Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

Биширтүгэй

Бүтээж болохын чинадын гүйцэтгэл, нандин сайхан, гоо сайханы охь нь яруу найраг юм. Яруу найргийг бүтээх нь яруу найрагчийн үйлс бөгөөд жинхэнэ яруу найрагч ховор. Жинхэнэ найрагчийн , жинхэнэ яруу найргийн нэгээхэн бүтээлийг дээжлэе.

Саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад

Амьдралын чөлөөнд, үдэш шөнө,  гэрийнхээ үүдэнд амсхийн суух, од тэнгэр ажих.  Ерийн л зураг. Үргэлж давтагддаг ч үдэш. Гэвч, саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад гэдэг үгсийн хэлхээ, байц дараалалд орохоороо энгийн, ерийн биш, чухамхүү сайхан найргийн эхлэлийн цэнгэг амьсгалыг үүсгэж байгаа юм. Мөрөөс мөрөндөө яруусан төгөлдөршөөд “явдаг”. Ингэж төгөлдөршихийг нь зүрх сэтгэл, сайхныг мэдрэх мэдрэмждээ уяхаар , гагцхүү гоо сайханч үйлдлүүд сэтгэл, оюунд бүрэлдэнэ. Шөнө болгон саруул байхгүй, гэвч олон шөнө саруул байна, тэр олон саруулын дотроос “гагц” саруулханыг нь уургалж, гадаа үүдэнд, ургаа хад онон сандайлж суугаагаараа яруу найргийн саруулхан шөнийг “олзолж”, тэгээд хад сандайлж суугаад сэтгэл хөглөгдөх нь амтат гоо сайханд урьж байгаа юм.

Сарны гэрэлд

Сарны тунгалаг үнэхээр гоё. Сартай шөнө хээр тал, буйд нутаг юутай яруу билээ. Саруулхан шөнө хад сандайлж буйд нутагт, сарны гэрэлд суух, ямар байх билээ гээд бодох өөрөө л яруу сайхан. Саруулхан шөнө сарны гэрэлд хад сандайлж гэрийнхээ үүдэнд, эхнэр хүүхдийнхээ дуугаралдахыг, тогоо шанага хангинахыг нам гүм дотор чагнаж сууна гэдэг аз жаргал. Сарны гэрэлд шүү. Саруулхан шөнө, мөн тэгээд сарны гэрэл цээлшин тунгалагших шөнө. Энэ бол яруу найргийн саруулхан шөнө, сарны гэрэл. Яруу найраг бүтэх шөнө, сарны гэрэл.

Сархад уух

Саруулхан шөнө хад сандайлж, сарны гэрлийг үзээд сархад уух. Сархад бол гайхамшигт идээ. Сархдын гайхамшиг ер бусын. Түүнд бүхий хүч чадал, албин дэв бүгд оршино. Аз жаргал болгож, гоо сайханг нэрэгч болгон хүртэхүй нь тэнгэрлиг явдал. Гэвч тийн тэнгэрлиг хүртэн, гоо сайхныг нэрэхүйн үүтгэл болгох нь машид цөөн. Сарны гэрэл хад сандайлж сархад хүртэхүй болбоос сайхан найрагчийн, гоо сайхныг цаламдагчийн л чадал болоод ариун мэтгэл билээ. Тийм мэтгэлчин л тийнхүү сархад уух тухай боддог байна, бодогддог байна.

Сайхан байх даа гэж

Сайхан байх даа хэмээх ноот тархинд хөгшиж, дотоод сэтгэлдээ сайханыг урьж байна. Шөнийн уран сартай, саруулхан гэрэлтэйд зүрх сэтгэл, оюун тольт нь сархад уухад сайхан байхдаа гэж санагдахаар, мөн тиймийг өөртөө байлгахыг урих шүлэгчийн дотоод оюун санааны тансагхан “өрөлт” болж байна. Ийм гоо нөхцөл ахуйд сархад уухад сайхан байхдаа гэж санагдах дотоод сэтгэлийн хүсэл-урилга бол гагцхүү яруу найрагчид, яруу сэтгэл, яруу сүншигийг оршоосон хүнд л үүсэх сэрэл мэдрэмж, оюун санааны хөрөнгө билээ.

Санагдсан.

Мөнхүү гоо шөнө сарны гэрэлд сархад уух сайхан байх даа гэж. Тэр нөхцлийг төсөөлжээ. Үгээр гагначихаж. Тэр гагнаасаа санагдсан гэдэг үгээр мөрчлөн гэнэхнээр, ариухнаар өөрийгөө “чөлөөлж”.  Хэрэг дээрээ, бодит дээрээ уухыг чин хүсэж байгаа. Тийм гоё нөхцөлдөл санаанд нь ургасны дараа, үнэхээр алтан жүнз мөнгөн дарсаар бялхан дуугарах чимээ бол шидэт чимээ. Тэр шидэт чимээ найрагчийн зүрх оюунд хэдийнэ ирж, үг болон зохионгуйлж урлагджээ.

Цантай чулаан дээр тэгээд хундагаа тавихад

Хэдийнэ хөнтөрч орхижээ. Гоо сайханы дараагийн үзэгдэлд шилжжээ. Нэгэнт хоосолсон хундагаа цантсан чулуун дээр тавих. Ер бусын гоо юм. Юмс үзэгдэл, байгалийн гоогоор дамжин сархад уух хүслийг өдөөсөн мөнөөх саруулхан шөнө, сар унагаж хундагаласан дарсыг уугаад, хундагаа цантай чулуун дээр тавих бол жинхэнэ найрагчийн хэв дадал, оюун санааны байц, урлан үйлдэл юм. Цантай чулуун дээр болор хундага, хачин гоё харагдана. Түүнийг жинхэнэ зураач л зурж болмоор натюрморт. Тийм үзэгдлийг шүлгийн гоо эмхлэлээр, эмхэрдээнээр урлан гүйцэтгэж байна.

Цан хийсэн

Цантай чулуун дээр тавьсан хундага цанхийнэ. Цанхийх чимээ гоо чимээ. Уусан дарсыг “даруулж” байгаа хачин гоё чимээ. Найрагчийн сандал хад байсан, ширээ нь мөн хад, тэрхүү “ширээн” дээр тавьсан хундагаас цан хийх чимээ үүснэ. Шүлгийн өрөгдөл, шүлэг дотор гарч байгаа үзэгдлүүд ийм гоё, гоё нөхцлүүдийг “өөртөө” авч, тансаглаж байна. Найрагч ингэж дэвлэж, гоо сайханжина.

Царгиа гарч

Мөнөөх хаднаа тавигдсан хундага цан хийсэн царгиа гаргажээ. Цанхийсэн царгиа. Цан хийх. Чулуун хад, шилэн хундага хоёр харшиж цангийн “үүрэг” гүйцэтгэхэд цан хийх царгиаг үүтгэжээ. Чихэнд сонсогдоно. Тэгээд цаашаа яана гээч.

Цагаан бүгээн

Хүртсэн сархад шидээ үзүүлээд эхэлж байна. Мөнөөх сарууланхан шөнө хад сандайлагчийн уусан дарс, сарны гэрэл цагаан бүгээн өнгийг нэрлүүлж байна. Сэтгэл зүрхэнд нь тийн бүгээн цагаан өнгө сүлэлдэн, лаа мэт сүүмэлзэн өнгө татуулж байна. Саруул шөнө сархад уусан, сайханыг бодсон, сайханыг урласан найрагчийн авах өнгө мөн үү, мөн шүү дээ.

Жаахан жороо морь

Энэ хар аа. Цагаан бүгээн зүсмийн жаахан морь. Тэгээд жороо явдалтай шүү. Ингээд жаахан жороо, бүгээн морь “тоос татуулаад” ороод ирлээ, мөнөөх найрагт маань. “Давхиад” ороод ирж байна. Дарсны аагтай хамт цогин орж ирж байна. Давхин цогиж биш жороолоод, бүр хонин жороо явдлаар “ороод ирж” байна.  Найргийн мөрүүд жороо явдалтай болж эхэллээ. Найрагчийн уусан дарс ингэж жороолуулж байна. Шид биш гэж үү. Нотлогдоод үргэлжилнэ.

Чамайг хүлээн гол дотор цулбуураа дүрэн зогсов доо гэж…

Энэ бол найрагчийн хүртсэн шидэт дарс илүү дэлхэн, зөн бэлгэ, найргийн бошго урьж байна. Цагаан бүгээн  жаахан жороо морь найрагчид “ирээд” , чамайг хүлээн гол дотор цулбууран дүрэн зогсоно гэдэг бол , гоо сайханы охь гол, үгийн мөрөнд цулбуураа дүрж, цулбуураа “норгон”, энэ норголтоороо тана сувд шүүрэн, цулбууртаа наалдуулсан найргаа, сэтгэлээ илүү лимбэн, төгөлдөр шанзан болгож авиа эгшиг, бал бурмыг авч хүртээ гэсэн зохионгуйт бошго, гоо сайханы амтат манан юм. Энэ манангаас мөөгөн хүрээ, шидэт үгсээ нөхөлдүүлэх нь мөнөөх л саруулхан шөнө, сарны гэрэл, цан хийсэн хундага, царгиа, сархдаас чин нот үүтгэлтэй нь машид тодорхой.

Үдшийн  жүнзэнд

Өглөөний жүнзээс үдшийн жүнз илүү яруу. Хачин жигтэй.  Мөнөөх л саруулхан шөнийн сарны гэрэлд цанхийсэн царгиа гарган хаднаа тавьсан хундаганаас шимсэн сархад, жаахан бүгээн жороо морь хүлэглүүлэн зогсосхийгээд, үдшийн жүнзийг анзааруулж байна. Үдшийн жүнзэнд ер бусын гоо сайхан хадаглагдана. Яагаад гэвэл, цанхийсэн царгиат, жаахан жороо морьтын хаднаа тавьсан учраас, чамайг хүлээх мэт гол дотор цулбуураа дүрсэн цагаан бүгээн зүстийн учир тийм ер бусын байгаа юм, гоо сайхан байгаа юм. Энгийн атлаа энгийн бус, жирийн атлаа жирийн бус, үнэн дээд гоо сайхны агуулга, бүтэц бүхий үзэгдлүүдийн нэгэн эгшин байгаагаараа тийм эгнэшгүй.

Сар тусахад

Цанхийсан, цантай, цагаан бүгээт жороо морьтын хөнтөрч орхисон охийг үнэртүүлсэн, хаднаа эрхэмсэглэсэн, гол дотор цулбуураа дүрэн хүлээн зогсох мэт уран санаа цорводуулсан, үдшийн жүнзэнд сар тусахад ямар байна гэж санана аа, гоо сайханы оргил л биз дээ, энэ чинь. Уусан дарсны униар манан толгойд эргэлдэж, учиг холын гэгээн бодлууд оюун санаанд угалзранхан, тэртээ холын сар өөр рүү нь гудайн мэхийсэн энэ цаг дорын найрагчийн мэлмийд сар туссан жүнз болбоос сайхан бүсгүйн хөхний товч мэт харагдах аа. Тэнгэрийн үзэм, диваажингийн гэгээвч шиг харагдах ажгуу л.

Өнөө чулуун дээр

Хундага тавьсан хад-чулуу, түүнд дээр тавьсан хундага. Онгод билгийн хараагаар хундага тавьсан тэр чулуу-хад угтаан эртний хаадын ширээнээс үзэсгэлэнтэй бөлгөө. Эртний хаадын гүнжийн титмээс ч яруу зохиролтой болой. Учир юунд хэмээвээс, тэр чулуу тэнгэрийн харьяат найрагчийн хундагаа тавьсан хад болохоор.  Тийм учраас өнөө чулуун дээр гэдэг үг найргийн ширээн дээр гэх мэт санагдана.

Лаа асаасан мэт болоод

Урлал ингэж ханана. Лаа асаасан мэт болох, өнөө чулуун дээр. Тэгэлгүй л яах билээ дээ, үдшийн жүнзэнд яруухан сар тусахад, өнөө чулуун дээр лаа асаасан мэт бололгүй дээ. Илбээр бүтэх мэт ч энгийн тийм гоо сайхан лаа асах мэт болно шүү дээ, өнөө чулуун дээр, өнөө чулуу шидэт чулуу болж байна бус уу.

Өвс цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж…

Зүүдэлсэн өдөр ямар байдаг тухай боддог билүү бид. Тэгвэл найрагчийнхаар, лаа асаасан мэт болох шидэт чулуун дээрх жүнзийн цаанах өвс зүүдэлсэн өдөр шиг үзэгддэг байна. Зүүдэлсэн өдөр гэдэг бол шилэн хундаганы цаанаас өвс үзэх мэт тийм нарийн шижимт, тунгалаг өгөгдөлт өдөр байдаг байна. Зүүдэлсэн өдрөөр өвс үзэх, тур тусмаа лаа асаасан мэт байх хундаган цаанаас өвс үзэхүй гэдэг бол зөвхөн найрагчийн л үзэж чадах шүүлтүүр, тэнгэрлиг мэлмиймэл бөгөөд, аугаа чинадын, холхи үзүүрийн эрдэнийн билиг билгүүн. Энэ бол яруу найрагчийн сансарт байдаг оддын тусац юм.

Бөртэ цагаан дэрсэнд

Өгүүлэн буй гайхамшигт нөхцлүүдээр дамжин, оюун санаа хээнцэрлэсэн гоо сайхан эргээд ахуйдаа мэлмийлж байна. Бөртэ цагаан дэрс. Гайхамшигтай томъёолол. Цав цагаан хувцастай, богтоготой гүнж мэт төсөөлөгдөнө. Гунхас гунхасхийх шиг биеийг найгуулна. Тэгж сэтгэлд ирнэ. Тэгж сэтгэл зүрхийг лимбэднэ. Найргийн бүтээц, найргийн уран дэрвэл. Гэрэлтэгч дэрс Бөртэ мэт байх нь будант уулаас буга харах шиг л.

Бөднө шувуу бөөрөхөд

Талын намуун, энэ гайхам шувуу бөөрөх. Амгалан амьдралын дуурьсаан, үл сонсогдох нөр тайтгарлын шүүрс алдалт, санаа алдалт. Хачин шүү. Хатсан алтан хазаар өвс сэвсхийснээ, буцан “унтах” шиг. Тийм яруухан. Тийм нандин. Тийм энхрий. Бөднийн далавч бөмбөлхийлсэнээ хумигдах мэт. Үл сонсогдох, “нөр сонсогдох”.

Бүр барайд

Гоо сайхан, чөтгөр хоёр давхцах цаг. Гоо сайхан чөтгөрийг ниргэнэ. Чөтгөр гоо сайхныг “идэх” цаг. Өдөр бүр тохиолдоно. Ертөнц өдөр бүр гоо сайхантай, өдөр бүр өөрийн гэсэн чөтгөртэй. Гоо сайхнаас чөтгөрөө булааж, гэртээ бүгэх цаг, бүрий барай болбоос.

Хучлага засах шиг

Хайр энхрийлэл мэдэрч болохын хамгийн гайхамшигтай нь хучлага засах , хучлага засуулах. Амгалантайяа унтах ахуйд, хучлаган савсраар жавар сэнгэнэх, дааралхийлэх, нойртоо дийлдэн байхад эмээ , ээж, эхнэр, үр хучлага засах шиг тийм гайхамшигтай хайр халамж орчлонд үгүй. Хөлөө хучуулах үр гэдэг үг үүнээс эхлэлтэй. Цагаан бүгээн жаахан жороо морьтон, чулуун дээрх, лаа асаасан мэт болох хундагыг орхиод унтахдаа, хучлага засахыг хүлээдэг байна. Хучлагыг нь засах сэтгэлтэн дэргэд нь оршдог байна. Том яруу найрагч, охь сэтгэлгээтэн хайрлагдах нь , хайрлуулах нь дээд хишиг.

Нэг юм шурхийн хөдлөөд

Бичин тоочоод буй бүхий л үйл явцын гэгээн зохионгуйг сарниулах гэсэн, яруу найргийн амин сүлдийг олж харах гэсэн, бас бусниулах гэсэн нэг юм, хучлагаа засуулаад унтах гэж байхад “нэг юм” бас шурхийн хөдлөх. Энэ бол бие сэтгэл, оюун санаанд хүртэж уусан сархдаас үүтгэлтэй дам олон “сахилгагүйтэл” үүсч байгаагийн илэрхийлэл. Хучлага засуулан гайхамшигийг мэдэрсэн атлаа “сахилгагүйтэх” нь, орчлонгийн явдал аа. Сайхан бүсгүй бодох, цэцгийн дор хамт байх, жаргалыг мөрөөдөх, жаргаж чадаж байгаа эсэхээ эргэцүүлэх нь “нэг юм шурхийн хөдлөх” юм.

Бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ.

Нэг юм шурхийн хөдөлсөн нь, бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвэхийг “оносон” байна. Нитдээ гоо сайханд дурлаж, санан мөрөөдөж байгааг ингэж “эрээгүйгээр” бичиглэж байна аа гэж нотлоё. Чингээд цулаар нь хүртэмжилбээс, саруулхан шөнө гадаа үүдэнд хад сандайлж суухад, сарны гэрэлд сархад уухад сайхан байхдаа гэж санагдсан, цантай чулуун дээр тэгээд хундагаа тавихад, цан хийсэн царгиа гарч цагаан бүгээн жаахан жороо морь чамайг хүлээн гол дотор цулбуураа дүрэн зогсов доо гэж.., гэж тэнгэрлигжжээ..  Үдшийн жүнзэнд сар тусахад өнөө чулуун дээр лаа асаасан мэт болоод , өвч цаана нь зүүдэлсэн өдөр шиг гэрэлтэн үзэгдэнэ дээ гэж.., гэж дуурсчээ. Бөртэ цагаан дэрсэнд бөднө шувуу бөөрөхөд, бүрий барайд хучлага засах шиг нэг юм шурхийн хөдлөөд, бүсгүй хүний үнэр нээлттэй салхивчаар цэцэг шиг сэвнэ, гэж охьшжээ. Энэ бол гарамгай сод найрагч Данзангийн Нямсүрэнгийн бүтээл. Данзангийн Нямсүрэн дээдийн дээд найрагч, сонгодог монгол шүлгийн хаан билээ л.  Биширтүгэй.

       БААСТЫН ЗОЛБАЯР

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж