байдал руу түлхэж байгаа тул “Энхтайвны төлөвлөгөө” гэгчийг санаачилж зуучлагчийн үүрэг роль гүйцэтгэх оролдлого хийж байна.

Тэр хүрээндээ Ши Жиньпин Москвад айлчилж байгаа. Нөгөөтэйгүүр, хөрш Орос оронтой тогтоосон харилцаагаа хадгалахыг эрмэлзэж байгаа. Орос-Хятадын гадаад худалдаа 150 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Хятадын хэмжигдэхүүнээр их биш, Хятадын нийт худалдаа эргэлтийн гурван хувиас хэтрэхгүй. Тиймээс эдийн засаг гэхээсээ илүүтэй “хязгааргүй найрамдал”-аа хөгжүүлж байна.

Монгол Улс НҮБ-ын талбар дээр Украины асуудлаар үргэлж түдгэлзсээр ирсэн. Монгол Улс АНУ, ОХУ, Хятад улстай стратегийн түншлэлийн гэрээтэй. Алив огцом гадаад бодлогын өөрчлөлтөө түншүүдтэйгээ зохицуулах бэрхшээлээс болоод түдгэлзэх дипломаси явуулсан бизээ гэж бодож болох юм.

Гэвч дайн сунжирч үргэлжлэх тусам Монгол Улс дэлхийн дийлэнх олонхоос холдон хүнийсвэл ирээдүйд учрах хохирол нөхөж баршгүй.

Дайн хэзээ нэгэн цагт дуусна. Украин Европын хүчтэй гүрэн болно. Дэлхийд нөлөөтэй болно.

Европын хөрөнгө оруулалт, санхүүгийн хаб болно. Ийм үзэл баримтлалтайгаар жижиг улс орнууд гадаад бодлогодоо өөрчлөлт хийж байгаа харагдана. Судалгаатай, тооцоотой ажиллах цаг тулчхаад л байна гэсэн үг.

-Хятадын зүгээс Монголын нүүрсийг зах зээлээс шахах гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Албан бус мэдээллийг тойрч  ярилцаж суух хэрэг байна уу даа. Зах зээл талаас нь харвал ойрын үед нүүрснээс дэлхий тэр тусмаа Хятад тийм хурдан татгалзах болоогүй байгаа. Хүлэмжийн хийг багасгах, байгаль цаг агаарын өөрчлөлттэй холбоотой  хязгаарлалтууд бол харин илүү бодитой байх. Монголчууд экологид ээлтэй олборлолт, ачилт, буулгалт, тээвэрлэлтээ анхаарч суусан нь дээр.

-Хятадын удирдагч ОХУ-д айлчилж байна. Монгол Улсад энэ хэр нөлөөлөх бол?

-Айлчлал дуусаагүй байна. Үр дүнг хэлэлцэх болоогүй. Би дээр хэлсэн Хятадын хувьд Орос бол авч болохгүй, хаяж болохгүй орон. Тэр хүрээндээ айлчлал хийж байгаа бизээ. Тэглээ гээд Орос, Хятад тас тэврэлдэхгүй. Учир нь, хамтын ажиллагаа нь үзэл суртлаар биш өөр өөрсдийн эрх ашгаар хөгжиж ирсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон улсын дэг журмаас Хятад өөрийгөө хожигч гэдэг бол Орос өөрийгөө хохирогч гэж төсөөлдөг. Суурь сонирхлоороо зөрүүтэй тул Оросын дайныг санхүүжүүлэгч болох хэмжээнд асуудал очихгүй гэж бодож байна.

Тэр тусмаа Хятад улсын эдийн засаг тийм ч сайн биш байгаа. Гадаад өр нь бараг гурван триллион ам.доллар. Монгол Улсын хувьд хөрш орнуудаас бэлэнчлэх биш харилцан ашигтай байх төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж хэрэгжүүлэхээс бидний амьдралын чанар хамаарна.

МОНГОЛ УЛС ТӨВИЙГ САХИСАН БАЙР СУУРЬТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

Олон улсын харилцааны судлаачпрофессор Д.БАЯРХҮҮ:

-Дэлхийн геополитик, тэр дундаа манай хоёр хөршийн улс төр нэлээд хурцадмал байгаа энэ үед Монгол Улс  төвийг сахисан байр байр сууриа хадгалж байгаа нь зөв үү?

-Яг одоо олон улсын харилцаа хямралтай, нэн төвөгтэй хүнд үед байна. Манай хөрш гол орон бүс нутгийн томоохон зэвсэгт мөргөлдөөнд оролцож байна. Дэлхий дахин хоёр талцсан шинжтэй, шинэ “Хүйтэн дайн” бодитой өрнөж байгаа.

Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд төвийг сахисан бодлого зөв бөгөөд чухал үүрэгтэй. Төвийг сахина гэдэг олон улсын харилцаанд оролцохгүй идэвхгүй байна гэсэн үг биш.

Өмнө нь явуулж байсан идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлогоо үргэлжлүүлсэн хэвээр байна гэсэн үг.

-Хятадын зүгээс Монголын нүүрсийг зах зээлээс шахах гэсэн албан бус мэдээлэл цацагдаж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Миний хувьд энэ талаар албан болон албан бус мэдээлэл олж сонсоогүй. Өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урд хөршид хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол-Хятадын хооронд хийгдэж байгаа нүүрсний худалдааг улам өргөжүүлэх, хэмжээг ахиулах талаар ярилцсан. Жилдээ 40-70 сая тонныг Хятадад худалдана гэдэг дээр манай тал зогсдог.

2019 онд түүхэндээ хамгийн их буюу 31 сая тонныг экспортолж байсан бол 2-3 дахин өсгөхөөр Төрийн айлчлалын үеэр хоёр Төрийн тэргүүн ярьж тохиролцсон.

Тиймээс энэ тохиролцоо хэвээрээ гэж ойлгож байна.

-Өчигдөр Хятадын удирдагч ОХУ-д айлчиллаа. Монгол Улсад энэ хэр нөлөөлөх бол?

Нэг чухал баримт дурдъя. Ноён Ши Жиньпин 2013 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш ОХУ-д найман удаа айлчилсан. Орос, Хятадын удирдагчид жил болгон харилцан айлчилж хэвшсэн. Тийм учраас энэ удаагийн айчлалыг айхтар өргөж, хүндрүүлж авч үзэх хэрэггүй. Энэ удаагийн төрийн айлчлал бол харилцан тохиролцсон хариу айлчлал. 2022 оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хятад улсад айлчилсны хариу айлчлал. Энэ удаагийн айлчлалаар нэгдүгээрт ОХУ-БНХАУ-ын харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх нь мэдээж хэрэг. Хоёр орны худалдаа-эдийн засгийн харилцааны асуудал Хятадын хувьд тэргүүлэх ач холбогдолтой. Тэгээд ч 2022 оны намар ХКН-ын ХХ их хурал, энэ оны хавар ердөө хэдхэн хоногийн өмнө чуулсан БХАТИХ-ын шинэ чуулганаар нам-төрийн эрх мэдлээ дахин таван жилээр сунгасан Хятадын удирдагчийн хувьд дахин сонгогдоод гадаад дахь айлчлалаа ОХУ-аас эхэлж байна гэдэг нь Хятад-Оросын харилцаанд онц ач холбогдол өгч байна гэдгийн нотолгоо юм. Хоёрдугаарт, энэ удаагийн айлчлалаар Украин дахь дайныг зогсоох талаар Хятадын дэвшүүлсэн энх тайванч санаачилгыг хэлэлцэж байх шиг байна.

Азийн хоёр том гүрний удирдагчид дайтагч хоёр улсад зэрэг айлчилсан нь анхаарал татлаа.

Мөн Японы Ерөнхий сайд Кишида Украинд айлчилсантай БНХАУ-ын Даргын Москва дахь айлчлал яг давхацлаа. Украин дахь дайнд Азиуд санаа зовинож байна гэсэн мэссэжийг дэлхий дахинд хүргэлээ. Хятадын энх тайванч санал агуулгын хувьд Оросынхтой нийцэж байгаа тухай Путин мэдэгдээд эхэллээ. Ноён Ши Жиньпин Москвад айлчилсныхаа дараа онлайнаар Украинтай бас хэлэлцээ хийнэ гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ гэнэт Киев рүү нисээд очихыгбас үгүйсгэхгүй. Ямартай ч  энх тайванч санаачилгаа Украины талд илэрхийлж таарна. Харин БНХАУ-ын Даргын энэ удаагийн айлчлал Монголд шууд тэгж ингэж нөлөөлнө гэжэлдэв таамаг хэлэх боломжгүй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж