Нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргэнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт Авлигатай тэмцэх газар /АТГ/ сүр дуулиантай зарласан ч өнөөдрийг хүртэл энэхүү хүсэлт прокурорт ирээгүй байгаа нь олон хүний гайхширлыг барж эхэллээ. Учир нь, АТГ-аас илгээсэн хүсэлт долоо хонож байхад Улсын ерөнхий прокурорын газарт ирээгүй нь Монголд шуудан хөгжөөгүйгийнх үү эсвэл хэн нэг нь нөлөөлөөд дээрх хүсэлтийг явуулах боломжгүй болж, хойшлуулахаас аргагүй болов уу. Аль эсвэл АТГ шоу хийв үү гээд олон таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.21/хуралдаад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээн авсан. Ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай тул Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг энэ долоо багтаан УИХ-аар эцэслэнэ гэсэн үг.
Гэтэл нүүрсний хэрэгт мөн л АТГ-т шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаагүй нь хамгийн “но”-той хүмүүс нь сугараад үлдэхвий гэдэг болгоомжлол төрүүлж эхлээд байна. Хэрэв АТГ хэлсэндээ байж, дээрх нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ прокурорт хүргээд, тэр нь УИХ-аар хэлэлцэгдвэл эрх баригч хүчин нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэх эр зориг байгаа эсэхийг ард түмэн харах учиртай. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудал АТГ дээр гацсан байх магадлал өндөр болсон нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн хэлсэн “АТГ нь шүүхэд өгдөг ажлаа хэвлэлээр хийдэг болчихсон. Нотлох баримт цуглуулах шүүхэд өгөх ажлууд нь бүгд нурж унадаг болсон. Нотлох баримтаа буруу цуглуулна, хууль зөрчинө. Тэгээд хэвлэлээр “Бид ийм мундаг ажил хийсэн чинь шүүх шийдсэнгүй, муухай” гэдэг пиар явуулдаг. Тэгээд улстөрчид нь шүүх рүү дайрдаг. Тэгсээр байгаад одоо шүүгч нар нь айгаад, юу ч боогоод очсон тэнгэр харж байгаад алхаа цохихоор болж байна. Цохихгүй бол нийгмийн шившиглэлд унах гээд байна шүү дээ” гэж ярьсныг батлах болчихоод буй.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ