Энэ удаагийн Засгийн газрын Хөдөрмөр, нийгмийн хамгааллын салбарын сайд нь суудалдаа тогтохоо болиод удлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гурван ч сайдын нүүр үзэж байгаа тус салбарын шинэ сайд энэ долоо хоногт хуралдах Засгийн газрын хуралдаанаар тодрох бололтой. 2020 оны долдугаар сарын 8-нд тус салбарын сайдаар А.Ариунзаяа томилогдож тамга тэмдэгээ гардан авч байсан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч УИХ-ын гишүүд давхар дээлтэй байж болох зохицуулалт үйлчилснээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж түүнийг сайдын албанаас 2022 оны наймдугаар сард чөлөөлсөн. Тэрбээр одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй. А.Ариунзаяаг Хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдын суудлаас буусны дараа УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаар томилсон. Харамсалтай нь, Д.Сарангэрэл “Улны айл” гэх үгнээсээ болж, томилогдсноосоо хойш сар ч хүрэхгүй хугацааны дараа сайдын сэнтийнээсээ буусан байдаг. Тэрбээр “Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “Улны айл” хэмээх үг хэрэглэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, цаашлаад Д.Сарангэрэл сайдыг суудлаа буух өргөдлөө өөрийн гараар бичихэд хүргэсэн. Түүнийг Үндсэн хууль зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал Ерөнхий сайд гаргасан. Тэрээр ийнхүү монголын улс төрийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан сайд хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм.
Түүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын дэд дарга, гишүүн Т.Аюурсайхан томилогдсон ч бас л нүүрсний асуудалд холбогдож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв
“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Засгийн газрын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд түүнийг чөлөөлөх захирамж гаргасан. Харин одоо МАН дотор дараагийн сайдын марафон эхэлж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг зэрэг гишүүдийн нэрс яригдаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн мэдээлснээр дараагийн сайдын маргааш буюу Лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар томилно гэх мэдээллийг өгсөн бөгөөд түүний өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдах ёстой. Удирдах зөвлөлийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрийг дэвшүүлж, түүний дараа томилно.
Тэгвэл сайд нь тогтдоггүй салбарын дараагийн сайд хэн болох нь асуултын тэмдэг хэвээр байна. Дөрөв дэх сайд нь хоолондоо орох гэж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан сайдаа тогтоох сайн ном уншуулах цаг болсон ч байж мэднэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байгаа Засгийн газрын бүрэн эрх дуусч, дараагийн УИХ-ын сонгууль явагдах хүртэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын шинээр томилогдох сайд нь солигдчихгүй л байгаасай.
Холбоотой мэдээ