БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа

БАЙР СУУРЬ: Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа

Ашигт малтмалын тухай хууль салбарын хөгжлийг тодорхойлох бодлогын маш чухал баримт бичиг. 1997 онд анх баталсан тус хуулийг 2006 онд шинэчлэн найруулснаар өнөөдрийг хүртэл үйлчилж буй. Энэ хуульд өнгөрсөн хугацаанд 300 гаруй удаа өөрчлөлт оруулсан бөгөөд зарим үед ашиг сонирхолтой, тодорхой бүлэглэлийн захиалга ч орсон гэлцдэг.

Төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдэг уул уурхай бол эдийн засгийн тулгуур салбар. Иймд цаг үетэйгээ уялдуулж эрх зүйн орчноо сайжруулж, одоо байгаа маш олон гацааг арилгаж, салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах зайлшгүй шаардлага тулгарсныг хуулийн төсөл санаачлагчид онцолж буй юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ажлын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 18 бүлэг, 77 зүйлтэйгээр боловсруулжээ.

Шинэчилсэн найруулгын төсөлд оруулж буй өөрчлөлтүүдээс онцлон дурдвал “Чухал ашигт малтмал” хэмээх шинэ нэр томъёо бий бөгөөд түүний жагсаалтыг Засгийн газар баталж, эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг АМГТГ жил бүр төлөвлөх аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр болон сонгон шалгаруулалтаар 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд тухайн хугацаагаар 3 удаа сунгах зэрэг олон өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Хэдхэн хоногийн өмнө энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлэг болж, багагүй шүүмжлэл дагуулаад буй. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар эдийн засагч, хуульчийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.


“ХЭТ ӨНДӨР РОЯЛТИ БУЮУ АМНАТ ДАВХАРДУУЛАХ, НЭМЭГДҮҮЛЭХ ЗҮЙЛ ОРСОН БАЙНА”

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Орон нутгийн харилцаа, зөвшөөрөл зэрэг асуудал дээр дэвшил гарсан байна гэж харсан. Гэхдээ хайгуул, олборлолт, баяжуулалтын явцыг төлбөрийг их нэмжээ. Төрийн мэдлийн судалгааны институт байгуулах замаар хүнд суртал, элдэв хясан боох, бизнесийн ажиллагааг хүндрүүлэх удаашруулах эрсдэл өндөр байна. Аж үйлдвэржилтийг дэмжих санаа алга. Эсрэгээр хэт өндөр роялти буюу АМНАТ давхардуулах, нэмэгдүүлэх зүйл орсон байна билээ. Тэртээ тэргүй уналтад орсон, хөрөнгө оруулалтаар цангаж буй салбарт нэмэлт дарамт учруулах төсөл болжээ гэж дүгнэхээр байна. Тэгээд ч сонгуулийн уур амьсгал орсон үед энэ хуулийг хэлэлцэх нь популизмын ээлжит мөчлөгтэй давхцана. Ингэж хатуурхсан төсөл УИХ дээр улам хатуу болж батлагдах биз ээ.

“ОДООГИЙН БАЙГАА ХУУЛИА ДОРДУУЛСАН”

Хуульч О.БАТХҮҮ:

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УУХҮЯ-наас боловсруулж, салбар төлөөлөл, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудаас санал авах ажлыг эхлүүлээд байна. Хуулийн төсөл бүрэн эхээрээ УУХҮЯ-ны вэб хуудаст байршсан байх тул хүссэн иргэн орж танилцах, саналаа өгөх боломж нээлттэй байна. Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын төсөл байдлаар боловсруулсан бөгөөд энэ нь хуулийн 50-иас дээш хувийг өөрчилсөн, эсхүл зарчмын чанартай томоохон өөрчлөлтүүд орсон гэсэн үг. Хуулийн төсөлтэй танилцахад хүлээлтэд хүрээгүйг хэлэх нь зөв болов уу. Томоохон өөрчлөлт гэхээс илүү өмнөх асуудлаа шийдвэрлэх зорилгоор өөрчилсөн ч одоогийн байгаа хуулиа дордуулсан гэж болохоор байна.

Нэгд, орон нутагтай заавал гэрээ байгуулахыг хуульчилж өгсөн байна. Энэ зохицуулалт хэр оновчтой эсэхийг бодох хэрэгтэй. Манай улс нэгдмэл улс. Өөрөөр хэлбэл, нэг Засгийн газартай. Татвар хураамжаа төлөхдөө орон нутагт төлж болох хэдий ч орон нутагтай заавал гэрээ хийхээр оруулсан нь Засаг дарга нарт хэт их эрх мэдэл өгсөн гэж харагдаж байна. Өмнөговь гэх мэт уул уурхайн баялаг ихтэй аймгууд орлоготой байхад Хөвсгөл аймаг орлого олохооргүй байна. Гэтэл адилхан л аймгууд байхад ялгамжтай зохицуулалт оруулсан нь буруу гэж бодож байна

Хоёрдугаарт, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр эхний жилд га тутам 145 төгрөг байсныг 6500 төгрөг болгон, 44 дахин нэмэгдүүлсэн байсан. Хайгуул өөрөө эрсдэл, маш их хэмжээний зардал гаргадаг. Хүн хүч, тоног төхөөрөмж, цаг хугацаа зардаг. Хайгуул хийгээд юу ч олохгүй байж болно. Гэтэл төлбөрийг нь 44 дахин нэмсэн байна. Монголын компаниуд ийм эрсдэл хүлээж чадахгүй. Хайгуул хийхгүй, нэмж орд газар нээж илрүүлэхгүй бол одоо байгаа хэдэн ордоо ухаж дуусаад, манай улсын эдийн засаг хумигдах эрсдэлтэй. Мөн зөвхөн гадаадын компаниуд хайгуул хийдэг практик руу хөтөлж байна.

Гуравдугаарт, баяжуулалтын тусгай зөвшөөрөл гэж шинэ тусгай зөвшөөрөл оруулж ирсэн байна. Бас нэг шат дамжлага, хүнд суртал. Улсын комисс ажиллана гэнэ. Улсын коммисс яаж ажилладаг, хүнд суртал бий болгож, авлигыг гаруулдагийг барилгын салбараас харж болно. Бас өчнөөн өндөр дүнтэй санхүүгийн баталгаа гаргах юм билээ. Энд тэндээс зээл авч, хамаг юмаа барьцаалан барин ганц үйлдвэр барьсан хүмүүс яаж нэмэлт санхүүгийн баталгаа олох бэ? Зүгээр л Монголд баяжуулах үйлдвэр бариулахгүй гэсэн санаа гэж харж байна.

Дөрөвдүгээрт, “чухал ашигт малтмал” гэж шинэ тодорхойлолт, ангилал гаргаж ирсэн байсан. “Чухал ашигт малтмал” гэж байгаа бол бусад ашигт малтмал нь чухал биш болох логик харагдаад байгаа юм. Нүүрс чухал, алт чухал, зэс чухал, төмөр чухал. Бүгд л чухал шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж