"Монголын нүүрсийг шахах шаардлага Хятадад байхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

"Монголын нүүрсийг шахах шаардлага Хятадад байхгүй"

Америк Монголын худалдааны танхим (АмЧам Монгол)-аас өнөөдөр (2023.03.21) Шангри-Ла зочид буудлын “Ballroom” танхимд сар бүрийн уулзалтаа “Where is the next Oyutolgoi” сэдвээр зохион байгуулав. Тус уулзалтын модератороор “АмЧам Монгол”-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Гари Биондо ажиллаж, панелистуудаар "Оюутолгой"-н гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер, “Бадрах энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард, Монголын нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, эдийн засагч Б.Мөнхсоёл нар оролцлоо.


"ДАРААГИЙН ОЮУТОЛГОЙ МОНГОЛ УЛС БАЙХ ХЭРЭГТЭЙ"

Монголын нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ:

-Хятадын зах зээлээс Монголын нүүрс шахагдаж болзошгүй тухай мэдээлэл тарсан. Хятад улс энэ чиглэлээр Монгол Улсыг "шахаж" байгаа хандлага ажиглагдаж байна уу? 

-Монголыг шахах бодлого баримтлаагүй гэж би бодож байна. Монголыг шахах шаардлага байхгүй. Яагаад гэхээр Монголын нүүрсний зах зээл Хятадын гүнд байдаг. Австралийн нүүрсний зах зээл Хятадын зүүн өмнөд эргүүдээр байдаг. Австралийн нүүрсийг Хятадын зүүн өмнөд эргүүдээр оруулж ирээд, Монголын зах зээл гүн рүү зөөнө гэвэл тээврийн маш өндөр зардалтай. Хоёрдугаарт, Хятадын зүүн бүс хөгжилтэй, замаар тээвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь өндөр технологийн тоног төхөөрөмжүүд байхад маш бага үнээр нүүрсийг түүгээр тээвэрлэнэ гэж бараг байхгүй. Ямар утгаар нөлөөлөх вэ гэхээр Австрали, Орос нүүрсний ханган нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр нүүрсний үнэ буурахад хүргэх байх. Түүнээс биш манай зах зээлд шууд нөлөөлөхгүй. Цаад утгаараа Хятад улс Монгол, Австрали, Оросын нүүрсгүй бол “балрах” гээд байгаа юм байхгүй. Нийтдээ 500 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг улс 12 хувийг нь л гадаадаас авдаг. Түүнийгээ 100 хувь өөрсдөө хэрэглэж болно. Гэхдээ олон улсын худалдаа дандаа баланстай байдаг учраас тодорхой хэмжээгээр авсаар л ирсэн. Манайхыг шахах тухай асуудал байхгүй байх аа.

-"Нүүрсний хулгай"-н хэрэгтэй холбоотойгоор нөхцөл байдал өмнөхөөсөө өөрчлөгдөж байна уу? 

-Нэлээн юм хийгдэж байна. Нүүрсний ачилт гэхэд автоматаар тоог нь аваад, нөгөө цэгт очиход нь хянаж шалгаж байна. Гаалийн хяналт нь ч автоматаар хийгдэж байна. Үүний зэрэгцээ Хятадын хил дээр жолоочгүй тээвэрлэлт хүртэл явж байна. Дандаа тоон үзүүлэлт явж байгаа учраас асуудал багасах байх гэж бодож байна.

-Та дараагийн Оюутолгой хаана байна гэж бодож байна вэ? Хөрөнгө оруулалт татах хөшүүрэг юунд байх бол? 

-Дараагийн Оюутолгой Монгол Улс байх хэрэгтэй. Яагаад гэхээр одоогийн Орос Украины нөхцөл байдал, Хятад Америкийн зөрчилдөөнтэй байдлаас болоод ойрын хугацаанд Монгол Улсад хэдэн тэрбум ам.долларын, Оюутолгой шиг том мега төсөл хэрэгжинэ гэж харагдахгүй байна. Дараагийн "Оюутолгой" гээд аль нэг төсөлд тусгайчлан хөнгөлөлттэй нөхцөл үүсгэх хэрэггүй.

Монголыг бүхлээр нь дараагийн "Оюутолгой" мэт хөрөнгө оруулалт татсан орчин болгоё. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлж, экспортод гаргах бүтээгдэхүүнйг боловсруулалтын түвшнээс хамаарч орлогын татвараас 5 жил 50-100 хувь хөнгөлье. Ийм бодит дэмжлэг байхгүй бол Монголд гадаадын хөрөнгө оруулалт улам багасч, Монголын нийгэм дэлхийн хөгжлөөс тусгаарлагдах эрсдэл байна.

Ямар тохиолдолд Монголд хөрөнгө оруулалт татах вэ гэхээр Монгол татвар, бизнес эрхлэх орчны хувьд маш зохимжтой, бага татвартай, нээлттэй улс болох хэрэгтэй. Татвараар дарамтлахын оронд байхгүй юмыг ирээдүйд бий болгоод, Монголын түүхий эдээр баялаг үйлдвэрлээд, экспортод гаргаад, орлого оруулж ирэх үйлдвэр, уурхайг барихын тулд барилгын тоног төхөөрөмж, материалын гааль, НӨАТ-ыг тэглэх хэрэгтэй. Татварын бодит хөнгөлөлт хийвэл Монголд бизнесүүд бүх салбарт орж ирнэ.


"ХАЙГУУЛААС ЭХЛЭЭД, ҮЙЛДВЭРЛЭЛ РҮҮ ШИЛЖИХ ХҮРТЭЛХ ПРОЦЕССУУДЫГ ХЯЛБАР БОЛГОХ НЬ ДАРААГИЙН "ОЮУТОЛГОЙ"-Г ОЛОХ АЛХАМ БОЛНО"

"Оюутолгой"-н гүнийн уурхайн төслийн захирал ЖАК ВАН ТОНДЕР:

-Дараагийн "Оюутолгой"-г олох боломж нээлттэй байна гэж бодож байна уу? 

-Дараагийн "Оюутолгой"-г олно гэдэг ганцхан бидний хийх зүйл биш юм. Энэ бол эхлээд олж, нөөцийг нь тогтоож, хамтдаа хийх зүйл. "Оюутолгой" маань өв уламжлагдан үргэлжлээд явах төсөл юм. Панелистууд ч ярьж байна, энд ирээд эрэл хайгуул хийх боломж нь нээлттэй, хялбар амар болох ёстой. Түүнийг шийдсэн цагт хөрөнгө оруулагч нар ирэх боломж бүрдэнэ гэж бодож байна.

Дараагийн "Оюутолгой"-н тухайд, хайгуул хийж, хөрөнгө оруулалт хүртэл их хугацаа орно.  Түүнээс барилгын үе шат, дараа нь үйлдвэрлэл рүү шилжих хүртэл нэлээн их хугацаа шаардана. Тийм учраас эдгээр процессуудыг хялбаршуулах нь дараагийн "Оюутолгой"-г олох алхам байх ёстой.

Би сая Канадын Торонтод болсон олборлогчдын PDAC чуулга уулзалтад оролцоод ирсэн. Тус чуулга уулзалт дээр газрын ховор элементийн олборлолтын талаар нэлээн яригдсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд энэ талаар болон Ашигт малтмалын тухай хуульд оруулах өөрчлөлтүүд, хөрөнгө оруулагчдыг урьж буй талаараа нэлээн тодорхой байр сууриуд илэрхийлж байсан. "Оюутолгой" шиг ганц том ордыг олохын тулд бас биш юм. Магадгүй олон жижиг орд олоод, нийтээрээ "Оюутолгой" шиг үр өгөөж өгөх боломжийг эрэлхийлэх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж