FIBA 3×3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн гуравдугаар сарын 29-ны өдөр эхэлнэ. Сингапурт болох энэхүү тэмцээнд Ази, далайн орнуудын эрэгтэй, эмэгтэй нийт 43 шигшээ баг өрсөлдөнө.
Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа тивээ тэргүүлж байгаа учир А хэсгийг толгойлж буй. Энэхүү хэсэгт талбайн эзэн Сингапурын шигшээ багтсан бөгөөд нэмэгдэж урьдчилсан шатнаас эрх авсан нэг шигшээ баг орж ирнэ. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар багтжээ. Өнгөрсөн жил Монголын шигшээ өндөр хүлээлттэй Сингапурыг зорьсон ч хасагдах шатанд Филиппинийг багт 20-21 гэсэн харьцаатай харамсалтай хожигдол хүлээсэн юм.
Үндэсний дээд лигийн плей-оффын тоглолтууд Азийн аваргын үеэр завсарлах учир дээрх тамирчид эх орноо төлөөлөн Сингапурыг зорино.
Харин эмэгтэй шигшээ баг С хэсгийг толгойлж байна. Энэхүү хэсэгт Малайзын шигшээ багтсанаас гадна урьдчилсан шатнаас нэг шигшээ баг эрхээ авч өрсөлдөнө. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ц.Болорцэцэг нар багтсан аж. Өнгөрсөн жил эмэгтэй шигшээ хэсгээ тэргүүлсэн ч хасагдах шатанд хүчирхэг Австралийн багт дийлдсэн түүхтэй.
Монголын эрэгтэй шигшээ баг Азийн аваргаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан бол эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Холбоотой мэдээ