Завханыхан О.Доржзовдыг хорьж дийлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

The League

Завханыхан О.Доржзовдыг хорьж дийлсэнгүй

Завханыхан О.Доржзовдыг хорьж дийлсэнгүй

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын плей-оффын хагас шигшээ тоглолтууд эхэллээ.


ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 84 – 83 ЗАВХАН BROTHERS

Металл боломжоо ашиглаж, Стөүний эзгүйд эхний ялалтаа байгууллаа. Завханы будагтай талбайн гол ноён нуруу Даймонд Стөүн агенттайгаа багахан асуудал үүсгэж, FIBA-аас түүний тоглох эрхийг түр хязгаарласан билээ.

Тоглолтын эхлэлийг Завхан тун сайн тавьж, эхний үед л арван онооны зөрүү бий болгов. Ийм сайн эхлэл тавихад Д.Мөнхтүвшиний оролцоо их байсан. Түүний алсын зайн шидэлт, дамжуулалт, довтолгоо гээд бүхий л зүйлс өөлөхийн аргагүй байлаа. Хоёрдугаар үед ч Завхан эрчээ алдалгүй онооны зөрүүгээ хадгалсан.

Харин гуравдугаар үеэс Металлын хамгаалалт, довтолгоо илт сэргэв. Ялангуяа тус багийн ахлагч Д.Дэлгэрням тоглолт дуусах болоогүй сануулж, багаа тоглолтод эргүүлэн авчирсан. Түүний алсын зайн шидэлт, довтолгоонууд ээлж дараалан оновчтой болж, бусдадаа халдварлаж эхлэв. Түүний араас О.Доржзовд “галзуурсан”. Лигт багагүй хугацааг өнгөрүүлж буй шилдэг шидэгчийн хувьд энэхүү тоглолтод 19 оноо авч, гурван бөмбөг таслалт гүйцэтгэжээ. О.Доржзовдын шидэлтүүд Завханы тоглолтыг нурааж, дарамт болж байлаа.

Улмаар 18 хүртэлх оноогоор хожигдож явсан Металл гуравдугаар үеийг дөрвөн оноо илүү дуусгасан. Шийдвэрлэх үед Кристофер Блэйк, Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр нар чимээгүй суусангүй. Дөрөвдүгээр үед Блэйк багийнхаа довтолгоог хариуцаж, Т.Ууганбаяр, Н.Мөнхчөдөр нар эгзэгтэй мөчид чухал довтолгоонуудаа амжилттай болгосон.

Энэ өдөр Завханы сэлгээ тун хангалтгүй тоглосон. Гарааных нь дөрвөл болох Лиш, Э.Дөлгөөн, Д.Мөнхтүвшин, Ц.Отгонжаргал нар нийлээд 80 оноо авсан бол бусад нь нийлээд гуравхан оноо авчээ. Дараагийн тоглолтод Даймонд Стөүн эргэн ирнэ гэсэн сайн мэдээ Завханд байна. Ямартай ч Металл хожих ёстой тоглолтдоо хожлоо.

Өнөөдөр/2023.03.21/ Хасын Хүлэгүүд болон Эрдэнэтийн Уурхайчид багуудын цувралын хоёр дахь тоглолт болно. Эхний тоглолтод хожигдсон Хүлэгүүд өнөөдөр цувралыг тэнцүүлж чадах болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж